Энэтхэгийн баруун хэсэгт орших, дэлхийн хамгийн том алмаз өнгөлгөөний нийслэл гэгдэх Сурат хотын иргэн Никунж Танк энэ оны тавдугаар сард ажлаа алджээ. Түүний долоон жил ажилласан байгууллага нь санхүүгийн хүндрэлд орж, татан буугдсанаар Танк болон арав гаруй хамтран ажиллагсад нь ажилгүй болсон байна. Гэр бүлийнхээ цор ганц тэтгэгч байсан Танкийн хувьд уг явдал нь хамгийн хүнд хэцүү цаг үеийг авчирсан юм. Ажиллаж байх хугацаандаа хадгаламж нээгээгүй байсан бөгөөд өндөр настай эцэг эх, эхнэр, охиноо тэжээж чадахгүй байгаадаа сэтгэлээр унан, наймдугаар сард амиа хорлож нас баржээ.
Түүний аав Жаянти Танк "Тэр ажил олж чадаагүй учир сэтгэл санаагаар унаж, дахиж сэрэхгүй байх алхам хийсэн" гэжээ.
Энэтхэгийн эдийн засаг сүүлийн жилүүдэд уналтад орсон. Энэ нь тус улсын алмаз үйлдвэрлэлтэд мөн адил сөргөөр нөлөөлсөн юм. Гужарат мужийн Сурат хотод дэлхийн очир эрдэнийн 90 хувийг боловсруулдаг. Нийт 5000 гаруй нэгж байгууллага алмаз боловсруулдаг бөгөөд 800,000 гаруй өнгөлөгч ажилладаг. Түүнчлэн жилд 100 сая ам.доллароос илүү орлого олдог 15 том өнгөлгөөний нэгж бий. Ерөнхийдөө Сурат хот нь алмаз нийлүүлэлтийн сүлжээнд тэргүүлэгч бөгөөд орон нутгийн эдийн засаг, ажлын байр, дэлхийн зах зээлд нөлөөлдөг.
Гэсэн хэдий ч тус улсын зүссэн болон өнгөлсөн алмазын экспорт 2022 онд 23 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 16 тэрбум ам.доллар болтлоо буурчээ. Мөн 2024 оны сүүл үе гэхэд 12 тэрбум ам.доллар хүртэл буурах төлөвтэй байна.
Эрэлт багасаж, нийлүүлэлт хэтэрсэнтэй холбоотойгоор өнгөлсөн алмазын үнэ 2023 онд таван хувиар буурчээ. Энэ нь 2021,2022 оны үнээс нийт 27 хувиар буурсан үзүүлэлт юм. "Star Gems"-ийн Махеш Вирани алмазын үнэ огцом буурч буй талаар тайлбарлахдаа "Өнгөлгөөний нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай хэмжээг хэтрүүлж, илүүдэл нийлүүлэлт боловсруулсны улмаас алдагдал орсон" гэв. Улмаар алдагдлаа нөхөж чадахгүй байдалд орж, ажилчдаа халахаас эхлүүлэн дампуурлаа зарлаж буй нэгж байгууллага олширчээ.
Гужарат мужийн Очир эрдэнийн ажилчдын холбоо "BBC Gujarati"-д хэлэхдээ, зөвхөн сүүлийн зургаан сарын хугацаанд экспортын уналт, алдагдлаас болж 30,000 гаруй хүн ажилгүй болсон байна.
Мөн ажлын байр олж чадаагүй өнгөлөгчдийн 65 нь амиа хорлосон гэж мэдэгдэв. "Covid-19"-ын тусгаарлалт, Орос Украин, Израиль болон Газын зурвас дахь дайн зэрэг дэлхий нийтэд тулгамдсан асуудлаас болж алмазын эрэлт буурсан гэж шинжээчид үзэж буй. Тэргүүлэгч үйлдвэрлэгч Киран Гемс компанийн ТУЗ-ийн дарга Валлаб Лахани хэлэхдээ "Дэлхийн хямралын улмаас өнгөлсөн алмазын бизнес 25-30 гаруй хувиар буурсан" гэжээ.
Энэтхэг улсын хувьд дайны улмаас барууны хориг арга хэмжээнд орсон Оросоос барзгар алмазынхаа 30 хувийг импортолдог.
Үүнийг зүсэж, өнгөлж бэлэн болгосноор барууны зах зээлд оруулж, зардаг юм байна. Гэтэл гуравдугаар сард Европын холбоо (ЕХ) болон "G7"-ийн орнууд Энэтхэгт боловсруулж, гуравдагч орноор дамжин барууны орнуудад борлуулдаг Оросын өнгөлгөөгүй алмазад хориг тавьсан юм.
Уг хоригийг тавьсны дараа дөрөвдүгээр сард Энэтхэг эсэргүүцлээ илэрхийлж, хүчингүй болгохыг хүсчээ. Тус улсын Гадаад хэргийн сайд С Жайшанкар ЕХ болон "G7"-д хандаж "Хориг нь Орост бус манай оронд хамгийн их хохирол амсуулна" гэж мэдэгдэж байжээ. Гэсэн хэдий ч хориг хүчингүй болоогүй бөгөөд Сурат хот дахь ажилчдад төдийгүй алмаз худалдан авагч Арабын Нэгдсэн Эмират, Бельгийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм.
Байгалийн алмазын эрэлт, нийлүүлэлт буурч буй нь лабораторид гарган авсан алмазын эрэлтийг нэмэгдүүлсэн. Геополитикийн хурцадмал байдлаас болж дэлхийн эдийн засагт инфляцийн аюул нүүрлэж, улс орнууд хямд алмазыг сонгох болсон юм. Жишээ нь, Энэтхэг улсын гол худалдан авагчдын нэг нь Израиль байсан ч дайны улмаас үнэтэй байгалийн алмаз худалдан авахаа больсон байна. Гэсэн хэдий ч нэгэн цагт эрчээ авч байсан лабораторийн алмаз энэ онд тийм ч амжилттай байсангүй. Инфляцийн түвшин нэмэгдсэнээс болж орлогоо нэмэгдүүлэх гэсэн лабораториуд хиймэл алмаз их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ.
Улмаар нэг карат хиймэл алмазын үнэ 300 ам.доллароос 78 ам.доллар хүртлээ буурсан байна.
Сурат алмаз брокеруудын холбооны ерөнхийлөгч Нандлал Накрани хэлэхдээ, хиймэл алмазын үнэ буурч, өнгөлсөн алмазын үнэ өсөхөд эдийн засгийн байдал сайжирна гэж найдаж байна.
Холбоотой мэдээ