"Би дуулж байна
Аялан дуулж байна" хэмээн бяцхан хүүхдүүд хоолойн дасгал хийж, дуу хөгжмийн хичээлээ эхэллээ. Үргэлжлүүлэн багш нь даралтат хөгжим дээр хоёр өөр ая тоглоход бүгд чимээгүй, анхааралтай гэгч нь сонсох аж. Тэднээс ямар ая тоглосныг асуухад "Нэг нь хурдан, нөгөөх нь удаан ая байна" гэж ам уралдан хариулцгаана. Хөгжим дуугарч, ая тоглох төдийд л хүүхдүүд дор бүрнээ бүжиглэн, найгах нь өхөөрдөм.
Эдгээр багачууд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 227 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхэн. Тэд дуу хөгжмийн хичээлдээ хамгийн дуртай.
Э.Буянмөнх 20 дахь жилдээ дуу хөгжмийн багшаар ажиллаж буй. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийн эстрадын дуулаачийн ангийг төгссөн бөгөөд оюутан байхаасаа цэцэрлэгт багшилжээ. Тэрбээр цэцэрлэгийн салбарт ажилладаг цөөн эрэгтэй багш нарын төлөөлөл. Анх мэргэжлээсээ ичдэг байсан бол одоо бахархдаг болсон гэж ярих түүнийг онцлон сурвалжилж байна.
"ХҮҮХДҮҮДЭД ДУУ ЗААХААС ГАДНА ЖҮЖИГЛЭХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ"
Тэрбээр "Анх цэцэрлэгийн багш болно гэж бодож байгаагүй. Яваандаа энэ мэргэжилдээ дурлаж, сайхныг нь мэдэрч эхэлсэн. Хүүхэд өөр өөрийгөө нээж, өөртөө улам итгэлтэй болохыг харах сайхан. Тэр болгоноос эрч хүч авч, багш мэргэжлээрээ бахархдаг" гэдгийг хэлсэн юм.
Багш хүн өөр өөрийн арга барилтай. Түүний хувьд хүүхдүүдэд тоглонгоо дуу, бүжгээ заадаг. Тийм учраас бяцхан шавь нар нь дуу хөгжмийн хичээлдээ дуртай, сонирхолтой байдаг аж.
Багш нь "Чоно, туулай тоглоом тоглоё" гэхэд хүүхдүүд "Тэгье" гэж гараа өргөн, орилцгооно. Хөгжим дээр түгшүүртэй ая тоглоход хүүхдүүд сандалныхаа араар нуугдана. Зарим нь сандал доогуур толгойгоо шургуулж, ихэд айна. Харин хөгжилтэй ая тоглоход үсэрч босоод бүжиглэж, инээлдэнэ.
Э.Буянмөнх "Дуу хөгжмийн багш хүүхдүүдэд дуу заахаас гадна жүжиглэх чадвартай байх нь чухал. Тухайн дууныхаа дүрд орсноор хүүхдүүдийн анхаарлыг илүү татдаг. Ер нь цэцэрлэгийн багш хүнээс маш их ур чадвар шаарддаг. Уг нь дуу хөгжмийн хичээл хамгийн чухал хичээлийн нэг. Хүүхэд дуу дуулаад зогсохгүй хэл яриа, хөдөлгөөн, тоо тоолох, шүлгээ цээжлэх гээд бүх хичээлийн нэгдмэл гэдгээрээ онцлог" гэж мэргэжлээ тодотгов.
"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ БИЕ ДААХ ЧАДВАРТ СУРАЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ"
Түүний хувьд ахмад уран бүтээлчдийн зохиосон хүүхдийн алдартай дуунуудаас заахаас гадна өөрийн зохиосон дуугаа заадаг аж. Тэрбээр "Сошиал орчин хөгжсөн энэ үед орчин үеийн хүүхдүүдийн сонсч байгаа хөгжмийн ритм нь их өөрчлөгдсөн. Хөгжмийн багш тэр ритмд тохирсон дууг заах нь чухал. Гадаад дууны хэмнэл нь хүүхдүүдийн сонирхлыг их татаж байна. Жишээлбэл, солонгос хамтлагуудын дуу, "Baby shark" дуу гэх мэт.
Монголд хүүхдэд зориулсан дуу бүтээж байгаа ч найруулга нь хүүхдийн сонирхлыг татаж чадахгүй байна уу гэж боддог" гэв.
Анх багш болж байхдаа тохиолдсон хөгжилтэй явдлаас ярихдаа "Манай нэг найз анх багш болоод цэцэрлэгийн дунд ангийн хүүхдүүдэд дуу заасан тухайгаа ярьдаг юм. Олон жилийн өмнө “Маамуу нааш ир” дууг заах гээд үгийг нь дагаад хэлээрэй гэсэн чинь хүүхдүүд нь дууг нь шууд дуулаад эхэлсэн гэдэг. Тэгэхээр багш нар хүүхдүүдээс илүүг л харж, суралцаж, маш нарийн мэдрэмжтэй байх ёстой гэсэн юм.
Хүүхдүүд өмнө нь найман настайдаа сургуульд ордог байсан бол одоо зургаан настайгаасаа суралцдаг болсон. 20 жил бага насны хүүхдүүдтэй ажилласан туршлагатай багшийн хувьд "Жилээс жилд монгол хүүхдийн чадамж буурч байна уу даа гэж ажиглагддаг. Монгол хүүхдүүд үгээ тод зөв хэлж, ярьж чадахгүй, бие даах чадвар муу болж байна. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ идэж ууж байгаа хүнсэнд анхаарч, хүүхдүүдтэйгээ харилцах хэрэгтэй гэдгийг хэлж, зөвлөж байлаа.
"МИНИЙ МЭДЭХИЙН 3 БАГШ БНСУ-Д АЖИЛЛАХААР ЯВСАН"
Сүүлийн жилүүдэд цэцэрлэг, сургуульд ажиллах хөгжмийн багш дутмаг болсон. Энэ нь цалин хөлс, үнэлэмжтэй холбоотой гэдгийг багш нар хэлж, ярьдаг. Энэ талаар Э.Буянмөнх ярихдаа "Нөгөө талаас залуу багш нар энэ мэргэжлийн сайхан руу өнгийж харахгүй л байна уу гэж бодож байна. Нийслэлийн хэмжээнд дуу хөгжмийн эрэгтэй багш нэг үеэ бодвол нэмэгдсэн. Өмнө нь дандаа эмэгтэй багш нар ажилладаг байсан бол нэг үеэ бодоход эрэгтэй багш нар олноор ажилладаг болсон. Гэсэн ч энэ төрлийн багшийн орон тоо дутмаг байсаар байна. Төр засгаас энэ мэргэжлийг сурталчилж таниулах тал дээр анхаарах хэрэгтэй" гэдэг үгийг дайсан юм.
Тэрбээр "Миний мэдэхийн гурван багш БНСУ-д ажиллахаар явсан. Тэдний хувьд эрэгтэй хүн гэр бүлээ авч явах ёстой учраас нийгмийн баталгаа, цалинтай холбоотойгоор гадаад орныг зорьсон.
Тэдэнд мэргэжлээрээ ажиллах мөрөөдөл байдаг ч цалин хөлс, ажил нь нийгмийн баталгаа болж чадахгүй байгаа нь харамсалтай.
Авьяастай мундаг багш нар хувийн студи байгуулж, гадаадад ажиллахыг илүүд үздэг болсон байна. Тэр хүмүүсийн авьяасыг үнэлэхгүй байгаа учраас мэргэжлээрээ ажиллахгүй байна. Залуу багш нар гар дээрээ нэг сая төгрөг хүрэхгүй цалин авч байгаа бол олон жил ажиллаж байгаа багш нар нь сая төгрөг гаргаад авдаг" гэв.
Түүний хувьд их сургуулиа дөнгөж төгсчихөөд цэцэрлэгийн багшаар ажилладаг гэдгээ хэлж чадахгүй ичдэг байсан бол одоо энэ мэргэжлээрээ бахархдаг болсон гэдгийг онцолж байлаа. "Монголын бүх багш нар мундаг, мэргэжилдээ хайртай хүмүүс. Цалин хөлс бага гээд өөр ажил хийх боломж байгаа ч мэргэжилдээ хайртай учраас 20, 30 жил тасралтгүй боловсролын салбартаа ажиллаж байна. Цаашдаа цэцэрлэгийн багшаар олон залуу багш нар ажиллаасай гэж хүсч байна" гэдгийг Э.Буянмөнх хэлж байлаа.
ТҮҮНИЙ ЗОРИЛГО ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮҮХДИЙГ БЭЛДЭХ
Тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Том хүү маань аавынхаа мэргэжлийг өвөлж, сургуульд дууны багшаар ажилладаг гэнэ. Э.Буянмөнхийн хувьд ажлынхаа хажуугаар уран бүтээлээ орхигдуулахгүйгээр дууны үг, аяаа зохионо. Өөрийн бие даасан тоглолтоо гурван удаа хийсэн бөгөөд нэг ангийн уран бүтээлчидтэйгээ хамтран ажилладаг байна.
Тэрбээр "Багш мэргэжлийг магтан дуулсан, урам зориг өгсөн уран бүтээл маш ховор байдаг. Тийм учраас багш нартаа урам өгсөн цэцэрлэгийн багш нарын сүлд дуу, дуу хөгжмийн багшийн сүлд дууг зохиосон. Сүүлд, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын "Багш" найраглалыг олон сайхан дуучдаар дуулуулж, клипжүүлэхээр ажиллаж байна. Энэ найраглалыг дүрсжүүлэх зөвшөөрлийг надад 2018 онд өгсөн" гэлээ.
Түүний зорилго жинхэнэ монгол хүүхдийг бэлдэж, сургах.
Энэ тухай ярихдаа "Монгол хүн юугаараа бахархах ёстой вэ. Жишээлбэл, үндэсний дээл хувцсаа өмсч, үндэсний бичиг соёлоо мэддэг, наадгайгаараа тоглодог байх ёстой. Миний “Бид монгол хүүхэд” цомгоо хийж байна. Ирэх жилээс “Чингис хаан эргэж ирсэн нь” нэртэй хүүхдийн дуулалт жүжгийг тавих зорилготой ажиллаж байгаагаа хуваалцсан юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Цээгий 2024-10-04 66.181.190.145
Яагаад ичнэ гэж?
Нэргүй 2024-10-04 172.91.182.247
Ирэх жилээс “Чингис хаан эргэж ирсэн нь” нэртэй хүүхдийн дуулалт жүжгийг тавих зорилготой ажиллаж байгаагаа хуваалцсан юм.Ямар хэрэгтэйн?
Дамба. 2024-10-04 202.126.89.202
Хүүхдэд хайртай бтээлч ийм багш нар олон болоосой
Зочин 2024-10-04 66.181.187.197
эрэгтэй цэцэрлэгийн багш, эрэгтэй бага ангийн багш нар маш сайн мундаг багш нар байдаг шүү. даан ч тэд нар нь цөөхөн ховор байдаг