Нийслэлчүүдийг хямд ногоогоор хангадаг гэх "Барс" захын стандарт, ариун цэврийн байдал ерээд оноос нэг их өөрчлөгдсөнгүй. Төмөр зам бараадсан тус зах хог новшиндоо дарагдаж, Улаанбаатарын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг талаар иргэд байнга шүүмжилдэг. Гэсэн хэдий ч үүнд анхаарал хандуулдаг газар алга. Шадар сайд С.Амарсайхан чанар, стандартын талаар байнга ярих болсон. Харамсалтай нь, нийслэлийн аж ахуй нэгж, айл өрхийг хүнсний ногоогоор хангадаг гол зах нь баас шээсэндээ "баригдаад" удаж байгаа, тэнд чанар, стандартын тухай ойлголт "түй" ч алга байна. Тиймээс бид энэ удаа "Барс" захыг сурвалжиллаа.
Зах худалдааны төв тэр дундаа хүнсний захуудын орчин нөхцөл эрүүл ахуйн ариун цэвэр шаардлага хангасан байх ёстой. Гэвч "Барс" захын хувьд "балиар" гэх үг ч гоёдохоор дүр зурагтай угтав.
"Барс" захын ойр орчмын бохирдол энэ зун, намар үүсчихсэн асуудал биш. Тус захыг тойрсон хур хогийн цэгүүд энд, тэндгүй үүсчээ. Зах руу орох хэсэгт овоорсон хог, жимс, ногооны хаягдал, ил задгай бие зассан дүр зургаас харахал тэнд чанар, стандартын шаардлага огт үйлчилдэггүй болох нь илэрхий. Ийм орчинд зарагдсан жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Тэндээс элдэв халдварт өвчин дэгдэх эрсдэл хэдийнэ нүүрлэжээ.
Үнэндээ "Нарантуул" зах ч "Барс" шиг баас, шээсэндээ баригдаагүй. Тиймээс тус худалдааны төвийн эргэн тойронд хяналт тавьж, зам талбайг нь шинэчлэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт мөрдөхийг шаардах цаг болжээ. Тус зах хог хаягдал, нус цэрээр "дүүрснээс" гадна орон гэргүй хүмүүс хоногийн хоолоо аргацааж, хүйтрэхээс өмнө түр байрладаг цэг нь болдгийг худалдаачид хэлж байлаа. Энэ бүхэнд нэгдсэн хяналт хэрэгтэй. Тиймээс БГД-ын Тамгын газар үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг иргэд хэлэв.
ТҮРЭЭСЛЭГЧИД, ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ЗАХЫН ОРЧНОО ЦЭВЭР БАЙЛГАХЫГ УДАА ДАРАА ШААРДДАГ ГЭВ

Хаяад хэр удсан нь мэдэгдэхгүй овоолсон хогноос өмхий үнэр хамар цоргино. Тэр хогноос 10 хүрэхгүй алхмын цаана гурил, будаа, гоймон, задгай будаа, хүнсний бүтээгдэхүүн зарах аж. Худалдаачдын хэлснээр нэг үеэ бодвол орчин нөхцөл арай дээрдсэн гэнэ. Гэхдээ л элдэв бусын үнэр танар нь эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж буйг хэлж байдаа.
Өмнө нь тус захын худалдаачид муудсан жимс, өмхийрсөн ногооныхоо хажууд худалдаа хийдэг байсан аж. Иргэд холбогдох албан газруудад хандсанаар энэ байдал арай дээрдсэн гэв. Тус зах цэвэрлэгээ, ариутгалаа өдөрт ганц удаа хийдэг аж.
Хаягдлаа ангилж ялгадаг ч эхүүн үнэр хамар сэтлэх нь холгүй байв.
Худалдагчид захыг ариун цэвэр байлгах тал дээр захын эзэмшигчдэд удаа дараа шаардлага тавьж байснаа ч хэллээ. Худалдаачид дотор үйл ажиллагаа явуулдаг ч гадаа талбайгаа цэвэрлэдэг. Цэвэрлэх ёстой зам талбайг хуваарилсан байдаг. Орой тарахын өмнө цэвэрлэгээ хийдэг гэдгийг ч онцолсон юм.
"СҮҮЛИЙН 20 ЖИЛ ЗАХ БОХИР ОРЧИНТОЙ БАЙЛАА"

Баянгол дүүрэг дэх “Барс” худалдааны төвтэй хаяа залган амьдардаг хүмүүсээс бид тус захын орчныг тодрууллаа. Иргэн Н.Сүхээгийн хэлж байгаагаар, сүүлийн 20 гаруй жил "Барс"-аар үйлчлүүлж байгаа гэнэ. Орчин, ариун цэвэр маш муу. Ариутгал, халдваргүйтгэл ч муу байх. Цар тахлын жилүүдэд ч цэвэрг байсан. Бусад үеүдэд үргэлж бохир заваан байсан. Одоо ч хэвээр. Гаднах орчин замын хэсэг бол цэвэр. Мөн дотроос хүнс, бараа авахад дажгүй. Харин захын дотор хэсэг, хашаан дахь байдал л маш бохир байдаг гэлээ.
Мөн тэрбээр, гэр оронгүй хүмүүс захын эмх замбарааг их алдагдуулдаг. Энэ хэсэг Вокзалтай ойр учир мөнхийн хөдөлгөөнтэй. Тиймээс хяналт өдөр бүр тавих хэрэгтэй гэсэн юм.
Тус зах өнгөрсөн жилүүдийг бодвол орчны цэвэрлэгээгээ үнэхээр сайжруулж. Гэхдээ дутуу. ариун цэвэр талаас хүнсний хэсэгт маш өндөр ариутгалыг тогтмол хийх шаардлагатай. Харин тус захад өдөр бүр ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийдэггүйгээс хог, нийтийн ариун цэврийн хэсгийн ойролцоо өмхий үнэр тархсан байна.
"ХҮНС ЗАРДАГ ГАЗАР ЦЭВЭРХЭН Л БАЙХ ЁСТОЙ"

“Барс”-аас багахан хүнс аваад явж буй эмэгтэй хэлэхдээ нэгдүгээрт, захын ариун цэвэр чухал учир үргэлж дотор талаас хүнсээ авдаг. Гадна талын хэсэг нь бохир. Дээр нь 100-200 төгрөг илүү үнэтэй санагддаг. Хүний хөл үргэлж тасардаггүй юм чинь уул нь захынхаа гадна, дотор хэсгийг тохилог болгочихвол хүмүүс хойш “И-март”, цааш “Бөмбөгөр” орох гэж заавал явахгүй. Цэвэр тухтай орчинтой бол 500 грамм алим авах байсан ч ойрхон айлууд “Барс”-аас л ирж авна.
Орчноос гадна хоёрдугаарт, зах хэрнээ хүнс их үнэтэй санагдлаа. 25 кг Улаанбаатарын нэгдүгээр гурил 55 мянга, дээд нь 75 мянган төгрөг.
25 кг хятад будаа хамгийн хямд нь 85 мянган төгрөг гэж байна. Жимс, нарийн ногоо бол бусад дэлгүүрээс харин хямд. Гэхдээ бөөний хэсэг нь л үнэ хямд, сонголт их байна. Түүнээс бол гэрийнхээ доод дэлгүүрээс хүнсээ авсан нь ялгаагүй л санагдлаа. Өнгөрсөн өвөл “Барс”-ын гүүрний хэсэг, зах руу ордог хэсэг яг нийтийн нойл болчихсон байсан. Харин одоо цаг агаар дулаан байгаа учир арай фэвэр байна. Уг нь орчноо сайхан цэвэрлэчихвэл хүн олноор зорьж ирэх байх. Хотынхон гэлтгүй орон нутгийнхан ч вагонд зуухдаа жимс, ногоо авна шүү дээ.
СҮҮЛИЙН ЖИЛҮҮҮДЭД ОГТ ХИЙГДЭЭГҮЙ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛНЭ

Хотын төвд хамаарах бүсэд байгаа хамгийн бохир худалдааны төв бол "Барс" зах. Өвөлдөө хашааных нь эргэн тойронд шээс, баасны мөсөн дов бий болж, дулаан улиралд илжирч муудсан, эсч өмхийрсөн бүтээгдэхүүний үнэр захын хашааны гадна, доторгүй ханхийдэгт ойролцоох оршин суугчид бараг дассан.
“Барс” худалдааны төв нийтдээ 400 гаруй түрээслэгчтэй. Түрээсийн үнэ нь 350 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд байдаг аж.
Хог ачуулахад сардаа 7-8 сая төгрөгийг зарцуулдаг байна. Гэсан ч бохир орчинтой хэвээр. Тус худалдааны төвийн хойд замыг энэ долоо хоногт шинэчилнэ. Сүүлийн 20 жил хийгдээгүй зам засвар хийхтэй зэрэгцээд захынхан орчноо ч гэсээ шинэчлэх нь зүйтэй.






Гэрэл зургийг О.Болорсувд
3,548.92




















































Холбоотой мэдээ