Арматурыг дотооддоо үйлдвэрлэх төрийн өмчит компани байгуулна

LiveАрматурыг дотооддоо үйлдвэрлэх төрийн өмчит компани байгуулна

Арматурыг дотооддоо үйлдвэрлэх төрийн өмчит компани байгуулна

 

16 : 00
2024-10-3

Арматурыг дотооддоо үйлдвэрлэх төрийн өмчит компани байгуулна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Кокс хими, гангийн үйлдвэртэй холбоотой хоёр төсөлд 2025 оны төсөвт хагас их наядын хөрөнгө оруулалтын дүн тавигдсан байна. Монголд үйлдвэрлээд дотоодын хэрэглээг хангана гэсэн төсөл байна. Кокс химийн үйлдвэр бүтээгдэхүүнийхээ 1.5 саяыг экспортолно гэжээ. Арматур Монголд үйлдвэрлэнэ гэж. Өрсөлдөх чадвар ямар байгаа вэ гэдгээ судалсан уу.

Хоёрт, Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард 16 салбар дээр гадаадаас ажиллах хүчин авах тохиолдолд хураамжийг 50 хувь хөнгөлнө гэсэн тогтоол баталсан ч legalinfo.mn-ээс хайгаад олохгүй байна. Энэ тогтоолыг хаанаас үзэх вэ?

 “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-“Эрдэнэс Монгол”-ын нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд зургаан стратегийн ордоо түшиглээд боловсруулах үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл технологийн паркийн загвараар хөгжүүлэх стратеги гаргаад хэрэгжилтийн ажил эхэлж байна.

Бид бэлтгэл ажилдаа ороод явж байна. Энэ дотор орсон 4 төсөл 14 мега төслийн жагсаалтад орсон. Нүүрсний хоёр паркын нэг нь Багануурт, нөгөө нь Тавантолгой дээр баригдах юм.  Мөн гангийн үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор барина. Үйлдвэрлэлийн хүчин чадлын эхний тооцооллыг 2030 он хүртэл Монгол Улсын импорт болон бүтээгдэхүүн хэрэглээн дээр тулгуурлаж гаргасан. Энэ дээрээ тулгуурлаад боловсруулах үйлдвэрийн гинжин хэлхээ үүсгэх ерөнхий төлөвлөгөө хийж дууссан. Одоо холбогдох яамдаас санал авах шатанд явж байна. Үүний дараа өрсөлдөх чадварын үнэлгээг бүх төсөл дээр хийнэ. Нийтдээ 62 дагалдах үйлдвэрийн төсөл гарсан байгаа. Энэ болгон дээр өрсөлдөх чадварын үнэлгээ хийгдэнэ.

Эдгээр боловсруулах үйлдвэрийн хувьд хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй.  Ган бэлдэж, ширэм үйлдвэрлээд бүтээн байгуулалтад хэрэгтэй бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Жишээлбэл,  хувийн хэвшил авч явахад хүндрэлтэй, ашиг багатай хэдхэн үйлдвэрлэлийг төр авч явна. Түүний нэг нь арматурын үйлдвэрлэл юм. Орон сууцны бүтээн байгуулалттай холбоотойгоор арматурын хэрэгцээ өндөр болно.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Засгийн газар энэ тогтоолыг  2024 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдөр баталсан. Эдийн засгийн 21 салбараас 16 салбар дээр ажиллах хүчний квотыг хязгаарлалтгүй олгосон. Гадаадын ажиллах хүчний төлбөрийг 50 хувь хөнгөлсөн.  

Намрын чуулганы хугацаанд бид Ажиллах хүчний шилжилт хөдөлөгөний хуульд байгаа хязгаарлалтыг цуцлах хуулийн төсөл өргөн барина. УИХ -ын гишүд маань яаралтай баталж өгөөрэй. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хязгаарлалт хийсэн зохицуулалтыг цуцалж байж энэ жил олгогдсон эдийн засгийн 16 салбарыг ажиллах хүчний орж ирэх хэмжээ квотгүй болох, цаашдаа 16 салбар дээрээ төлбөрийг цуцлах эрх зүйн үндэс бий болох юм билээ.

Эцэст нь УИХ-ын гишүүд Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан саналаа хэлсний дараа шаардлага хангасан гэж үзэн, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

14 : 43
2024-10-3

Н.Тавинбэх: Үүргээ биелүүлдэггүй, бусдад боломж олгодоггүйгээс чадлын дутагдалд орсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Төрийн өмчит таван компанийг листэд болгож, түүгээр дамжуулж 1,5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэжээ.  Олон улсын аргачлалаар хийх юм уу. Шинээр хувьцаа гаргах юм уу, эсвэл одоо байгаа хувьцаагаа гаргаж, мөнгөө зарцуулах юм уу?

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэл:

-УИХ -ын үндсэн чиглэл гараад Засгийн газраас жагсаалт гаргаад 26аж ахуй нэгж дээр IPO  гаргах ажил хийгээд явж байна. Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг бирж дээр гаргасан,  Төрийн банк олон нийтийн болоод явж байгаа. Цаана нь 20 АЗЗА, мэдээлэл технологийн хэдэн компани байгаа. Зарим нэг компанийг эргэж харах шаардлага бий. Мэдээлэл холбооны сүлжээ компани стратегийн ангилалд багтах учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компанид саналаа илэрхийлээд байгаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

-Тавантолгойн цахилгаан станцын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2025 онд 20 хувьд хүргэнэ гэжээ. Ямар ажлууд хийх вэ. Станц хэзээ цахилгаанаа өгч эхлэх вэ. Сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилт 70 хувьтай байгаагаас 2025 онд 80 хувьд хүргэнэ гэжээ. Гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ гэж.  Зээл тусламжаа сэргээгдэх эрчим хүч дээр багасгаад ороод ирсэн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжээд үр дүнг нь үзэхгүй бол өнгөрсөн онд Ерөнхий сайд Германд айлчилхад Германы Ерөнхий сайд “Гадаадын хөрөнгө оруулалтыг танай тал дэмжинэ гэхээр манай бизнес эрхлэгч эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулчихсан байна. Компанийг маань дэмжээд өгөөч ээ” гэсэн. Энэ чиглэлдээ анхаарахгүй юм уу?

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:

-Тавантолгой дулааны цахилгаан станцын хувьд говийн бүсэд байгаа импортоор эрчим хүч авч байгаа хэрэглэгч, тэр дундаа Оюутолгой төслийг эрчим хүч хангахаар баригдах гэж байгаа нүүрсний технологитой эх үүсвэр. Тендер зарласан, тендерт хоёр компани орсон. Тендерийн үнэлгээний хорооны дүнд гомдолтой байсан тул шүүхэд гомдол мэдүүлсэн. Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан, удахгүй Дээд шүүхийн шийдвэр гарч энэ төсөл эзэнтэй болж, барилга угсралтын ажил эхэлнэ гэж бодож байна. 450 Мвт-ын хүчин чадалтай эх үүсвэр.

Өмнөговь аймагт баригдах Германы хөрөнгө оруулалттай 102 МвТ- ын  хүчин чадалтай салхины эх үүсвэрийн хувьд 2008 онд тусгай зөвшөөрлөө авсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажлаа эхэлдэггүй. Цаасан дээр маш олон ажил хийсэн гэж тайлагнадаг, хөрөнгө оруулалт бэлэн гэж ярьдаг.  Газар дээр нь яваад очвол барьсан хааашнаас өөр юмгүй, маргаантай төсөл байгаа. Өөрсдөө юмаа хийдэггүй, үүргээ биелүүлдэггүй, бусдад боломж олгодоггүйгээс болоод чадлын дутагдалд орсон нэг шалтгаан байгаа. 

Шадар сайд Т.Доржханд:

-Сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын давуу тал. Газар дээрээ 14000 Гвт-ын хүчин чадалтай. Дэлхийд нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэхдээ ийшээгээ явъя гэхээр өмнө нь хөрөнгө оруулалт хийчихсэн сэргээгдэхийн компаниудтай өндөр тарифаар гэрээ хийчихсэн. Түүнээс нь болоод төслийг хэрэгжүүлэхгүй хаячихсан нь бидний буруу. Шийдвэр гаргасан бол түүнийгээ барьдаг байх хэрэгтэй. Хэтэрхий өндөр байна гэдэг байдлаар гацчихсан. Цаашдаа тарифын шинэчлэл хийгээд зах зээлийнх нь зарчим руу оруулж байж гадаадын хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүч рүү л орж ирнэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдрөөс /2024.10.03/ эхлээд чуулганы зочдын танхимыг хэвлэл мэдээллийн байгууллагынханд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд энэхүү зохицуулалтыг хийсэн болохыг онцлов.  

 

12 : 09
2024-10-3

О.Амгаланбаатар: Л.Гантөмөр Мах комбинатын улаан ямаа гэдэг шиг л яваад байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж том яриад байдаг, гэтэл гадаадын зээл тусламж буюу өрөө нэмнэ гэсэн юм байна. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд Засгийн газрын өр 30 тэрбум байсан бол 2025 оны эцэст 40 тэрбум болж, нэмэгдэхээр байна. Нэгбүрчлэн үзэж хэлэлцэхгүй бол баахан өр л батлах гээд байна. Засгийн газар том төслөө хөдөлгөхийн тулд өр тавихаас аргагүй гэж байна. Жилд 10 их наядаар өр нэмэгдэнэ гэдэг бол хоёр Чингис бондтой тэнцэх өр тавина гэсэн үг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тавьсан шиг өр ороод ирж байгаа юм биш үү.

2025 онд Засгийн газар хэдэн тэрбум долларын  өр тавих гээд байна вэ.

Л.Гантөмөр маань мах комбинатын улаан ямаа гэдэг шиг л яваад байна. Өр тавихыг манлайлаад. би Эдийн засаг хөгжлийн сайд гээд.  Маш их өр тавиад эцэст нь Ардчилсан нам өрөнд оруулсан гэдэг юм руу явж байна.

Гурван нам хамтарсан нь хязгааргүй өр тавих л байсан юм биш үү?

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барина, зээл авна гээд шийдчихсэн юм билээ ш дээ. Одоо Хятадын Засгийн газарт бид зээл авахгүй гэх үү. 1 тэрбум ам.доллараар газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд Энэтхэгийн Засгийн газартай тохирсон. Одоо юу гэх юм хамтарсан учраас зээл авахгүй гэх юм уу. Тохирчихсон, зээл нь батлагдсан төслүүдийг  хэрэгжүүлэх тухай л яриа байгаа.

Шинээр зээл авах асуудал байгаа. Жишээлбэл,  үндэсний хиймэл дагуултай болъё гэж байгаа. УИХ дээр ярина. Түүнээс биш 14 мега төслөөр дамжуулж зээл авах гэж байна гэдэг бол цуурхал шүү. 

Шинээр зээл авахад нууцаар авдаггүй, УИХ-аар оруулж баталдаг. Шинэ зээлийн тухайд УИХ-аар хэлэлцэх үед нь гишүүд зээл авна, авахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.

2024 онд 2.4 их наядын зээлийг төсөв дээрээ бичээд ашиглая гэсэн, Ашиглаад дууссан учраас нэмээд 2.4 их наядыг ашиглая гэсэн саналыг Сангийн яам 2024 оны төсвийн тодотголоор оруулж ирсэн. Ингэснээр хүнээс зээл авчихаад мөнгийг хий байлгаад байсныг арилгасан.  Төсвийн тодотгол хийх үед зөндөө ярьсан. Дээр нь нэмээд хот 600 тэрбумын бонд гаргасан. УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргасан.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Одоо Засгийн газар дээр 10 их наядын зээлийн ашиглалт биднийг хүлээж байгаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд УИХ -аар ороод зөвшөөрөгдөөд Засгийн газар энэ төслүүдийг хэрэгжүүлэхдээ энэ зээлийг ашигла гэсэн. Бүгд эхэлсэн. Нефть боловсруулах үйлдвэр 1.4 тэрбум ам.доллар. Үүнээс 230-аад сая ам.долларыг хэрэглэсэн.

Ирэх жил 1 их наяд төгргөгийн нэмэлт санхүүжилт нэхэж байгаа төсөл. 2026 онд дуусгахын тулд ирэх жил 1 их наяд төгрөг хэрэгтэй байна гэж байгаа. Гэтэл бидэнд төсвийнхөө орон зайнаас хамаараад 460 тэрбумыг л өгч чадна.

Энэ орон зайг тэлэхийн тулд тодотголоор саналаа оруулсан, УИХ баталж өгсөн. Нэгэнт эхэлчихсэн төсөл, зээлийн хувьд хүүг нь төлөөд эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр маш хурдан зээлийн ашиглалтыг гүйцээгээд эдийн засгийнх нь үр өгөөжийг амсах ёстой. Тийм учраас нефть боловсруулах үйлдвэрээ хугацаанд нь ашиглалтад оруулъя, дотоодын хэрэгцээний 55 хувийг хангах юм бол жил бүр төлж байгаа 2.2 тэрбум ам.долларынхаа талыг авч үлддэг болъё гээд зээлийг шийдсэн.

Шинээр авах зээлийг УИХ шийднэ. Энэ намар хоёр зээлийн санал орж ирнэ. Нэг нь Эрдэнэбүрэнгийн УЦС, нөгөө нь хиймэл дагуулын шинэ зээл. Энэ хоёр төсөл дээр зээлийн өр шинээр нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Төрийн өмчит компанийн худалдан авах ажиллагааг ил тод болгомоор байна. Хулгай нүүрлэчихээд байна. Компаниудын худалдан авах ажиллагааг цэгцлэхгүй бол хулгай, авлига буурахгүй? 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Намрын чуулганаар Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Бид нэг л бодлого барина. Төрийн өмчит компанийн засгалал ил тод биш байна. Хуулинд ил тод нээлттэй болгохыг шалгуур болгоогүй учраас  хэрэгжүүлэхгүй байна. Хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийгээд төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компани бүх мэдээллийг өөрсдийн үндсэн сүлжээгээр ил тод болгохыг үүрэг блгоно. Нээлттэй болгохгүй бол худалдан авах ажиллагаа далдуур хийгддэг, ойлгомжгүй, нийгэмд төөрөгдөл үүсгэдэг байдал арилахгүй.

Цаашдаа төрийн өмчит компанийг хөрөнгө бүрдүүлэх зорилгоор гэхээс илүү засгалалыг ил тод болгох хүрээнд листэд болгох зам руу орох ёстой.  Ж.Ганбаатар гишүүний яриад байгаа шиг уул уурхайн компаниудаар шаардлагагүй ггазар санхүүжилт хийлгэдэг байдал үргэлжилбэл компани бие дааж ажиллах бололцоо бүрдэхгүй.  Төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд Засгийн газар шууд оролцдог бус листэд болгож, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалдаг тогтолцоо руу орж байж эрүүлжинэ. Тийм учраас уул уурхайн төрийн өмчит компани, уул уурхайн бус төрийн өмчит компанийг зааглаж, уул уурхайн баялгийн тодорхой хувь хишгийг ард түмэн хүртдэг Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлье гэж байгаа юм.

Стратегийн орд ашиглаж байгаа компанийн хувьд хуулийн дагуу 10 хувь нь нээлттэй болох ёстой. Гэтэл нэг нь ч нээлттэй болоогүй. Засаглал нь ил тод болоод хувьцаа эзэмшигчиддээ орлого, зарлагаа мэдээлээд худалдан ахвах ажиллагаа нь ил тод болоод иргэд хяналт тавьдаг тогтолцоо руу орохгүй бол А-г Б-гээр солиод үр дүн гарахгүй гэдэг нь харагдаж байгаа.

 

 

10 : 23
2024-10-3

Л.Гантөмөр: Ураны төслийг хэрэгжүүлэхэд 5.4 их наядын хөрөнгө оруулалт эхэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийхээр болсонтой холбогдуулж, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулга хийлээ.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг боловсруулахдаа Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөн зориг” гэрээг удирдлага болгон Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн дөрвөн үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд  урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх зорилгыг тодорхойлж, дэд бүтэц,  бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдийн засгийн бодлогын хүрээнд 14 мега төслийг 2025 онд багтаан бүрэн эхлүүлнэ. Макро эдийн засгийг тогвтортой өсөлтийг хангах, эдийн засагт төрийн оролцоог бууруулах, салбаруудад реформ хийх ажлыг эхлүүлнэ.

Эрчим хүч тээвэр, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт реформ хийж, бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорино. Уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлүүдийг ил тод болгож, биржээр арилжаалдаг уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхийг зорино. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж, эрчим хүчний дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөн шинээр байгуулж, эрчим хүчний найдвартай байдлыг хангах төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ.

Мөн шинжлэх ухаан технологи нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулах бодлогыг хэрэгжүүлнэ. Хувийн хэвшилд тулгуурласан бизнесийн орчныг дэмжиж, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Оюутолгойн бүтээн байгуулалт 2025 онд дууссанаар олборлогч болно. Оюутолгой компани нь бүтээн байгуулалт хийх хүрээнд 22 мянган ажлын байр бий болгосон, одоо олборлогч болсноор ажиллах хүчин нь 4000-5000 болж буурна. Үүнд бэлэн үү.

Монгол Улс залуучуудын орон. Нийт хүн амын 30 гаруй хувь нь 30-аас доош насны залуучууд. Хөгжлийн төлөвлөгөөнд хүн ам зүйн цонх үе хаагдана гэж. Цонх үе буурна, энэ нь макро эдийн засагт нөлөө үзүүлнэ. 2030 он гэхэд 10 нийгмийн даатгалын шимтгэл төлөгч долоон хүний тэтгэврийг даах шаардлага үүснэ. Хөгжлийн төлөвлөгөөнд энэ асуудал хэрхэн тусч байгаа вэ?

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Оюутолгойн гүнийн уурхайн олборлолт эхэлж байгаа. Зах зээл рүү буруу месеж шидэж болохгүй. Монголын төр жилийн өмнөөс энийг харсан учраас том мега төсөл хөдөлгөе гэж зориод байгаа. Жишээлбэл, Монгол, Францын ураны төслийг хэлэлцээрээр шамдуулаад байгаагийн нэг зорилго нь энэ.

Тийм учраас 20 мянган хүн ажилгүй болох гэж байна гэсэн цуурхал тарааж болохгүй.  Тэр салбарт ажиллаж байсан хүмүүс он гараад Тавантолгойн станц дээр ажиллана.

Ураны төслийг хэрэгжүүлэхэд 5.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт эхэлнэ. Энэ төсөл дээр ажиллана. Мега төсөл байж, эдийн засгийн өсөлт буюу эдийн засгийн тогтвортой байдал хангагдана гэж Засгийн газар үзээд  14 мега төслийн ард гарна гэж яриад байгаагийн шалтгаан энэ.

Хуучин Оюутолгойгоор Монголын эдийн засгийг баримжаалдаг байсан бол тэр үе ард үлдсэн. Одоо цоо шинэ түвшин рүү шилжсэн гэдгийг ухамсарлах ёстой.

Тавантолгойг гацааж болохгүй, Гашуун сухайт, Ганцмодын хил холболтыг гацааж болохгүй. Монгол, Францын хамтарсан уран олборлох төслийг хамтдаа явуулах хэргтэй. Эрчим хүчний шинэ хөрөнгө оруулалтыг татахад төр хамгийн уян хатан бодлого явуулах ёстой. Оюутолгойн бүтээгдэхүүн чанарын хувьд сайжирна. Тийм учраас хөрөнгө оруулалтаар өнөө жил 2-3 тэрбумыг татсан бол ирэх онд 3 тэрбумын хөрөнгө оруулалтаа алдаж болохгүй гэдэг амбиц тавьсан.

Нийгмийн даатгал дээр системийн шинэчлэл хийхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнөөдрийн НДШ төлөгчдийн мөнгөөр тэтгэвэрт гарсан хүмүүсийнхээ тэтгэврийг олгож байгаа. Энэ системийг өөрчлөхийн тулд Баялгийн сан, Ирээдүйн өв санг санаачлаад ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ипотекийн зээлийн асуудал байна. Анхдагч орон сууц авч байгаа залуус, мөн амины болоод ногоон орон сууцыг ипотект хамруулах чиглэлд бодлого байна уу?

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Монгол Улс өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийн үндэсний тогтолцоотой болж чадаагүй. Монголбанкинд хариуцуулаад хязгаарлагдмал эх үүсвэр тавиад 3, 6, 8 хувийн зээлийн тогтолцоотой явж ирсэн. Цаашдаа үндэсний ипотекийн тогтолцоо бий болгох шаардлагатай. Ипотек бол зөвхөн Монголбанкны ауудал биш. Саяхан бид Хуримтлалын сантай болсон. Энэ жил Хуримтлалын сангаас ипотекийн зээлийн санхүүжилтэд 490 тэрбум, ирэх жил 524 тэрбумын эх үүсвэр тавьсан.

Орлогод нийцсэн орон сууц худалдан авах гэж байгаа иргэдийн ипотекийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд олон эх үүсвэрт тогтолцоог бий болгох. Цаашдаа хоёр дахь зээлийг бий болгосоноор үндэсний ипотекийн тогтолцоо бий болох юм байна гэж үзсэн. Тийм учраас Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний ипотекийн орон сууцны хороо байгуулагдсан. Ипотекийн зээлийн хүртээмж, цаашдаа үндэсний тогтолцоог бий болгох, бодлогын шийдэл гаргах хороо ажиллаж байгаа.

Ирэх жил ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 1,3 их наядын эх үүсвэр гаргана. Арилжааны банкнаас 300 тэрбум, Монголбанкнаас 500 тэрбум, Хуримтлалын сангаас 524 тэрбумын санхүүжилт хийснээр ипотекийн нийт эх үүсвэр 1.2 их наядаас 1.3 их наяд төгрөгт хүрнэ. Орлогод нь нийцсэн орон сууцыг зорилтот бүлэгт хүргэх асуудал сорилт болж байна.

Амины орон сууцанд ипотек өгөх боломжийг нээсэн ч өнөөдөр хүртэл амины орон сууцны стандарт, баталгаажуулалт гэрчилгээг нэгмөр болгож чадаагүй учраас боломжийг ашиглах боломжгүй байгаа. Тийм учраас ойрын хугацаанд холбогдох бодлогын шийдэл гаргаж,нээнэ. Мөн  анх удаа орон сууц авах гэж байгаа, гэр хороололд амины орон сууцаа сайжруулах, гэр хороллоос орон сууц руу шилжих, Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжих , төрийн албан хаагч, олон хүүхэдтэй өрх бүл рүү чиглэсэн ипотекийн зээлийн хүртээмжийг хийнэ.

10 : 07
2024-10-3

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.03/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. 

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /нэгдэх хэлэлцүүлэг/,

Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/,

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлэг хийнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-10-03 64.119.31.179

Darhan hotod bgaa tumuriin uildver armatur uildverledeg bish biluu

Avatar

Гайхаад 2024-10-03 43.228.129.91

Ган бэлдэж, ширэм үйлдвэрлээд бүтээн байгуулалтад хэрэгтэй бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. !!!!!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Тооцоо судалгаатай, ажлын эрэмбээ зөв тогтоогоод ажиллахад заавал үр дүн гарна. 2024-10-03 59.153.113.236

Намууд нийлээд улс орондоо хэрэгтэй, ирээдүйд үр дүнгээ өгөх ажил хийгээсэй гэж жирийн иргэд бид хүсдэг юм. НАМЫН ЭРХ АШГАА БОДООД, МАНАЙ НАМ МУУ НЭРТЭЙ БОЛЧИХВОЛ ДАРАА НЬ БИ ТӨРД АЖИЛЛАХ НЬ ӨНГӨРӨНӨ ГЭЭД БОДООД БАЙГАА ХҮМҮҮСС МАН-д ч, АН-д ч байна. Тэгээд намын дарга нараа ил, далд хэмлээд байгаа хэрэг. Зөв ажилд зүтгэж байгаад хүний алдааг ард түмэн уучлана.Гол нь ёс суртахууны алдаа гаргаж болохгүй. Тооцоо судалгаатай, ажлын эрэмбээ зөв тогтоогоод ажиллахад заавал үр дүн гарна.

Avatar

Зочин 2024-10-03 66.181.161.103

Төрийнхөөн. Арматурын үйлдвэр байгаа шүү. Арай мартцын биш биз дээ? Төрийнх байх шүү. Менежментийн хувьчлалд орсон уу яасан. Хэнийх нь ч цавчаа юм мэдэхгүй, QSC Ххк билүү нэг дориун хулгайн за аар орсон дуулддаг. Нөгөө алдарт Хөгжлийн банкны сайчуудын нэг шүү дээ. Ядаж тэрнийхээ учрыг олж байж дахиад хулгайгаа төлөвлөхсөн.

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.161.103

QSC ХХК хэрэг нь одоо ч шийдэгдээгүй, өрөө одоо ч төлөөгүй байгаа шүү дээ. Улсын мөнгө, ард түмний мөнгө гэдгийг сануулах юун. Уг зүй нь ядаж эхлээд QSC гэдэг луйврын компаниасаа төрийн өмч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг салгаад эсвэл авраад гэдиймүү, дараа нь тэрийгээ өргөтгөж хөгжүүлэх тухай ярих юм бишүү, эх оронч гишүүд ээ, Жавхлангууд аа!

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.161.103

Гүй байгуулсаншдээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр яагаав? Одоо тэгээд цемент, гурилын үйлдвэр шиг иргэдийг шулсан, ямар ч бүтээмжгүй үхмэл юм байдаг биз дээ. Дахиад нэг тийм өр үйлдвэрлэгчтэй болох гэж үү?

Avatar

Нэргүй 2024-10-03 202.21.107.1

Гантөмөр урантайгаа АН тайгаа үайл . БитгИй газар шороо төнхүүл

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.185.89

Уран их ярьсан хүнийг "ах нар" анаад л, занаад л бгаа шүү, болгоомжтойхон л хөдлөөрэй !!!
Сая Владимирдольф Путлер манайд түрэмгийлэн айлчи лснаас хойш томоохон гуравдагч хөршүүдийн хандлага ёс төдий ч гэсэн өөр болж бгаа шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж