Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.
Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүйг мөн анхаарууллаа.
Зам тээврийн хөгжлийн төвөөс А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын зорчих хэсэгт нойтон цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн байгаа бөгөөд тус зорчих хэсгийг цэвэрлэж байна гэсэн юм. Мөн А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто замын 84-85 км, 90-91 км-т зорчих хэсэг дээр тогтсон цасыг ачигчаар цэвэрлэх ажил хийж байна гэлээ. Тиймээс шаардлагагүй тохиолдолд орон нутаг руу зорчихгүй байхыг зөвлөж байна.
Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
- Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
- Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
- Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,
- Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
- Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ