Дэндүү эрт нахиалсан ч бүрэн дэлбээлээгүй цор ганц Сарнай

Дэндүү эрт нахиалсан ч бүрэн дэлбээлээгүй цор ганц Сарнай

Дэндүү эрт нахиалсан ч бүрэн дэлбээлээгүй цор ганц Сарнай
NBA-ийн 2011-2012 оны улирал:
Улирлын өмнө Чикаго Буллс баг Деррик Рөүзтай таван жилийн 94.8 сая ам.долларын гэрээ байгуулсан нь лигийн зүгээс "Derrick Rose Rule" гаргах шалтгаан болов. Учир нь тэрбээр рүүки гэрээтэй байхдаа ROY, MVP, All NBA, All Star гээд хүртэж болох бүхий л нэр алдар, авч болох бүхий л шагналыг авсан учир багийн цалингийн цэсний 30 хувиас илүүг эзэмшиж болохгүй гэсэн заалтыг оруулав.
Тухайн улиралд Рөүз бас л өөрийн тэсрэлттэй ганган үзүүштэй тоглолтоо үзүүлж, баг нь 50-16 амжилттай дахин нэг удаа бүсээ тэргүүлж, плей-оффын эхний шатанд Филадельфиа 76ers багтай учраа таарав. Бүгд л Буллсыг ялна гэж бодсон.
Цувралын эхний тоглолт:
Буллс 12 оноо илүү тоглолт дуусахад нэг минут 22 секунд үлдсэн байлаа. Чикаго хотын хайрт хүү 23 оноо, есөн оновчтой дамжуулалт, есөн самбараас бөмбөг авалттай трипл дабл хийхэд ойрхон тоглож байлаа.
Бөмбөгөө залаад голоор дайраад оров. Харамсалтай нь унаад босч ирсэнгүй. Үнэхээр зовч шаналсан харагдаж, өвдгөө барин орилж байна.Юнайтед центр аниргүйд автаж, үзэгчид дор бүрнээ залбирсан. Буллсын ганц хожил ер бусын өндөр үнээр олдсон юм.
Дахин хэлэхэд Буллс 12 оноо илүү тоглолт дуусахад ердөө нэг минут 22 секунд үлдсэн байлаа. Магадгүй Рөүзийг талбай дээр үлдээсэн нь дасгалжуулагч Тим Тибодогийн хамгийн муу шийдвэр байсан байх. Түүнийг тамирчдаа хайрлаж мэддэггүй гэж сагсан бөмбөг сонирхогчид одоо ч шүүмжилдэг.
Шинжилгээний хариугаар Рөүз өвдөгний чагтан холбоосоо тасалсан гэх хариу гарав. Энэ цаг үеэс хойш бид Деррик Рөүзийг дахин хараагүй.
2010-аад оны эхэн үед NBA-д шинэчлэлийн салхи шуурч, ЛеБрон Жэймс аваргын цомыг эрэлхийлж, ур чадвараа Майамид аваачив. Спөрс, Лэйкерс, Селтикс багууд аваргын өрсөлдөөнийг тодорхойлж байсан үе. Тэдэн дээр Майами Хит нэмэгдэж, битүү морьд ч олшров. Баг бүр супер одтой үгүй юм аа гэхэд лидер нь тодорхой байлаа. Олон залуус ч лигийн өнгө төрхийг тодорхойлж, ааг омог нь багтаж ядсан эрин үед Чикагод Деррик өөрийн түүхийг бүтээж байв.

Чикагогийн унаган хүү Мемфисийн их сургуульд суралцаж, 2008 оны драфтын тэргүүн сонголтоор төрөлх хотдоо эргэн ирлээ. Хүн бүрийн хүлээлт өндөр байсан. Майкл Жорданоос хойш Буллс багт өгсөн бэлэг нь Рөүз байсан юм. Лигийн эхний тоглолтоосоо л үзэгчдийг байлдан дагуулсан. Түүний тэсрэлт, хурд, үсрэлт, довтолгооны төгсгөл гээд л үнэхээр өөр түвшнийх байлаа. Талбайн гадуур ч биеэ авч яваа байдал, хэлж буй үгс, өсвөр үеийнхэнд үзүүлж буй нөлөө нь тэс өөр.
Бэлгэ тэмдэг, нөлөөлөгч, баатар, шүтээн гэх үгс түүнийг тодорхойлно.
Лигт рүүки улиралдаа багаа чирсээр плей-оффт шалгарав. Аваргаа хамгаалагч Бостон Селтиксийг зовоож, долоон тоглолтод тахим буулгав. Тэр үеийн хүчирхэг Селтиксийг долоон тоглолтод тарчлааж, барьц алдуулсан Рөүз ирэх улирал нь илүү хүчтэй эргэн ирсэн. Лигт өнгөрүүлсэн хоёр дахь улиралдаа Рөүз бүх оддын тоглолтод сонгогдов. Майкл Жорданоос хойш бүх одод болсон анхны Буллсын тамирчин болсон. Плей-оффт ЛеБрон Жэймсийн Кливленд Кавальерст хожигдлоо. Гэхдээ л Рөүзийн ахиц дэвшил бусад багуудыг айлгаж байсан юм.
2010-2011 оны улирлын өмнөхөн ЛеБрон Жэймс Майамиг зорьж, Вэйд, Боштой нэгдэв. Спөрс, Лэйкерс, Селтикс ч хүчирхэг хэвээрээ. Рөүз ч утгаараа нахиалав. Улирлын эхнээс учраа бүрээ бут ниргэж, Лэйкерс, Майами, Спөрс, Мэжик гээд тухайн үеийн бүх шилдэг багуудыг толгойн дараалуулан бөхийлгөж, өөрийгөө "MVP" гэдгийг хангалттай харууллаа. Рөүз бүхнээс хурдан, бүхнээс тэсрэлттэй, бүхнээс өндөр үсэрч байсан. Сэтгэлзүй ч гэж алуурчин, хүйтэн цустай мэт. Өрсөлдөгч бүртээ өршөөл гэгчийг үзүүлэлгүй, толгой дээрээс нь хүчтэй тохож, үзэгчдийнх нь өмнө ханын зураг болгочихдог гэмтэй.
Баг нь 62-20 гэсэн амжилттай лигийг тэргүүлж, Рөүз 22 нас, зургаан сартайдаа лигийн түүхэн дэх хамгийн залуу "MVP" буюу "Үнэ цэнтэй тоглогч"-оор тодорчээ. Агуу түүхийн эхлэлтэй гэлтэй.
Плей-оффт Индиана Пэйсерс, Атланта Хавксыг буулгаж, бүсийн финалд ЛеБрон, Вэйд, Боштой таарлаа. Үнэхээр ганцаардсан. Багийн нөхөд нь туршлагагүйдэж, балчирдав. Цуврал таван тоглолтод Майами Хит хожлоо. Рөүз тэдний эсрэг 27.1 оноо дунджилсан түүхтэй.
Багууд Буллсыг хожихын тулд Рөүзийг хоёр, гурвуулаа хамгаалж байсан үе бий. Бөмбөгтэй Рөүз нэг хурдаа аваад будагтай талбайд нь ороод ирвэл агаар дээр түүнд саад болох хэн ч байсангүй. Тоглоомын дүрмийг Рөүз тодорхойлж, түүний өмссөн пүүз хамгийн ихээр зарагдаж байсан үе бий. Хүүхэд, залуус Рөүзийн тоглолтод донтож, бүгд л дотроо өөрсдийг Рөүзийг бүтээж байлаа.
Гэтэл тэр нэгэн өдөр Рөүз унаад дахин босч ирээгүй. Сарнай хэзээ ч бүрэн дэлбээлээгүй. Дэндүү эрт нахиалж, итгэл найдвар төрүүлсэн ч дэлбээгээ гүйцэт нээсэнгүй. Бага, багаар гундсаар 2024 оны есдүгээр сарын 26-ний өдөр сагсан бөмбөгт баяртай гэдгээ хэлэв.
Рөүз өөрийгөө хайж, Никс, Кавальерс, Тимберволвес, Пистонс, Гриззлис зэрэг багуудыг дамжсан. Гэхдээ хэзээ ч хуучин шигээ байсангүй. Сагсан бөмбөг үүрд түүнийг Буллсын улаан, цагаан өмсгөлтэй Рөүзээр нь үүрд санан дурсах болно. Хамгийн шилдгүүдийг нь болгож тавиад, хүйтэн царай гаргаад ширтэж байгаа дүрээр нь санана.
Хийсэн бүхэнд чинь баярлалаа, Деррик Мартелл Рөүз.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

lol 2024-09-28 66.181.185.127

yamar gay p1zdagaaraa bichuuleed baigaan bol. Ochood huhchuuch ene roseoo

Avatar

Нэргүй 2024-09-28 59.153.114.132

nas barchihsan ymuu yun ch nurchuu bichdegiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж