Төсөв: Эрчим хүчний онцлох бүтээн байгуулалтууд

Төсөв: Эрчим хүчний онцлох бүтээн байгуулалтууд

Төсөв: Эрчим хүчний онцлох бүтээн байгуулалтууд

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 4.3 их наяд төгрөгийн 35 хувь нь зам тээврийн салбарт буюу 1.4 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 6.7 хувь буюу 199.4 тэрбум төгрөг, инженерийн дэд бүтцийн чиглэлээр 9.1 хувь буюу 388.1 тэрбум төгрөг, үлдсэн нь боловсрол, эрүүл мэнд гэх мэт бусад салбарт хэрэгжихээр төсвийн төсөлд тусгажээ.


ЭРДЭНЭБҮРЭН УЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД 265 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА

Орон нутагт хэрэгжих томоохон төслүүдээс дурдвал БНХАУ-ын Эксим банкнаас санхүүжүүлж буй 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Энэ төслийг Хятадын Эксим банкны 95 хувийн хөрөнгө оруулалтаар буюу үлдсэн таван хувийг нь Монголын Засгийн газрын санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн. Уг бүтээн байгуулалтад одоогийн байдлаар 265 сая ам.долларын санхүүжилт яригдаж байна.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулна, баруун аймгуудын импортын цахилгааны хараат байдлаас гарч, 100 хувь дотоодын эх үүсвэрээр хангагдана. Мөн энэ дагуу аялал жуулчлалын бүс бий болно.

ЧОЙБАЛСАН ДЦС-ЫГ ӨРГӨТГӨХӨӨР ӨРИЙН БАТАЛГАА ГАРГАСАН

Монгол Улсын эрчим хүчний сэргэлтийг дэмжих, зүүн бүсийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангах зорилгоор Чойбалсан ДЦС-ыг өргөтгөх төсөлд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан байна. УИХ-ын 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 90 дүгээр тогтоол, Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын Хөгжлийн банкны 420 сая юанийн зээлийн эх үүсвэрээр хэрэгжиж буй "Чойбалсан ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх төсөл"-ийн санхүүжилтэд зориулж, Хөгжлийн банкинд 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын өрийн баталгааг гаргасан бөгөөд тус дулааны цахилгаан станцын өргөтгөл нь 2024 оны зургадугаар сарын 6-ны ашиглалтад орсон. Уг зээлийн эргэн төлөлт 2031 онд төлөгдөж дуусах хуваарьтай байна.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөл хэрэгжсэнээр Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, багийн 25139 айл өрх, 3133 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангана.

ДАЛАНЗАДГАДЫН ДЦС-Д 137.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨВ

Говийн бүсэд эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах бодлогын хүрээнд Даланзадгадын 50 МВт-ын дулааны цахилгаан станцын санхүүжилтэд 137.9 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Шинээр баригдах 50МВт-ын дулааны цахилгаан станцын технологи нь байгаль орчны нөлөөлөл бага бөгөөд Хорт хийн хаягдлыг бууруулах технологитой, агаарын хөргөлтийн хуурай технологитой, утааг шүүх 99.9 хувийн дэвшилтэт шүүлтүүртэй зэрэг олон давуу талтай байх юм.
Мөн Дундговь, Баянхонгор аймгуудад хэрэгжиж буй дулааны станцын Хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн санхүүжилтэд 9.6 тэрбум төгрөгийг тус тус шинээр тусгажээ.
“АЭРОСИТИ” ДЭД СТАНЦ УГСРАХАД 7.7 ТЭРБУМЫГ ТӨСӨВТ ТУСГАЖЭЭ

Төв аймгийн Сэргэлэн суманд барьж буй Шинэ Зуунмод хотын цахилгаан хангамжийн 110 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын хүчин чадалтай “Аэросити” дэд станцын угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Барилга угсралтын  ажил 2026 онд  бүрэн дуусч ашиглалтад орно.  Ирэх онд 25.9 тэрбум төгрөг төсөвлөснөөс 7.7 тэрбумыг төсөвт тусгажээ.

Мөн Налайх дулааны станцын хүчин чадлыг өргөтгөх ажилд 16.9 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.188.94

Хэрлэн гол дээр Усан станц барьж болох уу? Хятадууд бас хориглох уу??? Гялс хариу!

Avatar

Нэргүй 2024-10-01 202.70.44.46

Тал газар урсаж байгаа гол дээр олигтой чадалтай станц гарахгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж