Монгол Улсад хүйтэн, сэрүүний улирал албан ёсоор эхэллээ. Энэ жилийн хувьд хотын иргэд урьдын адил сайжруулсан шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ. Тиймээс нийслэлийн хэмжээнд борлуулагдаж буй шахмал түлшний нөөц, чанарын асуудлыг хөндөн сурвалжиллаа.
Өнгөрсөн есдүгээр сарын 15-ний өдрөөс борлуулалтын цэгүүдээр шахмал түлш худалдаж эхэлсэн. Худалдаачдын хэлж буйгаар шахмал түлшний борлуулалт сайн байгаа аж. Цаг агаар харьцангуй дулаан байгаа учраас борлуулалтын цэгүүд өдөрт 4-6 тонн шахмал түлш худалдаалж байна. Харин хүйтэн өдрүүдэд өдөрт 10 орчим тонн шахмал түлш худалдаалдаг гэв. Иргэд хамгийн багадаа 10 шуудай шахмал түлш худалдаж авдаг болохыг борлуулалтын цэгийн худалдаачид хэлж байлаа. Шахмал түлшний түгээлтийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түгээн ажиллаж байгаа аж. Үнийн хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд 25 кг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байна.
Өнгөрсөн жил нийслэлийн долоон дүүрэгт 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан. Харин энэ жил нийт 670 цэг ажиллах юм байна.
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТ ТАСАЛДАХГҮЙ
Шахмал түлш борлуулах цэгийг иргэдээс хүсэлт авч сонгон шалгаруулдаг. Хавар бүр шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн гэрээг дуусгавар болгодог. Харин хариуцлагатай сайн ажилласан иргэдтэй дахин гэрээ байгуулдаг гэнэ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 15-наас цахимаар шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, есдүгээр сарын 15-наас шахмал түлшийг худалдаалж эхэлсэн юм. "Тавантолгой түлш" ХХК-аас тодруулснаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд энэ жил 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 44 агуулахад нийт 92,132 тонн шахмал түлшний нөөцтэй байна.
"Энэ өвөл шахмал түлшний борлуулалт тасалдахгүй. Учир нь 100 мянган тонн гэдэг бол хангалттай нөөц" гэж "Тавантолгой түлш" ХХК-аас хэллээ.
ШАХМАЛ ТҮЛШ НЭГ ХУВИН ДҮҮРЭХГҮЙ БАЙНА
Энэ жил худалдаанд гарсан шахмал түлшинд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй гэдгийг борлуулалтын цэгийн худалдаачид хэлж байсан юм. Харин иргэдийн хувьд шахмал түлшний хэмжээ харьцангуй бага болсон мэт санагдаж байгаа аж.
Тодруулбал, өмнө жил нэг шуудай нүүрсийг 25 литрийн шар саваар хоёр удаа зөөж түлдэг байсан бол энэ жил нэг сав хүрэхтэй үгүйтэй болсон гэнэ.
Харин нүүрсний илч өмнө жилийг бодвол сайжирсан гэдгийг хэлж байлаа. Жишээ нь, 2022 онд худалдаалж байсан шахмал түлш гялгар хар, илч сайтай байсан бол, 2023 онд худалдаалсан шахмал түлш илчгүй, иргэд галлагаандаа их хэмжээний түлш хэрэглэх шаардлагатай болдог байжээ. Харин энэ жилийн хувьд илч сайтай ч, хэмжээ багассан байдалтай мэт санагдаж байгаа аж. Харин үйлдвэрлэгч компаниас "Шахмал түлшний хэмжээ багасаагүй" гэх хариу тайлбар өгөв.
Шахмал түлшний найрлага болоод түүнд агуулагдах барьцагдуулагч бодисын талаар иргэд мэдээлэлгүй байна. Тиймээс ямартай ч хөлдөж үхэхгүйн тулд шахмал түлшээ хэрэглэхээс өөр аргагүй гэсэн юм.
Нийслэл хотод 2019 оноос сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Албаныхны зүгээс жилийн жилд шахмал түлшний чанар стандартыг сайжруулсаар байгаа гэдэг ч иргэдийн зүгээс шахмал түлшний чанар, аюулгүй байдалд эргэлзсэн хэвээр байгаа билээ. Үндсэндээ, түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулж байгаад барьцалдуулагч ашиглан хийснийг шахмал түлш гэж нэрлээд буй. Энэ жилийн хувьд шахмал түлшний үйлдвэрүүд наймдугаар сарын 1-ээс ажиллаж эхэлсэн юм.
"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэдэг шахмал түлшний найрлагын 20-30 хувьд нь барьцалдуулагч түүхий эд оруулдаг.
Энэхүү барьцалдуулагч бодисын 50 хувийг дотоодоос, үлдсэн 50 хувийг БНХАУ-аас импортоор авдаг аж.
БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫН НАЙРЛАГА ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш буюу 2019 оноос хойш 2023 оны эхний зургаан сар хүртэлх хугацаанд 147 хүн угаартаж нас барсан. Харин өнгөрсөн онд 2000 гаруй иргэн угаарын хийнд өртсөн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Олон нийтийн сүлжээгээр барьцалдуулагч бодис химийн орц найрлагатай гэх мэт мэдээллүүд газар авсан. Тухайн үед гаалийн лаборатори барьцалдуулагч гээд байгаа холбогч бодист шинжилгээ хийсэн байдаг. Мөн уурхайн лабораториуд түлшинд шинжилгээ хийхэд ямар нэгэн асуудалгүй гэж гарсан тухай "Тавантолгой түлш" ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан мэдээлж байв. Тиймээс энэ жил өмнөх стандартын дагуу буюу барьцалдуулагч бодисын найрлагыг өөрчлөхгүйгээр шахмал түлш үйлдвэрлэжээ. Харин иргэд угаартсан гэх асуудалд тус компаниас "Угаартах бол хувь хүний хариуцлагын асуудал. Түлш муу учраас угаартаад байгаа асуудал биш. Тиймээс иргэд хариуцлагатай байж галлагааны улирлаас өмнө яндангаа хөөлөх гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай" гэв.
Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээ 1200 микрограмм метр куб байх ёстой гэж үздэг. Харин одоогийн түлш дэх хүхрийн хэмжээ 600 микрограмм метр куб буюу 50 хүртэл хувиар буурсан байгаа нь стандарт үзүүлэлт аж.
Угаарын хийд өртөх эрсдэлээс сэргийлж хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүд зайлшгүй тавих шаардлагатай. Учир нь хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор заавал төхөөрөмж байх шаардлагатай гэж үздэг.
Төхөөрөмж нь алдаа заасан айл өрхүүд нийслэлийн харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар /ХИХГ/болон 70119410 дугаарын утсанд хандаж тусламж авах боломжтой юм.
Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байж. Төхөөрөмжөө шалгахдаа:
- Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна.
- Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
- Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарах юм байна.
Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах гарц гаргалгааг 10 гаруй жилийн турш эрж сурсны эцэст нийслэлд шахмал түлшний хэрэглээ нэвтэрсэн. Угаарын хийд хордлоо, нууцаар нүүрс түллээ, төсвийн мөнгийг үргүй зарлаа гэхчлэн шахмал түлшийг тойрсон хэл ам тасардаггүй. Энэ жилийн хувьд нөөцийн хомсдол үүсэхгүй гэдгийг "Тавантолгой түлш" ХХК- "амласан". Харин шахмал түлшний найрлагат ямар нэгэн өөрчлөлт ороогүй учраас угаартах эсэх нь хувь хүний "хариуцлага" гэдгийг мөн хэлсэн юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Ууганбаяр гэдэг за болохгүй бол эхэд асуу би хэлээд өгнө за 2024-10-02 66.181.161.153
шахмал түлш гэж хороо хордуулж ханзнууд юмуу над машинуудын хэн сайн гэж хуцаад байган бэ хан хүнсний хувьсгал болод байган бэ?хуримласан хэзээ зогсох нам дарамтанд вэ?хурдан ихээхэн болоочээ та гай над оюунэрдэнчиг цэрэгт мини эх орний хишигэр яваагүй авгайн бэлдсэн биздээ намайг тэнэг гэж бололцоотой тоглоод байхад би яах вэ? машинууд над новшийн англид сэтгүүлчдээр суралцан мини эх орний хишиг элсэн авгайн авсан байхад асуудал мангарууд
И 2024-10-02 103.168.34.186
Ойрын 2 шөнө нүүрсээр л амьсгаллаа. Юу нь сайжирсан юм ?
Монгол инженер 2024-10-02 202.131.230.162
Оюунгэрэл гэдэг боловсролгүй авгай шахмал түлшийг хог гэж бна лээ. Тэр хүн нүүрсний талаар а ч үгүй хүн бна лээ. Шахмал түлш чинь сайн чанарын коксжих нүүрсээ, эрдэслэг хэсгээ ялгасны дараах эрчим хүчний нүүрс. Дулаан ялгаруулалт 6000 ккал-аас дээш. Үүнийг хог гэвэл Монголд шатаах нүүрс олдохгүй. Оюунгэрэл мэтийн боловсролгүй хүмүүс нүүр багтахгүй газар луу хамраа шургуулахаа болих хэрэгтэй. Хамар чинь шалбарнаа.
Иргэн 2024-10-02 202.179.24.35
Чиний наад түлшний утаанаас элэгний хорт хавдар үүсгэгч гарсан! хэчнээн хүн хороож хэдий Нүгэл үр хүүхдэдээ өөртөө хурааж байж дуусгах юм болдоо
Зочин 2024-10-02 64.119.29.46
Энэ хэцүү түлш шүү маш их үнэртэй хортой үйлдвэр гэж зүгээр хүчээр уураар хатаагаад гаргадаг ямарч боловсруулалт байхгүй хэцүү газар шүү дээ
ах аа 2024-10-02 192.82.64.167
Шахмал түлшийг 2020 оноос хойш хөгжүүлэлгүй зөнд нь хаяж, олон хүний амь нас сүйдэхэд хүргэсэн ,түлш хариуцаж байсан, агаарын бохирдол хариуцаж байсан этгээдүүд хариуцлагаа хүлээх ёстой шүү, хууль хаачив???
hjjhjjhjh 2024-10-02 66.181.165.89
Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн стандарт хэмжээ 1200 микрограмм метр куб байх ёстой гэж үздэг. Энэ стандартыг хэн зохиосон юм бол доо. Өнгөрсөн жилүүдэд хүхэрлэг хий стандартаас бага байгаа гэж байсан боловч, хордолт, өвчлөлт, маш их, мөн угаарын хий их байгаа нь илт мэдэгдэж байсан. Тиймээс энэ стандарт үнэхээр хүний эрүүл мэндийг хангасан эсэхийг шалгах хэрэгтэй.
Нэргүй 2024-10-02 66.181.184.227
МАН -тайгаа эвлэлдээд улыг нь шагайгаад л амьдрахгүй юу…Утаан дунд амьдрах сонирхолтой, хүсэлтэй УЛ-ныхаан. 10 жилийн дараа УБ-ын иргэдийн 70% нь уушигны хүнд хэлбэрийн бронхиттэй болцгооно. ВИЗ гарлаа баяртай