Хотод өнгөрсөн долоо хоногт юу болов

Хотод өнгөрсөн долоо хоногт юу болов

Хотод өнгөрсөн долоо хоногт юу болов

Нийслэлчүүд ажлын эхний өдрөөс л бухимдал, стресстэй долоо хоногийг үдлээ. Сошиал бөглөрсөн, түгжирсэн, бухимдсан хүмүүс, эвдэрсэн хаасан замын зургаар дүүрэв. Улаанбаатарын Хан-Уул дүүргээс ажилдаа явсан хүн Улаанбаатараас Сөүл ороод эргээд ирэх дайны юм болов. Маршалын гүүрний автозамыг урьдчилж мэдэгдэлгүй ажлын өдрөөр гэнэт хуулсанд ч бухимдсан иргэддээ хотын дарга баахан технологи ярьж дүрэмдэв. Хот энэ жил 500 тэрбум төгрөгийн бонд босгож, 300 тэрбумыг нь нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтад зориулна гэсэн ч хотын даргын сонгуулийн амбицаар замын асфальт болоод дууслаа даа.

Ажил, хичээлтэй давхцаад зам засвар нэрээр түгжрэл нэмж, хотын дарга гэнэт л социалист нийгэмд буцав уу гэлтэй гудманд ажлын хувцастай гарч алхах болов. Бордюрын асуудал намжаагүй байтал огт машин явдаггүй зургаан эгнээ гүүрэн замыг ёслол төгөлдөр нээв. Нэгэн компанийн давуу эрхтэй авсан тендерээр нэгж үнэ нь 178 мянган төгрөгөөр тавьж буй бордюрыг залуус Эрээнээс 19 мянган төгрөгөөр авсан гэв. Хотын зүгээс Эрээн рүү хүн илгээж, “багадаа 98 мянган төгрөг” хэмээн эсрэг мэдээлэл цацав. Ямар ч байсан бордюрын тендерт АТГ анхаарал хандуулах л шаардлагатай болжээ. Нийгмийн сүлжээнд иргэд олноороо гомдол гаргаж, дарга нарын авлига мөн биш гэх маргаан бухимдал өрдөж байна.

Цаг агаар сэрүүсч, өвлийг угтах их ажлын өдрүүд эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан нэг асуудал хагархай бөмбөг. Хотын гол зам дагуулж тавьсан хагархай бөмбөг жил бүр цаг бусаар эндэж байгаа 1000-1500 хүүхдийг илэрхийлэв үү хэмээн таамаг дэвшүүлэв. Энэ бол мэдээж хүүхдэд ээлгүй хот болсныг анхааруулсан нийгмийн нөлөөллийн ажил байв. Хүүхдүүддээ ээлгүй хотын хаа сайгүй байх олон асуудлыг хүмүүс өөр өөрийнхөөр бичиж санууллаа.

Монголын хүүхдийн эмзэг асуудлыг хөндсөн “Баавгай болохсон” кино Каннын кино наадмын анхаарлын төвд орсон байтал манай төрийн байгууллага нь Оскарын наадамд оролцуулахгүй хэмээн тээг тавьж чадав. “Баавгай болохсон” киноны зохиолч бүсгүй П.Золжаргал үүнийг эсэргүүцэн олон нийтэд хандсанаар урлагийг улстөр удирдаж байна уу гэх асуудлыг хэвлэлийнхэн хөндлөө. Нийгмийн тэгш бус байдлыг ил тод үнэнээр нь өгүүлсэн уг кино архидалт, ажилгүйдэл, хүүхдийн хүчирхийлэл, ядуурал, боловсролын ялгаатай байдлыг өөрчлөх ёстой, үүний гарц нь сайн нийгмийн боловсрол юм гэсэн санааг өгүүлснээр олон улсын кино наадмуудад өндөр амжилт үзүүлсэн юм. Гэвч кино урлагийн зөвлөл гэх Засгийн харьяа байгууллагаас бид дэмжээгүй гэсэн бүдэг бадаг тайлбартайгаар 100 жил болж байгаа кино урлагийнхаа эсрэг шийдвэр гаргав.

Шийдвэрээ тайлбарлаж чадахгүй гөлөлзөж суугаад олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учраас Оскарт явуулах шийдвэр гаргав. Олны хэл ам, тэмцэл өрнөлгүйгээр үнэн шударгаар нэг ч ажил урагш явагддаггүй болсон тухай нийгмийн сүлжээнд иргэд бичсээр байна. Хэрүүл тэмцэл, хэл ам, дарга нартаа загнуулсан нэгэн долоо хоног өнгөрсөн ч бид Оскарт сойх " морьтой" үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж