"Би хөдөлмөр эрхэлж, ажилд дарагдахыг зовлон гэж боддоггүй"

2024-site 10

"Би хөдөлмөр эрхэлж, ажилд дарагдахыг зовлон гэж боддоггүй"

"Би хөдөлмөр эрхэлж, ажилд дарагдахыг зовлон гэж боддоггүй"

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8-р тойрог, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Хосбаяртай ярилцлаа.


-Нийслэлийн Засаг даргын орлогчоор Хосбаяр гэж хүн томилогджээ гэдгийг албан мэдээнээс уншаад өнгөрөхдөө эмэгтэй хүн бодоогүй юм. Гэтэл бүсгүй хүн байж таарсан шүү…

-Завгүй ажлынхаа хажуугаар 4 хүүхэд төрүүлж өсгөжээ. Одоо л өөрийгөө хайрлах шиг болох юм. Заримдаа гайхах юм. Ер нь яагаад нэг ч удаа жирэмсний амралтаа авахгүй тэгтлээ зүтгэдэг байсан юм бэ гээд.

-Яагаад тэр вэ?

-Миний хийж байсан ажлууд гаднаас өөр хүн орж ирээд шууд хийчихэж болдоггүй байсан юм. Манай УИХ-ын Тамгын газар ер нь цөөн хүн хүчээр ажлаа явуулдаг. Би УИХ-ын гишүүдийн ар талд, УИХ-ын даргын арын албанд санхүү хариуцдаг байсан. Нэг л эмч дээр төлөвлөгөөт хагалгаагаар төрдөг. Төрөх өдөр маань тодорхой. Тийм болохоор календарь дээр харж байгаад л бүх ажлаа наана нь шахна.

-Эмэгтэй хүнд хүүхдүүдээ төрүүлж өсгөх, нөгөө талд ажилдаа дурлаж карьер хөөх үе яг давхацдаг шүү?

-Тийм ч юм уу. Ялангуяа манай хоёр дундах нэг насны зөрүүтэй. Ихэр юм шиг л өссөн. Багыгаа төрүүлж байхдаа бас л оюутан байсан. Ажлын хажуугаар эрхзүйч мэргэжлээр оройгоор суралцаж байсан. Наймдугаар сард төрчихөөд 9 сарын 1-нд хичээлд суугаад л эхэлж байж.

Хагалгаагаар төрдөг байж жилийн зайтай жирэмсэлнэ гэдэг эрсдэл шүү дээ. Эмчдээ загнуулсан уу?

-Загнуулсаан. Одоо хүүхдүүд маань том болчихсон. Манай том 24 настай, дундах хоёр нь 15, 14,-тэй бага нь 10 настай. Биеэ даацгаачихсан.

-Тэгээд л гэнэт өөрийгөө анзаарч, хайрлаж эхлэв үү?

-Хайрлах ч гэж дээ. Төрийн жинхэнэ албан хаагч явсан хүн чинь сая ингээд улс төрийн албан тушаалд томилогдоод өөрийгөө олон нийтэд ойлгуулах шаардлага гарч ирэхэд “Би нийгэмд ямар ажил хийж бүтээсэн хүн бэ?!” гэж бодоод эргээд харахад хэчнээн их ажил хийгээ вэ гэж  гайхлаа.

-Төрийн алба Танд ямар зан чанар суулгаж, яаж төлөвшүүлсэн гэж боддог вэ?

-Би хөдөлмөр эрхэлж, ажилд дарагдахыг зовлон гэж боддоггүй. Энэ занд маань миний туулсан амьдрал бас нөлөөлсөн гэж боддог юм. Ээж минь их залуугаараа бэлэвсэрч хоцорсон. Аав маань 37 настай өөд болоход ээж минь 29 настай, нэг насны зөрүүтэй зургаан хүүхэдтэй хоцорсон юм. Яг зах зээлийн нийгэмд шилжих ороо бусгаа цаг үед залуу эмэгтэй өнчин хүүхдүүдтэйгээ үлдээд амьдралын төлөө яаж зүтгэхийг харж өссөн дөө. Тиймээс жаахан хатуу чанга өссөн. Манай ээж айлын ганц охин. Аав маань айлын ганц хүү. Одоо бодоход хоёулаа л ганцаараа өсөхийн зовлонг мэддэг байсан болоод ч тэр үү, олуулаа болъё л гэж бодсон шиг байгаа юм. Ойрхон олон нялх хүүхэдтэй. Зах зээлийн тэр хүнд үед олон хүүхдээ өсгөх гэж хичээсэн ээжийгээ харж хүмүүжсэн болоод ч тэр үү, би нойргүй хонож ажил эрхлэхийг зовлон гэж боддоггүй. Хань ижилгүй ганцаардах гэдэг л хамгийн том зовлон юм шиг санагддаг. Тэгээд л хатуу зангаасаа болоод өөрийгөө жаахан зовоосон юм билээ.

-Залуу байхад хийж буй ажилдаа, бас өөртөө үнэ цэн өгч мэддэггүй. Эргээд харахад хүн бүр өөр өөрийн түүх бүтээсэн байдаг юм билээ?

-Төрийн жинхэнэ албан хаагчид бол чимээгүй л ажлаа хийдэг хүмүүс юм байна гэдгийг олж харсан. Энэ хүртэл УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан, Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамтарч ажилласан багаараа л их бахархсан. Ямар их ажил бид хамтдаа хийгээ вэ гэж. Нийслэлд багаараа ирэхэд би Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон энэ ажлыг 10 сар хийсэн. Тэр үед нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын нийгмийн хангамж, цалин хөдөлмөрийн хөлсний үнэлгээг арай өөр болгохгүй бол яг иргэдтэй нүүр тулдаг анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хийж буй ажилд нь таарч тохирсон цалин биш гэдгийг харсан. Миний өөрийн мэргэжлийн суурьтай холбоотой юу, хувь хүнтэй маань холбоотой юу мэдэхгүй юм. Хамгийн түрүүнд энэ хүний цалин хийж байгаа ажилдаа тохирч байгаа болов уу, амьдралд нь хүрч байгаа болов уу, яг энэ ажилдаа дуртай байх шалтгаан байгаа болов уу гэж хардаг. Ерөөсөө хүмүүсийн ажилдаа дуртай байх хамгийн анхны суурь шалтгаан нь ажилдаа тохирсон цалин хөлстэй байх юм. Түүнийг өөрчилчих юмсан гээд төрийн албанд ажиллаж байх хугацаандаа өөрийн чадах хэмжээнд  мэргэжлийнхээ суурь, ур чадварыг гаргаж явсан юм билээ.

-Тэр хүмүүс гомдол гаргадаггүй, үүрэг аваад тангарагтаа үнэнч явдаг. Төрийн албан хаагчдын нийтлэг чанар тэр байх шиг. Цалин хангамж нь хүрэхгүй ч ажлаа хаяад явчихдаггүй. Юунд татагдаж төрийн албанд ажилладаг вэ?

Тангарагтаа үнэнч. Төрийн захиргааны албанд тангаргаа өргөсөн хүмүүс, эмч, багш нар бүгд ялгаагүй сэтгэлээрээ үнэнч ажилладаг. Би өнөөдөр яагаад энэ бүхнийг яриад байна гэхээр тэдний нэг байсан гэдгээ мэдсэн. Яг төрийн албанд өнөөдөр ажиллаж буй хүмүүс ажилдаа дуртай, сэтгэлтэй л хүмүүс байгаа. Дандаа сэтгэл дээр ажил явна гэж байхгүй шүү дээ. Ардаа амьдралтай учраас бүгд л сайхан амьдармаар байгаа. Тэгэхээр сэтгэлд тулгуурлах хэдий ч нийгмийн баталгааг нь төр хангах үүрэгтэй. Төрийн үе шаттай арга хэмжээг УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тэр нь магадгүй бүх төрийн албан хаагчдад нэг зэрэг хүрэхгүй байгаа ч бодлого үргэлжилж байна.

-Улс орон ядуу гэдэг ойлголттой удаан явсан. Төсөв, мөнгө байхгүй… Төр гэхээр төсөвгүй гэдэг гомдлыг тавиад өөрсдөө итгэчихсэн. Гэтэл эдийн засаг сүүлийн гучин жилд хэд ч дахин өсөв. Энэ дунд суурь  цалингийн өсөлт, дорвитой шинэчлэлт хийсэнгүй. Үүнийг  шийдвэрлэх бололцоо байгаа юу?

-Төрийн тухайн албыг ямар дарга удирдаж байна, ямар санхүүгийн удирдлага байна гэдгээс шалтгаалаад алба хаагчдынх нь цалин, нийгмийн бодлого өөр өөр байгаад байна. Байгууллага болгоны амбицыг дарж, хууль тогтоох байгууллагын цалин гэхээрээ өөр, гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гэхээрээ өөр, гудамжинд  хог шүүрдэхээрээ цалин нэг өөр болдог энэ тогтолцоог  арилгах ёстой гэж үздэг. Бид нэг нэгнээ орлож чадахгүй юм чинь амьдралд нь хүрдэг цалинг л өгөх ёстой. Энгийн үгээр хэлэх юм бол дээд боловсролтой сэхээтэн хүмүүс өөр түвшинд амьдрах ёстой, дээд сургууль төгсөөгүй учраас боловсролоороо ялгаатай цалин авах ёстой гэдэг ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Энэ нийгэмд чинь дээд боловсролгүй ч гэсэн бидний нийгмийг бүтээлцэж буй хүмүүс байгаа. Тэдний цалин доогуур байх юм бол дундаж давхарга бий болохгүй байгаад байна. Тиймээс өнөөдөр хүн ямар цалинтай бол амьдарч болох гээд байгаа юм бэ гэдэг суурь цалингаа их тодорхой болгох ёстой.

-Төрийн албан хаагчдын дунд зээлгүй хүн гэж бараг үгүй байх аа?

Бид хууль зүйн салбарт байхдаа 30-аад мянган албан хаагчийн нийгмийн асуудал, цалин орлогыг судалж, яаж үүнийг сайжруулах вэ гэдэг концепци гаргаж ажилласан.

-Ямар дүр зураг гарч байв. Тэр зээл амьдралдаа дутуугаа нөхөхөд зориулагдаад байна уу, амьдралын хэрэглээгээ тэлэхэд зориулагдаад байна уу. Юу нь их эмзэглүүлсэн бэ?

-Хэрэглээний зээлгүй монгол хүн байхгүй болсон. Ер нь хэрэглээгээ тэтгээд дуусаж байна. Тэгсэн хэр нь хэрэглээнд хүрэхгүй хэсэг байна. Хууль зүйн салбарт ажиллаж байхдаа албан хаагчдын нийгмийн баталгаа гээд манай хууль зүйн салбарынхан тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид байдаг. Хил хамгаалах ерөнхий газрынхан гэхэд Монгол Улсынхаа хилийг тойроод амьдралынхаа турш нүүсэн хүмүүс байдаг. Тэгээд тэтгэвэртээ гарахад юу ч үгүй. Нутаг нь ч аль юм, дээрээс нь орон байрны асуудал нь хүнд, гар нүцгэн орон гэргүй тэтгэвэрт гардаг. Төрийн албан хаагчдаа ийм байлгаад байх юм уу гээд бодох л асуудал. Ийм байгааг одоогийн залуус хүлээн зөвшөөрөхгүй. Цаашдаа тэнд хүний нөөцийн бодлого алдагдана. Дуртай ажлаа хийхээ болино. Дуртай ажлаа хийхээ болино гэдэг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яаж нөлөөлөх вэ. Уялдаа холбоо анхнаасаа ойлгомжтой байхгүй бол одоогийн залуус ойлгомжгүй зүйл рүү орох дургүй. Бидний үеийнхэн бол итгэл үнэмшлээрээ явж ирсэн. Өнөөдөр сургуулиа дөнгөж төгсөөд төрийн албыг сонгоод зориод ирж буй хүүхдүүдийн хүчийг мохоож болохгүй зүйл бол цалин. Одоогийн хүүхдүүд цалин хэд авах юм бэ гэж шууд зоригтой асуудаг. Тэдний буруу биш. Ганц бие байхад нь хүрдэг цалин, хоёулаа, гурвуулаа болоход нь амьдралд хүрдэг цалинг бид системтэйгээр төрийн албанд тогтоож, албан хаагчид ажилдаа үлдэх, сэтгэлтэй байх механизмыг бий болгон үлдээх хэрэгтэй.

-Бидний үеийнхэн цалин хэд вэ гэж асуухгүйгээр ажилд ордог байлаа. Өмнөх үеийнхэн маань өмч хувьчлалаас их, бага зүйл хүртсэн, ихэнх нь шинэ тутам салбаруудыг бий болгоод түүнийгээ бизнес гэж хараад явсан. Түүний доор ажлыг нь хийдэг ноу хау технологийг 70-80-аад оныхон л бий болгосон юм шиг санагддаг. Таныг УИХ-д анх орж байхад “чи яг үүнийг л ажиллуулна шүү” гээд угсраад тавьсан бэлэн машин хүлээлгэж өгч байв уу. Аль эсвэл тэр машиныг өөрөө зохион бүтээж ажиллаж байв уу?

-Миний ажилласан төрийн алба хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, орон нутаг гээд статусын хувьд хүн дороос дээшээ явах байтал би төрийн албанд дээрээс доошилж, хөрсөн дээрээ бууж ажиллаж байгаа хүн. УИХ-ын Тамгын газар бол хууль тогтоох байгууллага, УИХ-ын гишүүд,  хууль тогтоогчдод яаж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх вэ гэдэг дээр ажилладаг бүтэц. Нийгмээс жаахан тасархай байдаг гэх үү дээ. Засгийн газрын түвшинд, яамд бол бодлого, шийдвэрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөлтийг хийдэг газар. Харин нийслэлийн ажил бол өдөр бүр амьдралтай, иргэнтэй нүүр тулдаг ажил юм. Улс төрийн ээлжит сонгууль зургаан сарын дараа эхлэх гэж байсан эгзэгтэй үед бид багаараа “Х.Нямбаатар аа, чи чадна” гэдэг итгэл, найдвар, үүрэг хариуцлагыг хүлээж аваад ирж байв. Юун түрүүнд нийслэлд ажиллаж байгаа албан хаагчидтайгаа тулж өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах хэрэгтэй байсан. Ногоон автобусны худалдан авах ажиллагаа, саарал автобусны худалдан авах ажиллагаа гээд л хэл аман дунд ажил авсан даа. Миний нэг онцлог байдаг. Эргэж харж юмаа муулах гэхээсээ илүүтэй энэ ажлыг хийж байсан хүн алдаа гаргасан бол яаж цааш нь алдаагүй авч явах вэ, яаж ажлыг нь илүү сайжруулаад явах вэ гэдэг мөн чанар, дотоод зарчим байдаг. Тэр хүмүүст ямар онцлог байсан юм, яаж удирдах албан тушаалдаа манлайлж байсан юм бэ, юу хийнэ гээд түүндээ хүрэлгүй буцсан юм, одоо хийх гээд зорьж байсан ажлынх нь зайлшгүй гэсэн нь аль нь байсан юм гээд сайн чанаруудаас нь хуулахыг нь хуулж аваад шинэ зүйлсээ шингээгээд ажил болгоод явбал цаг хугацаа их хождог. Түүнээс дахиад цоо шинээр ертөнцийг бүтээх гэж байгаа юм шиг шинэ зүйл бодоод байхаас илүүтэй аливаа сайн зүйл бол үргэлж хуучин л юм байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Одоо хийж байгаа ажил төрийн ордонд хийж байсан ажлаас тань илүү таалагдаж байна уу?

-Нутгийн захиргааны байгууллага хийх ажил ихтэй. Миний амьдралд өдөр тутам тохиолддог зүйлсийг бид шийднэ гэхээр үнэхээр урамтай. Сайхан амьдарья гэдэг мөрөөдөлтэй хүнд бол нийгмээрээ сайхан амьдрахыг бодож, тэр шийдвэрийг хамтдаа гаргалцаж буй баг дотор ажиллах нь их урам өгдөг. Одоо байгаа түвшиндээ “би болж байна” гэж бодох юм бол яах вэ амьдрал болж байгаа. Бусдын эрх ашгийг өөрийн эрх ашиг мэт бодох, улаанбаатарчууд хамтдаа ижил түвшинд амьдрах орчныг бий болгох нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх гэж зоригтой, хурдтай ажиллаж байгаа хотын дарга Х.Нямбаатарын багт ажиллана гэдэг сорилт, бас завшаан.

-Тэр шалгуурт нийцнэ гэдэг сорилт байсан гэж та хэллээ. Таны сүүлийн хоёр ажил, албан тушаал өөрөөс тань тодорхой хэмжээнд хамаарал бүхий бодлого шийдвэр, стратеги гаргадаг ажил байсан. Энэ гэнэтийн шилжилт таныг тулгамдуулсан уу. Энэ дунд өөрийнхөө нээж амжаагүй зан чанаруудаа ч олж харсан байх?

-Миний бодож байсан зүйл шийдвэр гаргахад нөлөөлж байна гэж өөрийгөө дөвийлгөхөөс илүү гүйцэтгэх засаглал, нутгийн захиргааны байгуулагын түвшинд мэргэжлийн ур чадвартай хүмүүс багаараа ухаалаг шийдвэр гаргаж ажиллавал үр дүнд хүрдэг гэдгийг харуулж чадсан. Гүйцэтгэх засаглалд томилогдон очихдоо эмээж байсан. Хуулийн салбарт тэр олон генерал, офицерууд, хууль, эрх зүйн мэдлэгтэй эрчүүд голдуу хүмүүстэй санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг хуулийн хүрээнд базаж тэдэнтэй баг болно гэдэгт эхэндээ эмээж байсан. Х.Нямбаатар даргын хувьд хүнд итгэсэн бол өөрөөр нь орхиод ажлыг нь хийлгэж чаддаг хүн. Зууралддаггүй. Тэгэхээр “чи чадна” гэдэг итгэлийг нь хийж гүйцэтгэж харуулахаас өөр аргагүй. Хууль зүйн салбарт очоод хууль эрх зүйн орчныг нь өдөр шөнөгүй судалж хоёр сар болсон. УИХ-аас батлагдсан салбар салбарын хуулиуд байна. Засгийн газраас гарсан тогтоолууд, сайдын тушаал, тухайн агентлагын даргын тушаалууд байна. Тэр бүхнийг судалж эрх зүйн орчинд нь тохирсон шийдвэрүүдийг гаргахад ур чадвар нөлөөлнө. Яг л  салбарын хууль эрхзүйг нь мэдэж, ойлгож байж зорьсноо хийсэн.

-Шинэ салбарт ороод сорилт туулаад гараад ирэх нь өөрт үнэ цэн өгч байгаа биз дээ?

-Тэгсэн. Одоо ч  манай хууль зүйн салбарынхан намайг ихэд хүндэлж байгааг мэдэрдэг. Зөвхөн даргад юм уу хэн нэгэнд таалагдсан шийдвэр гэхээсээ илүү чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нөгөө л хэдэн бор албан хаагчдынх нь асуудлыг нэг мөр шийдээд байхаар тэнд итгэл үнэмшилтэй ажиллах албан хаагчид олон болно гэдэг нь хувь нэмэр байсан юм шиг ээ. Одоо нэр дэвшигч болоод явсан чинь дарга гэхээсээ илүү огт танихгүй хүмүүс “таныг манай салбарт байхад…” гэж ирээд магтаад дэмжээд байхаар миний хийсэн ажил хүмүүст хүрчээ гэж бодож, баярлаж байгаа.

-Өөрийгөө одоо л хайрлаж эхэлж байна гэдэгт тань ажлын өөрчлөлт нөлөөлсөн болов уу?

-Төрийн жинхэнэ албан хаагчид юу ч тулсан хийх л ёстой гээд махраад зүтгэдэг. Тэр ажил нь дууссан ч дахиад ажил гарахад “хийх л ёстой” гээд дайраад ордог, үр өгөөжийг нь дотроо л “боллоо доо” гээд боддог.  Алдар нэрийг нь зүүдэг хүмүүс өөр учраас түүнтэй барьцалддаггүй. Одоо улс төрийн албан тушаалтан болоод “чи яг юу хийв ээ” гээд хэлэх болсон чинь багаараа хийсэн зүйлээ хараад хөөрхий төрийн албанд хориод жил ажиллахдаа чамгүй зүйл хийсэн юм байна шүү гээд өөрөөрөө бахархсан. Дээрээс нь цаг наргүй ажиллажээ гээд өөрийгөө харсан.

-Эмэгтэй хүмүүс ажлаа хийхдээ нэг өөр, амьдрал дээрээ нэг өөр байдаг гэдэг шүү дээ. Өөрөөсөө тийм зүйлсээ анзаардаг уу?

-Одоо л тэрийгээ мэдэж байгаа шүү. Миний өссөн орчин намайг өөртөө хатуу чанга хэдий ч олон зүйлд их уян болгосон. Улс төрийн албан тушаал дээр очсоны дараа “Таныг ерөөсөө хүн таньдаггүй юм байна” гэж хэлж буй хүмүүс бий. Ерөөсөө танигдах гэж яваагүй юм чинь тэгэлгүй яах вэ. Камерийн өмнө гарахаараа би жижигхэн болдог. Яг ажлын байран дээрээ гарахаар эрэгтэй хүмүүс ч надаас айдаг. Цагийн юм цагтаа, хий гэсэн цагт ажлаа хийгээгүй л бол өнгөрдөг. Аль ч салбарт би дүр эсгэсэн зан гаргаж байгаагүй учраас яг л миний мөн чанар тэр юм шиг байгаа юм. Өглөө эрт ажилдаа очно. Тэр маань нутгийн захиргааны байгууллагад давуу тал болж байгаа. Бид хууль зүйн салбарт өдөр болгон иргэдтэй нүүр тулаад байхгүй, манайх чиг үүргийн алба хаагчид л тулна. Хууль тогтоох байгуулагад ажиллаж байхад ч гэсэн иргэдтэй шууд тулдаггүй байв. Харин нутгийн захиргааны байгууллагад би иргэнтэй нүүр тулдаг ажил хийж байна. Иргэдтэй тулна гэдэг нь амьдралтай шууд нүүр тулна. Тэр амьдралаас нуугдах юм уу, эсвэл тэр амьдралыг хуурч хажуугаар нь явах ямар ч боломжгүй. Би өглөө дөрвөн цагт босдог, эмээгээсээ сурсан дадалтай. Өглөө эрт хүүхдүүдийнхээ цайг бэлтгэчихээд зургаан цаг дөхүүлээд л гэрээс гараад ирдэг. Зарим тулгамдсан асуудалтай хүмүүсийг өглөө дуудаж уулзана. Иргэдтэй уулзахаас өмнө өргөдөл, гомдол дээр өөрөө сууж, хүмүүстээ чиглэл өгч, яг хүнд хэцүү хүнд итгэлийн галыг нь асааж өгөх юмсан гэж зорьдог. Тэр зорилго маань ч миний хар үүрээр сэрдэг занд маань таардаг. Ямар нэгэн даалгавар намайг энд тавьжээ гэж харж ажилладаг.

-Өргөдөл гомдлыг зүгээр нэг цохсон болж хаагаад, овоолсон бичиг баримтыг далдлахын тулд биш энэ асуудлыг шийдчих юмсан гэдэг сэтгэлээр ханддаг уу?

-Учир шалтаангүй зүйл байдаггүй гэдэг итгэл үнэмшил надад байдаг. Төрийн албанд орсон цагаасаа хойш дандаа мундаг удирдагч миний хажууд, би тэдний багт байсан. УИХ-ын Тамгын газарт байхад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Шаравдорж байх үед тэр хүмүүст мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, шалгуурт нь нийцэж ажиллана гэдэг өдөр шөнөгүй өөрийгөө боловсруулахаас өөр аргагүй их сургууль цаашаа том даваа байсан. Хууль зүйн салбарт гэхэд л харьяа 23 байгууллагын дарга нарын шалгуурт тэнцэж тэдэнд гологдохгүй явна гэдэг чинь нэр байна, хор байна даа. Нутгийн захиргааны байгууллагад түүх, домог болсон дарга нар байна. Тэдэнд нийцэж ажиллаж, цаашлаад удирдана гэдэг чинь зүгээр нэг чанга дуугараад суухын нэр биш. Туршлагатай зарим нэг нэгжийн дарга нар намайг гайхаж байсан гэж хэлдэг. Энэ Хосоо дарга чинь ямар хурдан ажлаа гартаа оруулав аа гээд. Гартаа оруулах гэхээсээ илүү урд нь ажиллаж байсан туршлагууд нөлөөлсөн. Хөрсөө сайн мэдэрч, шийдвэр гаргахдаа Улаанбаатар хотод амьдарч буй бүх хүнд зориулж байгаа гэдгээ бодож, амьдралд ойрхон шийдвэрийг гаргах гэж зорьж ажилласан.

-Ажил, амьдралын бэрхшээл дунд эмэгтэй хүн өөрийгөө гээхгүйгээр өөрийгөө цог жавхаатай авч явах, зовсон ч зовоогүй мэт байх нь эмэгтэй хүний чухал чанар байдаг. Үүнийг ээжээсээ харж өссөн үү?

-Ээжээсээ ч харна. Энэ нийгэмд, улс төрд ч, төрийн албанд ч тэр өөрийгөө гоё аваад явж буй олон эмэгтэй байгаа. Би харагдах тал дээр гоё гэхээсээ илүү  яаж сэтгэл дотроо гоё байх вэ гэдэгт анхаардаг. Бас өөрийгөө муугүй ээж гэж боддог. Ээжээсээ суралцсан үлгэр дуурайллаа амьдрал дээр буулгаж байгаа учраас би сайн ээж болов уу. Бас сайн хань. Миний хань амар амгалан хүн бий. Хүнд хань нөхөр ямар чухал гэдгийг ээжийнхээ ганцаараа ззүтгэж туулсан амьдралаас харж өссөн учраас хань шиг нь хань байхын чухлыг мэддэг.

-Зовлон бэрхшээлийг сөрөөд гарахдаа гомдоллодоггүй, урагшаа хараад явна гэдэг эмэгтэй хүний ухаан байдаг. Хамт байгаа хүмүүсээ гоё болгох, надтай хамт баймаар байх тэр сэтгэлийг нь буцаагаад өөрийгөө хайрлах хайр болгож өгөх, дэргэдэх хүнээ өргөж босгох гэдэг тэр бүрий эмэгтэй хүн бүрд байгаад байдаггүй чанар…

-Би хамт байгаа юм уу, хамт ажиллаж байгаа хүмүүстээ тийм ч зөөлөн хүн биш. Ажил амьдралын шаардлага маань хатуу. Тэрэнд маань нийцээд байгаа хүмүүс миний хатууг зөөлөн болгож хувиргаад байдаг. Би “Санчир гарагийн зочин” нэвтрүүлэгт орсныг олон хүн үзжээ. Надтай хамт ажилласан хүмүүс болон намайг танихгүй хүмүүс ч миний тухай жаахан ч гэсэн ойлгосон юм болов уу. Намайг мэддэг нь фейсбүүкээр мэддэггүй нь фейсбүүк пейж хуудсаар дамжуулан их олон урмын сайхан үгс хэлсэн. Манай хуулийн салбар, одоо баг болж ажилладаг хүмүүс “Дарга аа, та яг ийм хүн байхгүй юу” гээд. Ийм хүн гэдгийг юу гэж ойлгох вэ гэж асуусан чинь хийснээ даруухан ярьдаг, хийснээр чинь нэр зүүж яваа олон хүн байдаг шүү дээ нөгөө л чимээгүй төрхөөрөө сууж байх юм. Хэлэхгүй яагаа вэ гээд… Надаас тэр нь ил гарахгүй юм билээ. Би ажлын талбарт л хатуу хүн юм билээ. Нийслэлийн Тамгын газарт ирээд “би ийм зарчмаар ажиллана, хэдүүлээ хамт ажиллаад үзье” гээд хуучин хүмүүстэй ажилласан. Зарим нь үнэнээ хэлээд би тохирсон ажил дээрээ байя аа гээд мэргэжилтэн дээрээ буугаад ажиллаж байх жишээний. Зарим нь намайг өөр чаддаг зүйл дээр минь тавиад өг, гэхдээ багаасаа битгий явуулаач ээ гээд. Хэдийгээр тухайн албан тушаал дээр таарч тохирохгүй ч сэтгэлдээ ажиллая гэж байгаа хүнийг явуулж болохгүй. Яагаад гэхээр өөрөө хар багаасаа гүйцэтгэх ажлаас нь хийж явсан болохоор, өдөр ирэх тусам төрийн албанд сэтгэлтэй хүн үлдэхгүй цөөрөөд байгаа болохоор… Сэтгэлтэй хүнийг ур чадварт нь тохирсон ажлыг нь хийлгэхэд л болно шүү дээ.

-Сайн ээж гэдгийг хүүхдүүдтэйгээ цаг үргэлж хамт байх эсэхээр хэмжихгүй ч хүүхдүүддээ хэр цаг гаргаж байна?

-Ажлын ачаалаа зохицуулан гэр бүлдээ хүүхдүүддээ ядаж хоолыг нь хийж өгөх цаг гаргах юмсан гэж боддог. Сүүлд нийслэлд ирснээс хойш тэр талаар бодоод ч хийж чадаагүй. Амралтгүй ажиллаж байгаа. Би спортод дуртай. 2020 оноос хойш фитнессээр хичээллэж өөрийгөө өдөр болгон л ялж байна. Би хүнтэй биш өөртэйгөө л өрсөлддөг. Миний хийж байгаа ажлууд ил харагдаад байгаа учраас хүүхдүүд маань одоо ойлгодог болоод байгаа. Цаг нь болохоор хүүхдүүд хийж бүтээж байгаа зүйлээр минь харчихсан байдаг юм билээ. Өвдөж байгаагаа өвдөж байна гэж хэлэхгүйгээр, ядарч байгаагаа ядарч байна гэж хэлэхгүйгээр “би хүүхэд байхдаа чам шиг байгаагүй, ингэж зовж байсан” гэж хэзээ ч хэлдэггүй. Гэхдээ ээж нь хүүхэд насандаа ийм амьдралыг туулж, энэ амьдралыг бүтээсэн шүү гэж хэлдэг. Би зовж амьдарсан гээд үргэлж тийм байдаггүй, одоо та нар жаргаж байна, дандаа жаргал байдаггүй шүү, зовлон ирэхэд бэлэн байх ёстой гэж хэлдэг. Миний эдлээгүй жаргалыг эдлэг гэж бодож хэлдэг. УИХ-д цаг наргүй ажилладаг байхад ил харагддаггүй, юу хийгээд яагаад яваад байгааг нь мэдэхгүй болохоор цаг гаргасангүй гэж бухимдах үе байсан. Том охиноо өсвөр насанд очсон байхад цаг гаргалгүй, одоогийн хэллэгээр буллидуулж байхыг нь мэдээгүй цаг алдсан байсан. Өсвөр насны хүүхдэдээ тулгарсан асуудлыг богино хугацаанд мэдээд таслан зогсоож өөрчлөлтийг хийсэн. Би нийслэлд ирээд тэр асуудлыг хамгийн түрүүнд барьж авсан. Хэдий цагдаагийнхан энэ ажлыг хийхээр төлөвлөөд байсан ч зардлыг нь шийдэж өгч хэрэгжүүлэхгүй бол гоё санаа байгаад ч хүмүүст хүрдэггүй. Цагдаагийнхантай хамтраад “Үе тэнгийн дээрэлхэлт дэлгэрэхгүй ёсгүй” гэдэг аяныг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон.

-Дээрэлхэлтийн шалтгаан нь юу байв?

-Хүүхдүүд найзыгаа ганцаардуулаад байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй тохиолдлууд олон байгаа. Тэрийг нь тайлбарлаж өгөхгүй бол хүүхдүүд мэдэхгүй байгаад байна. Бид үүнийг л тайлбарлаж хүргэхийг зорьсон. Чи найздаа энэ хандлагыг гаргаснаар найз чинь ямар зовлонд байгаа вэ гэдгийг харуулж ойлгуулахыг хичээсэн нь үр дүнд хүрсэн. Тэр найзыгаа тийм муухай байдалд оруулж байгаа нь насан туршид нь ямар эмгэг үзүүлэх вэ гэдгийг тухайн хүүхдэд ойлгуулахаар тун хурдан засардаг юм билээ. Нийслэлийн нийгмийн салбар хариуцсан орлогчийн ярих сэдвүүд зөндөө ч манай улсыг авч явах залуусын эрүүл мэнд, өсвөр насанд олгох эрүүл мэндийн суурь зүйлсийг хийхгүй бол бид цаг алдах гээд байна уу даа гэж эх хүний хувьд харж байгаа. Өсвөр насныхан их жирэмсэлж байна, үүнийг хэн нэгэн ярихгүй юм уу. Монгол хүмүүсийн хэдэн хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй боллоо гээд чимээгүй суугаад байх юм уу. Ил тод ярьж, довтолгоо хийж таслан зогсоохгүй бол үндэстнээрээ өвчтэй болсон хойноо, үндэстнээрээ алдсан хойноо яриад яах вэ дээ. Урьдчилан сэргийлэх зүйлсийг нь хийхгүй бол оройтлоо.

-Төрийн албаны зарчмаар явсаар дараагийн сонголт дээр иржээ. Улс төрд орох. Үүнийг зөвхөн НИТХ-аар хязгаарлаж харахгүй байна. Яг энэ сонголт дээр тулна гэж бодож байсан уу. Та хувьдаа ямар ирээдүйг харж байна вэ?

-Нөхөр маань “Хэрэг байна уу даа. Улс төр рүү орсон ямар ч сайхан хүнийг юутай ч хутгаж болдгийг харж байна шүү дээ” гэж нэг л удаа тийм үг хэлсэн. Би бас л нөгөө үгээ хэлсэн. “Чи хий гээд хэлж байхад би үгүй гээд хойшоо сууж байсан үе байхгүй” гэж. Гэхдээ заавал тэнд хүртлээ хийнэ гэдэг ч юм уу албан тушаалын зорилго өөртөө тавиагүй. Өнөөдөр төрийн жинхэнэ албанд чанагдсан хүмүүс шийдвэр гаргах түвшинд цөөн байгаа учраас бидний амьдралаас өөр шийдвэр гараад байгаа. Хүүхдүүдийнхээ, монголчууд, залуучуудынхаа амьдрах нийгмийг харсаар байж хамт бүтээлцэхгүй, үгүй гэж явах сэтгэл надад байхгүй. Тийм учраас заавал нэг албан тушаалд хүрнэ гэж бодохоосоо илүү өнөөдөр байгаа мэдлэг ур чадвараа хүмүүстэй хамтдаа байгаа зүйлсээ нийлүүлээд ирээдүйг бүтээе гэж зорьж буй. Гэхдээ “Би үүнийг хийе, иргэн та үүнийг хийх ёстой шүү” гэдэг дүрмийг бас хэлэх л ёстой. Улс төрийн албан тушаалтан тийм зүйл ярьж болохгүй гээд туршлагатай улс төрчид хэлж байгаа. Тэгээд хэн үүнийг хэлэх юм бэ. Тэгвэл тэр улс төрийн албан тушаалаас болино л биз дээ. Энэ нийгэмд бүгдийг төрийн нуруун дээр үүрүүлээд байвал дийлэхгүй шүү дээ. Сайхан амьдрал хүсэж байгаа бол тэр нь бид бүгдээс шалтгаална шүү гэдгийг яагаад улстөрч хүн хэлж болохгүй байгаа юм бэ. Аль болгон үнэнээс нуугдаж, амлалт өгч явах билээ гэж бас бодож байгаа.

З.БОРГИЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

d 6 минутын өмнө 66.181.180.63

ш**, ш**. Нямбаатарын гол хийсэн ажил бордюр солих юм уу хаашаа юм. Драмын театрын ар, Блю Скай, Гадаад хэргийн яамны урд хэдэн турба солих гэж 3 сар болж байна. дуусдаггүй. Ийм байж яаж метро барих гээд байгаа юм бэ ? Хотын менежер гээд 9 сарын эхээр очоод 9.15 гэхэд дуусга гээд үүрэгтчихээд явсан. Нөгөөдүүл нь салаавч үзүүлээд, дуусгаагүй сууж л байна. Хичээл ном эхлээд хөдөлгөөн ихэсхээр зам засна гээд хаагаад эхэлнэ. Нямбаатартайгаа адилхан орон, гаран, зохион байгуулалтгүй бүтэхгүй гарууд

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.212.117.125

Бас нэгэн солиотой төлгөн коммунист

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж