VS: Татварын ачааллыг бууруулах шаардлагатай, шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2024.10.02-нд нийтлэгдсэн

VS

VS: Татварын ачааллыг бууруулах шаардлагатай, шаардлагагүй

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 10 хувь, Хувь хүний орлогын албан татварын 10 хувь, Нийгмийн даатгалын шимтгэл /24-26 хувь/ нь  аж ахуй нэгж, иргэнд дарамт учруулах болсон тул ачааллыг бууруулахыг хүсэх болсон. Гэвч Сангийн сайдын тайлбараар Монгол Улсын татварын хэмжээг бусад улс орнуудтай харьцуулахад багадаа орж буй юм. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа Сангийн сайд Б.Жавхлан, эдийн засагч Б.Лхагважав нарын байр суурийг онцоллоо.


Сангийн сайд Б.Жавхлан:

-НДШ бол татвар биш, НДШ төлөхийг ажилтан ажил олгогчоосоо шаардаж байх ёстой. НДШ-ийг хувааж төлснөөр ажилтан маань ирээдүйдээ хэрэглэхээр хадгалж байгаа шимтгэл юм.

НӨАТ-ын хувьд реформ хийнэ гэдэг амлалт хаана ч байхгүй. Хэрэглэгчийн эцсийн татвар байдаг. НӨАТ -ын хувьд өргөн хэрэглээний бараан дээр байдаггүй. Өргөн хэрэглээний инфляцад нөлөөлдөг маш их барааг чөлөөлсөн байдаг. Хүн амын бага орлоготой хэсэг дээр НӨАТ бага тусдаг, өндөр хэрэглээтэй хэсэг дээр НӨАТ 10 хувь хүртэл байдаг, 10 хувиас давахгүй.

Монгол Улс татварынхаа рейтингээр дэлхийд хаана нь явдаг вэ гэхээр ХХОАТ 10 хувь, ААНОАТ-ын 10 хувь гэдэг энэ хэмжээ маань маш багадаа ордог. 174 улсаас 150 орчим дээр. НӨАТ-ын хувьд 10 хувь ба, 10 хувиас бага НӨАТ-тай 20 хон улс байдаг. НӨАТ -ын систем рүү орсон 160 улс байдаг, бид нараас бага НӨАТ-тай маш бага улс байдаг. Тухайлбал, манай хоёрын хөршийн нэг нь 17 хувийн НӨАТ-тай бол нөгөө хөрш маань 20 хувийн НӨАТ- ын татвартай. Дэлхийн дундажтай харьцуулах юм бол манай улс ялангуяа бид өөрсдөө дундаж орлоготой улсын ангилалд байдаг улстай харьцуулах юм бол татварын хэмжээ багадаа ордог.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 2024.10.01

Эдийн засагч Б.Лхагважав:

Өнөөдөр хувь хүн дээр ногдох татвар, даатгалын ачаалал маш хүнд байгаа. Аж ахуйн нэгж 1.5 тэрбумын орлоготой байгаад татвараа төлөхөд түүнийх нь 90 хувийг буцааж өгч байгаа шүү дээ. Дээр нь нийгмийн даатгалын 12.5 хувь, бараа худалдан авахдаа 10 хувийн НӨАТ төлнө. Ингэхээр бараг 40-өөд хувь болчихоод байгаа юм. Бас нэг гажиг юм байгаа нь хувь хүний орлогын албан татвар, даатгал зэргийг гэр бүлийнх нь тоонд хуваадаггүй. Цалингаараа 10 хүүхэд тэжээх, нэг хүүхэд тэжээх чинь өөр. Уг нь гэр бүлийн тоонд нь хуваадаг болох ёстой. Даанч манайх хөдөлмөрөөр нь гинжилж байгаад авдаг зүйлээ бүгдийг нь авч л байвал төр мөнгөөр тасрахгүй гэсэн коммунист бодлого хэвэрээ яваад байна.

НӨАТт зөв систем оруулчихсан. Харин коммунистууд маань яг зах зээлийн системээр нь цаашаа ашиглаж чадах уу гэдэг эргэлзээтэй асуудал. НӨАТын буцаалтыг таван хувь болгоё гээд Г.Занданшатар оруулаад чадсангүй. Үүнийг чинь бүүр нэмж ч болно. НӨАТ гэдэг бол өөрөө бүртгэлийн систем. Дээрээс нь мөнгөний урсгалыг хянадаг механизм байхгүй юу. Хөдөө орон нутаг руу мөнгө очихгүй байна л гэдэг. Тэгвэл орон нутгаас ажил, үйлчилгээ авахад НӨАТын 70 хувийг нь буцаагаад олгочих. Ингээд л асуудалгүй. Даанч коммунистууд иргэндээ татвар буцааж өгөх, даатгалаас ахиухан мөнгө өгөхөөс дандаа айж явдаг. Мөн Л.Оюун-Эрдэнэ үүн дээр тоглолт хийж мэдэхгүй, чадахгүй байгаа юм. Харин мэдэх учиртай сайд нар нь коммунист учраас мэдүүлэхгүй байна. НӨАТын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно. Тэглээ гээд улсын татварын орлого улам л давж биелнэ. Бусад татвараа, даатгалаа эрүүл болгоно.

“Өдрийн сонин” 2024.10.01

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж