Монгол багш нар дэлхийн дунджаас 8 дахин бага цалин авдаг

Хуучирсан мэдээ: 2024.10.04-нд нийтлэгдсэн

Монгол багш нар дэлхийн дунджаас 8 дахин бага цалин авдаг

Монгол багш нар дэлхийн дунджаас 8 дахин бага цалин авдаг
Монгол Улс жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийг багш нарын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон зарлаж, тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 2014 оноос эл өдрийг Монгол Улс багш нарын баяртай хамтатган тэмдэглэдэг болжээ. Энэ жил Дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын 58 дахь баяр тохионо. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2023-2024 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 54.2 мянган багш ажиллаж байна. Тодруулбал сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид 28 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байгаа аж.

БШУЯ: БАГШИЙН ХОМСДОЛЫГ НӨХНӨ 

Энэ жилийн хувьд орон даяар багшлах хүчний хомсдол үүссэн талаар мэдээлэл нийгмийг талцуулаад амжсан. Учир нь хүний нөөцийн хомсдолыг нөхөхөд чиглэсэн арга хэмжээ нь нийгэмд шүүмжлэл дагуулсан.  Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараа "Багшийн хомсдолыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг богино хугацааны сургалтад хамруулан олгох тухай судалж байна" гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, есдүгээр сарын 12-нд эцэслэн баталсан. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт  ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой болж буй.

Өөрөөр хэлбэл, багшлах хүсэлтэй хүмүүсийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэр гаргасан. Тус журмыг хэрэгжүүлэх процесс Боловсролын ерөнхий газар дээр явж байгаа юм.

Тодруулбал:

  • Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн,
  • Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд багшлах эрх олгох сургалтад хамрагдах боломжтой.

Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна гэж заасан байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авах юм.

МОНГОЛ БАГШ НАРЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.4 САЯ БАЙНА 

2023 оны 241-р тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн багшийн хамгийн бага цалин 1 сая 273 мянган төгрөг, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 337 мянган төгрөг болсон. Үндсэн цалингаас дараах нэмэгдлүүд бодогддог.

Мэргэжлийн зэргийн нэмэгдэл:

  • Зөвлөх – 20 хувь
  • Тэргүүлэх – 15 хувь,
  • Заах аргач – 10 хувь нийт багшийн 58-62 хувь нь авч байна.
  • Докторын зэрэг- 20 хувь нийт багшийн 0,8 хувь нь авч байна.

Орон нутгийн багш нар :

  • Аймгийн төв-20 хувь,
  • Сумын төв – 40 хувь нийт багшийн 58 хувь нь авч байна.

Ур чадварын 5-25 хувийн нэмэгдлийг нийт багшийн 21 хувь, төрийн алба хаасан, ажилласан жил тутамд олгогддог 1 хувийн нэмэгдлийг нийт багш нарын 88 хувь нь авч байна.

Бусад нэмэгдэл:

  • Анги даасан- 10 хувь,
  • Заах аргын нэгдэл удирдсан- 5 хувь
  • Кабинет лаборатори хариуцсан- 5 хувь
  • Илүү цаг- 7 хоногт 19 цагаас илүү заасан цагийг "илүү цаг-т тооцдог. Илүү цаг үндсэн цалингийн 1,5 хувиар бодогддог. Тусгай сургууль нэмэгдэлтэй.

Түүнчлэн 2022 оноос хойш нэмэлтээр орж ирсэн гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг дараах зургаан индекс буюу зэргийг харгалзан олгож байна.

  • I индекс /25 хувь/ – 947 багш
  • II индекс /20 хувь/ – 2982 багш
  • III индекс /15 хувь/ – 3351 багш
  • IV индекс /10 хувь/ – 5016 багш авсан.
  • V.VI индекст – 17028 багш шалгагдсан.

Энэхүү нэмэгдлийг 2023-2024 оны хичээлийн жилээс дээд тал нь 50 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

Үүнээс гадна нэг багшид сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардал болох хичээл практикийн зардалд 300-400 мянган төгрөг, мэдээлэл технологийн зардалд, 150-250 мянган төгрөг, багшийн хөгжлийн зардалд 185- 280 мянган төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардалд 100 мянган төгрөг олгодог байна.

Харин 2024 оны байдлаар багшийн үндсэн цалин 1.8 сая төгрөгөөс эхэлж байна. Үүн дээр дээрх нэмэгдэлүүдийг авснаар 3.8 сая төграгийн цалин авч байгаа 1000 гаруй багш байна гэсэн судалгаа гарчээ.

Улсын дунджаар авч үзвэл 2024 оны байдлаар ЕБС-ийн багш дунджаар 2.4 сая төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Цаашид багшийн цалинг үе шаттай нэмэх ажлыг салбар яамнаас багш нарын үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа аж.

ЛЮКСЕМБУРГ УЛСАД БАГШ НАРЫН ЦАЛИН ХАМГИЙН ӨНДӨР

Багш нарын цалин бол тэдний улс оронд оруулж буй хувь нэмрийг үнэлж, чанартай сургалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл. Багш нарыг үнэлж, өрсөлдөхүйц цалингаар урамшуулах нь нийгмийн хөгжил дэвшлийн тулгын чулуу. Эл үзэл баримтлалыг чухалчлан үздэг топ 10 улсыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас жагсаан гаргажээ. Багш нар нь хамгийн өндөр цалинтай топ 10 улсыг гаргахдаа бага, дунд боловсролын багш нарын цалингийн дунджид үндэслэсэн байна.

  1. Люксембург. Бага, дунд боловсролын багш нар нь хамгийн өндөр цалин авдаг улс бол Люксембург. Тодруулбал, тус улсын багш нарын жилийн дундаж цалин 64.5 мянган ам.доллар. Ирээдүй хойч үеэ төлөвшүүлэхэд сурган хүмүүжүүлэгчдийн гүйцэтгэх үүрэг хэчнээн чухал болохыг Люксембург хүлээн зөвшөөрч, хоёргүй сэтгэлээр үнэлдэгийг энэ тоо харуулна. Дээрх тоо нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан үзүүлэлт юм. Харин өөр эх сурвалжийн мэдээлснээр тус улсад бакалаврын зэрэгтэй багш ажлынхаа эхний жилд 70.3 мянган ам. долларын цалин авдаг гэжээ. Тус улсын багш нар хамгийн өндөр цалинтай байгаад зогсохгүй ирэх 10-15 жилийн хугацаанд цалин нь дахин 20-31 мянган ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байна. Цаашилбал, 30 жилийн дараа гэхэд 124 мянган ам.доллар болж шинэ дээд амжилт тогтооно гэжээ.
  2. Герман. Тус улсад багш нарын дундаж цалин 62.6 мянган ам.доллар байна. Тасралтгүй, тууштай хөгжиж буй улс орон боловсролын системдээ гар таталгүй хөрөнгө оруулалт хийдгийг эндээс харж болно.
  3. Швейцарь. Багш нар нь 54.9 мянган ам.долларын дундаж цалин авснаар Швейцарь шилдэг гурвын тоонд багтаж чаджээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тайлагнаснаас өөр эх сурвалжид дурдсанаар тус улсын ахлах сургуулийн багш жилд 73.6 мянган ам.доллараар цалинждаг. Үүнд урамшуулал, илүү цагийн нэмэгдэл зэрэг нь багтжээ. Мөн ажилласан жилээс хамаарч нэмэгдэл дүн авдаг тогтолцоотой.
  4. Өмнөд Солонгос. Боловсролын өндөр стандарттайгаараа алдартай Өмнөд Солонгост багшийн дундаж цалин 53.5 мянган ам.доллар байна.
  5. Канад. Өндөр чанартай боловсролын тогтолцоог эрхэмлэдэг Канад улсад багш нар нь 51.2 мянган ам.доллараар цалинждаг.
  6. Нидерланд. Нидерланд зургадугаар байр эзэлснээр Европын орнууд багш нарын цалин хөлсийг зохих ёсоор олгохын чухлыг хүлээн зөвшөөрдөг чиг хандлагыг баталж байна. Тус улсад багш нар дунджаар 47.8 мянган ам.долларын цалин авч байна.
  7. Австрали. Тус улсын багш нарын дундаж цалин 45.3 мянган ам.доллар.
  8. АНУ. Хэдийгээр муж улсууд нь өөр өөр байдаг ч АНУ багш нарын цалингаар дэлхийд наймдугаарт ордог. Боловсролын тогтолцоо нь өргөн цар хүрээтэй, олон талт байдалтай тус улсад багш нар нь дунджаар 44.5 мянган ам.долларын цалин авдаг.
  9. Ирланд. Багш нар нь 43.6 мянган ам.долларын дундаж цалинтай Ирланд улс боловсролын хүчирхэг, үр дүнтэй тогтолцоотой гэдгээрээ алдартай.
  10. Австри. Тус улсын багш нар 40.4 мянган ам.долларын дундаж цалинтай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж