АНУ-ын эдийн засагт цохилт өгөх гэрээний маргаан

АНУ-ын эдийн засагт цохилт өгөх гэрээний маргаан

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
АНУ-ын эдийн засагт цохилт өгөх гэрээний маргаан

АНУ даяар орших 14 томоохон боомтын хэдэн арван мянган ажилтан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав. Ерөнхийлөгчийн сонгууль болон худалдааны завгүй улирал айсуй энэ үед боомтын ажилчид ажил хаяснаар эдийн засагт ихээхэн хохирол учрах эрсдэл үүсээд байна. "ILA" буюу Олон улсын боомтын ажилчдын нийгэмлэгийн гишүүд Мягмар гаригаас эхлэн боомтуудад гарч, Мэйнээс Техас хүрэх чингэлэг тээврийг зогсоов. Сүүлийн 50 жилийн хугацаанд анх удаа ийм ажил хаялт болж байна.

Ерөнхийлөгч Жо Байден цаашид хэлэлцээ хийхийн тулд ажил хаялтыг 80 хоногоор зогсоох эрхтэй. Гэхдээ түүнийг ийм арга хэмжээ хараахан төлөвлөөгүй байгааг Цагаан ордон мэдэгдлээ.

АЖИЛ ХАЯЛТЫН ШАЛТГААН 

Тээвэрлэлтийн компаниуд, боомтын холбоод болон далайн тээврийн компаниудыг төлөөлдөг АНУ-ын Далайн холбоо 25 мянга орчим ажилтныг хамарсан зургаан жилийн мастер гэрээг Олон улсын боомтын ажилчдын нийгэмлэгтэй байгуулахаар хичээж байна. Өмнөх гэрээний хугацаа Даваа гаригт дуусгавар болжээ. Зургаан жилийн мастер гэрээний хэлэлцээ хэдэн сарын турш гацсан.

Хэлэлцээний гол зүйлүүд нь цалингийн нэмэгдэл, тэтгэврийн шимтгэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, автоматжуулалт юм.

Талуудыг хэлэлцээрийн ширээний ард сууж, шударга бөгөөд хурдтайгаар зөвшилцөх хэрэгтэйг ерөнхийлөгч Жо Байден сануулжээ. Мөн ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нар ажил хаялтыг анхааралтай ажиглаж байгаа гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Далайн холбоо Даваа гаригт цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, тэтгэврийн шимтгэлийг гурав дахин өсгөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах гэсэн санал тавьжээ. Тус холбоо нь үйлдвэрчний эвлэлийг хэлэлцээрээс татгалзсан гэж буруутгаж буй.

Үйлдвэрчний эвлэлийн дарга Харолд Даггетт гишүүдийнхээ цалинг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг уриалж, автоматжуулалтаас үүдэлтэй заналхийлэлд санаа зовж байгаагаа илэрхийлэв. Өмнөх гэрээгээр тухайн ажилтны ажлын туршлагаас хамааран цагийн цалин 20-39 ам.долларын хооронд хэлбэлздэг байсан. Мөн ажилчид бусад урамшуулал, тэтгэмж авдаг. Тэгвэл энэ удаад тэд зургаан жилийн гэрээний хугацаанд цагийн хөлсийг жил бүр таван ам.доллараар нэмэгдүүлэхийг хүсч байна. Энэ нь жилийн 10 орчим хувь гэсэн үг юм.

Гэрээний маргаанд шууд оролцоогүй гишүүдийг оролцуулаад илүү өргөн цар хүрээний ажил хаялт зарлана гэж үйлдвэрчний эвлэл анхааруулж байна. Чухам хэчнээн гишүүн ажил хаялтад оролцох нь тодорхойгүй. Гэхдээ үйлдвэрчний эвлэл нь 85 мянга гаруй хүнийг төлөөлдөг бөгөөд эндээс 47 мянга нь идэвхтэй гишүүд байдаг аж.

АЖИЛ ХАЯЛТЫН ХОР УРШИГ

Боомтын ажилчид ажил хаях нь хамгийн түрүүнд хүнс гэх мэт цаг хугацаанд мэдрэмтгий бүтээгдэхүүний импортод нөлөөлнө. Хөдөө аж ахуйн экспортын 14 орчим хувь, импортын талаас илүү хувийг далайгаар тээвэрлэдэг. Тэр дундаа гадил, шоколадны худалдаа дийлэнх хувийг эзэлдэг аж. Мөн хувцас, гутал, автомашин үйлдвэрлэгчид ихэнх ачаагаа Балтиморын боомтоор дамжуулдаг. Одоогоор цагаан тугалга, тамхи, никотин зэрэгт тасалдал үүсээд байна.

Ажил хаялтаас өмнө ачаагаа яаравчлуулах арга хэмжээг олон бизнес эрхлэгч авсан. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын импорт зуны улиралд өсчээ.

Цагаан ордны хөдөлмөрийн асуудал хариуцсан зөвлөх асан Сет Харрис хэлэхдээ "Ажил хаялт эдийн засагт тийм сүйдтэй нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. Гэхдээ хэдэн долоо хоногоор үргэлжилбэл үнэ өсч, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэлтэй" гэжээ.

Экспорт, импортын гуравны нэгээс илүү нь ажил хаялтад өртсөнөөр АНУ-ын эдийн засагт их хэмжээний хохирол учирна гэж АНУ-ын эдийн засагч Грейс Земмер мэдэгдэв. Мөн ажил хаялтын нөлөөлөл ихсэх тусам 100 мянга гаруй хүн түр хугацаагаар ажилгүй болно. Цаашилбал, бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь нийлүүлдэг бизнесүүдэд нөлөөлнө.

АНУ-ЫН СОНГУУЛЬД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Олон улсын боомтын ажилчдын нийгэмлэг 1977 оноос хойш анх удаа ажил хаялт зарлаж байна. Зургаан долоо хоногийн дараа сонгууль болох гэж байгаа ч ажил хаялтаас болоод АНУ-ын эдийн засагт тодорхойгүй байдал үүсэв. Эдийн засаг удааширч, ажилгүйдлийн түвшин улам нэмэгдэв.

Энэ ажил хаялт нь ерөнхийлөгч Жо Байденд эрсдэлтэй гэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хөдөлмөрийн маргаанд хөндлөнгөөс оролцож, ажилчдыг ажилд нь буцаан оруулах эрхтэй байдаг. Өөр боомтын ажилчид 2002 онд 11 хоног ажил хаях үед Ерөнхийлөгч Жорж В.Буш хөндлөнгөөс оролцож байсан удаатай.

АНУ-ын Худалдааны танхимын бизнесийн бүлэг ерөнхийлөгч Байденыг арга хэмжээ авахыг уриалж байна. Тус бүлгийн гүйцэтгэх захирал Сюзанна П.Кларк "2021 онд Covid-19 цар тахлын үед нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хоцрогдол үүссэн. Энэ үед америкчууд барааны хомсдол, саатлын зовлонг хангалттай амссан. Гэрээний маргаан манай эдийн засагт ийм цохилт өгөхийг зөвшөөрөх нь ухамсаргүй хэрэг болно" гэв.

Үйлдвэрчний эвлэлийн дарга Харолд Даггетт 2020 оны сонгуулиар Жо Байденыг дэмжиж байжээ. Гэвч жилийн өмнө баруун эргийн усан онгоцны ажилчдад шахалт үзүүлсний улмаас ерөнхийлөгчийг шүүмжилж байв. Тэгэхээр ажил хаялт болон аливаа эмх замбараагүй байдал нь Ардчилсан намынханд хохирол учруулж болзошгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж