Орон сууцны хорооллын дундах орхигдсон замаа засъя!

Орон сууцны хорооллын дундах орхигдсон замаа засъя!

Орон сууцны хорооллын дундах орхигдсон замаа засъя!

Улаанбаатар хотод энэ жил нийт 162.3 км авто замд буюу 87 байршилд зам засч байна. Өнгөрсөн 2006 оноос хойш харахад, жилд дунджаар 10-17 байршилд 20 км орчим зам засварын ажлыг хийдэг байсан. Харин энэ жилийн хувьд олон жилийн дунджаас ес дахин урт зам засч байгаа аж. Замын ажлыг богино хугацаанд “халтуурдаж” байна хэмээн шүүмжлэх хэсэг байхад зассан зам сайхан байна гэж магтах хүмүүс ч бий. Эдгээр замуудыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас Замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэж буй.

Улаанбаатар хотын авто замын засвар, шинэчлэлийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулснаар “Зам засварын ажил одоогоор 45 хувьтай үргэлжилж байна. Замын сангийн хөрөнгөөр зуны улиралдаа багтаан хийх ёстой ажлуудаа 95 хувьтай хийж дууссан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, бонд босгох боломжтой болсон. Бондын хөрөнгөөр өнгөрсөн зургадугаар сард тендерүүдээ зарлаж эхэлсэн. Цаг хугацаа их шаарддаг. Төлөвлөгөө ёсоор энэ оны аравдугаар сарын 30-нд зам засварын ажлаа дуусгах ёстой. Цаг агаар дулаан байвал өдрийн цагаар зам хааж, хучилтаа авахыг хичээж байна. Бид зам хаахдаа 72 цагийн өмнө мэдэгддэг. Замын компаниуд цаг хугацаатай уралдаж байна" гэв.

ХУУЧИН ХАШЛАГЫГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ӨГЧ АШИГЛУУЛДАГ

Нийслэлээс замын засвар шинэчлэлтийн ажлыг хийхдээ зарим байршилд замын хашлага солих ажлыг давхар гүйцэтгэж байгаа. Үүнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж, хуучин хашлагыг хаясан талаар иргэд шүүмжилсэн.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газраас “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчилж байгаа дээрх замын авто хашлага 14 жил болсон. Бид бетон хашлагыг, байгалийн чулуун хашлагаар сольж байгаа. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанар сайн учраас бид энэ жил хэд хэдэн байршилд байгалийн чулуун хашлагыг байршуулж байна. Хуучин бетон хашлагыг бид хуулаад хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг” гэв. Харин иргэдийн зүгээс замын хашлага биш хагарсан зам, цоорхойгоо нөхөхийг шаардаж байна. Ерөхийдөө нийслэлийн хэмжээнд авто замын засвар шинэчлэлийн ажил хурдацтай өрнөж байгаа боловч орон сууцны хорооллын доторх авто зам "там" болсон.  Улаанбаатар хотод нийт 1165 км зам байдаг. Үүний 40 орчим хувь нь маш муу, 30 орчим хувь нь муу гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн хоёр жил орон сууцны хорооллын доторх зам засварын ажил барагтай явагдаагүй болох нь хаа, сайгүй эвдэрсэн, цоорсон, доошоо нурсан байдалтай замуудаас харагдаж байна.

ЗАМЫН ХАШЛАГА БИШ ЦООРХОЙГОО НӨХЬЕ

Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж байх үедээ цай хийдэг данхад хар тос хийгээд замын нүх, бөглөөг дүүргэж байсан зураг цахимд цацагдаж, элэг доог болж байсан.  Түүнээс өөрөөр хотын удирдлагууд зам засвар, арчилгаанд анхаараагүйн илрэл нь нийслэлд эвдрээгүй, цоороогүй зам алга.  Гэтэл Улаанбаатарын удирдлагууд жил болгон замын бродюр буюу хашлага сольдог. Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар  "Засварын хучилтын хийц, хөдөлгөөний ангилал зэргээс хамаарч автозамын ээлжит засварыг 4-6 жил тутам хийдэг. Их засварыг 12-16 жилийн хооронд хийдэг. Энэ хүрээнд хучилтын хийцийг хүчитгэж, хашилтыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тэр хэмжээгээр өндөрлөдөг" болохоо ярьсан.

Орон сууцны хорооллын доторх зам засварын ажлыг харъяа дүүргүүдээс хариуцдаг аж. Жишээ нь, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг гэхэд тусдаа бүтээн байгуулалтын төвтэй, Хан-Уул дүүргийн хувьд “ТӨВ АЗЗА ТӨХК” гэх компанитай хамтран зам засварын ажлаа хийж байгаа аж.

"Дүүргүүд эвдрэл гэмтэлтэй, дэгэн догон, нүх үүссэн замуудаа эхнээс нь шинээр хучилт хийж ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс зүгээр байгаа замын хашлагыг солиод байна гэсэн шүүмжлэл байна. Гэхдээ эхлээд эдгээр хашлагуудыг сольж дууссаны дараа нөхөөс хийх биш шинээр хучилт хийх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Нийслэлийн хувьд гол, төв замуудынхаа засварын ажлуудыг л шуурхай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн болзошгүй аюулаас урьдчилсан сэргийлэх үүднээс замын хучилтын ажлуудыг яаралтай хийж гүйцэтгэх, цөмрөлт буюу нүх үүссэн замуудыг бөглөхөөр НЗДТГ ажиллаж байна. Гэхдээ хуучин замуудын хувьд бороо, цас орох бүрт нүх үүсэх нь тодорхой" гэсэн хариулт өгсөн.

Авто зам ашигласны төлбөрийн орлогоос жилдээ 14 тэрбум төгрөг төвлөрдөг гэнэ. Харин зам засварын ажилд 60 тэрбум төгрөг зарцуулдаг аж.

Жолооч нарын хувьд хотын зам өвөл, хаврын улиралд хамгийн их бартаатай, хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байдаг. Учир нь цас хайлах, усархаг борооны улмаас зам дээр нүх дайралдах нь их гэнэ. Түүнийг нь мэдэлгүйгээр хөдөлгөөнд оролцох үеэр автомашиных нь дугуй хагарч, хавагнах, явах эд анги гэмтэх, обуд сэвтэх, хагалах зэрэг эвдрэл их гардаг аж.  Удахгүй халтиргаа гулгааны улирал ирнэ тиймээс иргэд хашлагаас илүү цоорсон, эвдэрсэн, нүхтэй замуудаа яаралтай засах ёстойг сануулж байна. Замын цоорхойгоо нөхөхгүй бол иргэд машин унаа, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Явахад маш хүндрэлтэй . 2024-10-01 66.181.185.179

Баянзүрх дүүргийн 6 хорооны 30 дугаар байрны дэргэдэхнийтийн чулуун шигтгээтэй зам эвдрээд 3 жилийн нүүр үзэж байна.Машин тэрэг явахад хүндрэлтэй.Яаралтөй засч өгөөч

Avatar

И 2024-10-01 103.168.34.156

Зам хийдэггүй МАН бондын мөнгө хараад гэнэт цоорч баахан хэрэгтэй, хэрэггүй замын ажил хийж манаргаж бна. Аргагүй л замын ажилд ухаан дутдаг болтой. Замын нүх бөглөх, будаг тодруулах ажлаа бараг хийхгүй хамаг мөнгөө үрээд дууслаа. Бөөн юманд үрэх л зорилготой юмшиг бна. Уг нь түгжрэл, хөдөлгөөний аюулгүй байдалд зам нүхгүй ,зураасууд тод байвал маш их ач холбогдолтой юмсан.

Avatar

Зочин 2024-10-01 103.57.95.93

Ирэх 4 жилд хороолол дундах эвдэрхий замтайгаа үлдэхгүй гэж бодвол МАН ыг сонгохгүй байх хэрэгтэй МАН нь их төсөвтэй ажлыг хийхээс иргэдийн төлөө хуруугаа ч хөдлөхгүйг 30 жил харлаа, хүлээлээ одоо болсон . Үр хүүхэд өвгөд хөгшидөө тоос шороо болсон хороолол дундах замаар дахин явуулахгүй н төлөө сонголтоо зөв хийцгээе

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.184.200

зүв зүгээр зам хучиж мөнгө угааж байхаар орон сууцны доторхи туслах замыг засаачээ Нянбактер аа

Avatar

Нэргүй 2024-10-01 124.158.120.146

1 баян нь сэтгэлээрээ засчина биз ккк 🤣😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж