"Эдийн засаг 8 хувиар өсөх тооцоолол төсвийн төслөөс өөр хаана ч алга"

"Эдийн засаг 8 хувиар өсөх тооцоолол төсвийн төслөөс өөр хаана ч алга"

“News” агентлаг энэ долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногийн зочноор УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар, эдийн засагч Г.Батзориг, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан нарыг урьж, Монгол Улсын эдийн засаг ирэх жил ямар байх, Улс төрийн намын тухай хуулиар хэчнээн нам төрөөс санхүүжилт авах болсон зэрэг асуудлыг ярилцлаа.


Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдэд УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт гаргасан. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатартай ирэх оны төсвийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын 2025 оны төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Тэгвэл ирэх оны төсөв холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх дээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ямар дүгнэлт гаргав? 

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс есдүгээр сарын 20-ны дотор дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх ёстой. Төсвийн тухай хуульд баримтлах ёстой хамгийн эхний зарчим бол төсвийн тусгай шаардлагуудад нийцсэн байх ёстой. Мөн Төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийцүүлэх ёстой. Төсвийн тухай хуульд төсөв боловсруулахдаа баримтлах зарчим бий. Эдгээр зарчмуудыг харгалзан үзэх учиртай. Тухайлбал, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд нийцэх гэх мэт ерөнхий заалтууд бий. Харамсалтай нь, ерөнхий заалтуудыг шалгахад тийм амар биш. Нарийн дүн шинжилгээ хийж байж, тухайн төсөв Үндэсний аюулгүй байдалд нийцтэй эсэхийг дүгнэдэг. Богино хугацаанд дүн шинжилгээ хийхэд хэцүү. Харин төсөвт тусгагдсан байх ёстой дөрвөн тусгай шаардлагыг хангасан эсэхийг шалгах нь харьцангуй хялбар. Учир нь дээрх шаардлагууд тоогоор илэрхийлэгдсэн байдаг. Тухайлбал, зарлага талаасаа хэлэхэд шинээр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу урсгал зардал ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Хоёрдугаарт, Засгийн газрын өр зээлтэй холбоотой асуудал бий. Өмнө нь бид Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог байсныг өөрчилж, нэрлэсэн дүнгээр тооцдог болсон. Нэрлэсэн үнээр тооцож байгаа тохиолдолд нийт өрийн үлдэгдэл ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байх заалттай.

Гуравдугаарт, сая шинээр төсвийн суурь тэнцэл гэх ойлголт орж ирсэн. Суурь тэнцэл гэдэг нь тэнцвэржүүлсэн орлогоосоо суурь зарлагаа хасна. Суурь зарлага гэдэг бол нийт зарлагаасаа гадны зээл болон Засгийн газрын өрийн хэрэгслүүдээр санхүүжсэн хэсгийг хасаж тооцох юм. Энэ дүнг тэнцвэржүүлсэн орлогоосоо хасахад суурь тэнцэл гарах юм. Энэ бол олон улсын жишигт төдийлөн байхгүй шинэ ойлголт.

Энэхүү тэнцвэржүүлсэн орлогын хувь хэмжээ +2 хувийн ашигтай байх заалт орж ирсэн. Эцэст нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагаж мөрдөх журманд байдаг нэг заалт бол төсвийн тэнцэржүүлсэн алдагдлын хувь хэмжээ ДНБ-ний -2 хувиас хэтрэхгүй байх заалттай. Үндсэндээ өртэй холбоотой нэг, зардлын таазтай холбоотой нэг, орлого, зарлагын тэнцэлийг харсан хоёр заалт бий. Тэгэхээр Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсөв дээр дурдсан тусгай шаардлага, заалтуудыг урьдчилсан байдлаар хангасан гэсэн ерөнхий дүгнэлттэй орж ирсэн.

Төсвийн гол онцлог бол урьдчилсан байдлаар хангасан гэж дүгнэх нь тооцооллын асуудал. Тоонуудаа зөв тавьчихвал тусгай шаардлагуудыг урьдчилсан байдлаар хангах боломжтой. Гол нь үүнийгээ гүйцэтгэлээр хангаж чадах эсэх нь том асуудал.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2752718/ линкээр орж унших боломжтой.

"Төсвийн ил тод байдлыг ЗГ өөрөөсөө эхлүүлэх ёстой"

Засгийн газраас 2025 оны улсын төсвийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Төсвийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батална. Эдийн засагч Г.Батзоригтой ирэх оны улсын төсөв болон нийгэм эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.


-Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын 2024, 2025 оны төсөв огцом тэлж байна. Төсөвт хяналт тавихгүй байна гэж харж байна.  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хамгийн тогтворгүй, өөрчлөгддөг хууль болж хувирлаа. Нөхцөл байдалдаа тааруулаад бүгд өөр, өөрсдийнхөөрөө өөрчилж байна.  Төсвийн зарлага маш их тэлж байна. Зарлагыг нөхөх орлого хэр бодитой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэрвээ зарлагаа түрүүлж гаргаад орлого бодитой биш бол төсвийн алдагдал огцом нэмэгдэнэ. Эргээд зарлагаа нөхөх буюу санхүүжүүлэх эх үүсвэр шаардлагатай болно. Зарлагаа санхүүжүүлэхийн тулд мөнгө хэвлэх, өндөр дүнтэй бонд гаргах, гадаадаас зээл авах хэрэгцээ үүснэ. 2025 оны төсвийг бүрдүүлж буй гол хүчин зүйл нь уул уурхайн орлого. Тэр дундаа нүүрсний экспортоос голлох орлогыг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Ирэх жил нүүрсийг 83 сая тоннд хүргэнэ гэж төсөөлсөн байна. Энэ бол  асар өөдрөг таамаглал гэж харж байна. Учир нь Хятадын талаас нүүрсний орлого хамаарна.

Он гарснаас хойш хятадад нүүрсний үнэ 30 хувь унасан. Үүнийг дагаад гангийн үйлдвэрлэл унасан. Нүүрсний ченжүүд биржийн арилжаанд бараг оролцохгүй байна.

Мөн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаа. Тэгэхээр тус улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарч, Монголоос экспортлогдож буй түүхий эдийн эрэлт, үнэд нөлөөлж болзошгүй. Хятад улсад ийм хүнд нөхцөл үүссэн үед дахин 80 сая тонн нүүрс төлөвлөсөн нь хэтэрхий өөдрөг гэж харж байна. Монгол Улсын төсвийг цалинтай хүнээр төсөөлөхөд тогтмол орлоготой мэт, цалинтай хүн биш байхгүй юу. Хэзээ орж ирэх нь тодорхойгүй ажлын хөлс шиг төсвийн орлого тогтворгүй байдаг. Энэ бидний сул тал.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2752380/ линкээр орж унших боломжтой.

"Дэлгэцийн донтолт даамжирвал улс орны хөгжилд сөргөөр нөлөөлнө"

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн цахим хэрэглээ нэмэгдэж, өдрийн дийлэнх цагийг дэлгэцээс хамааралтай өнгөрүүлж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сэтгэл зүйд ямар сөрөг нөлөө, донтолт үүсч байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц засалч эмч Ж.Гантулгатай ярилцлаа.


-Иргэдийн зүгээс СЭМҮТ-өөс сэтгэл зүйн ямар зөвлөгөө, мэдээллийг авч байна вэ?

-Хүмүүс ихэвчлэн зөвлөгөө мэдээллийн утсаар зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн асуудлаар холбогддог. Насанд хүрсэн хүмүүс гэр бүлийн харилцааны зөрчлөөс үүдэлтэй зөвлөгөө болоод сэтгэл түгшилттэй холбоотой асуудлаар их холбогддог. Мөн архины хамаарлын дуудлага цөөнгүй ирдэг. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд утсаараа шөнөжин тоглоод зан аашинд нь өөрчлөлт орлоо гэж эцэг эхчүүд нь холбогдох тохиолдол олон байдаг.

-Хүмүүст ямар нэгэн асуудал гарахад хэн нэгэнтэй ярилцах биш хувийн цахим хуудастаа өөрийнхөө асуудал, бодлоо хуваалцахыг илүү үздэг болсон. Энэ нь хэр зөв шийдэл вэ?

-Хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Гэвч өөрийн хэт хувийн асуудлаа олон нийтийн сүлжээнд бичээд нийгмээс гарц гаргалгааг хайна гэдэг зөв шийдвэр биш. Учир нь олон нийтийн сүлжээнд нас, хүйс, ажил мэргэжил, өссөн орчин, үзэл бодол зэрэг нь тэс өөр хүмүүс  бий. Тэд тухайн хүний асуудалд өөр өөрийн өнцгөөс хариулна. Зарим хүмүүс сөрөг зүйл ч бичиж болно.

Харин ямар нэгэн асуудал гарсан бол мэргэжлийн хүний зөвлөгөөг авах нь зөв шийдэл юм.

-Амьд харилцаа, бодит уулзалтаас илүү дэлгэцийн цаанаас бусадтай харилцах, үзэл бодлоо илэрхийлэх нь өсвөр насныхан болон бага насны хүүхдүүдэд ямар нөлөөтэй бол?

-Бага насны хүүхдүүдийн хувьд дэлгэцтэй холбоотой асуудал нэлээд бий. Хүн бага насандаа юмсыг маш хурдан сурч эзэмших чадвартай. Тиймээс хүүхэд амьд харилцаа үүсгэж, ярилцаж, тоглож байж л сурч хөгжинө. Гэвч энэ үедээ дэлгэцээс хэт хамааралтай болж гадаад хэлээр хүүхэлдэйн кино, янз бүрийн бичлэг үзэж байгаа нь хүүхдийн хэлд орох чадварыг хойшлуулаад байна.

Мөн сүүлийн үед өсвөр насныханд ажиглагдах болсон нэг зүйл бий. Хоорондоо утсаараа мессеж, чат бичих, эсвэл дүрсээ хараад ярилцдаг.

Харин амьд харилцаа үүсгээд уулзахаараа яриа нийлэхгүй, ярих зүйл олдохгүй зэрэг хоорондоо ойлголцож чадахаа байсан зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр уулзаад ярилцах, холын зайнаас утсаар ярих хоёрын хооронд их ялгаатай. Сэтгэцийн эрүүл мэндийн талаас нь авч үзвэл хоорондоо уулзаад ярилцаж байх нь чухал.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2753853/ линкээр орж унших боломжтой.

"Тайлан гаргаагүй, хуралддаггүй намыг идэвхгүй болгоно"

Төрөөс улс төрийн нам, эвсэлд олгох санхүүжилтийн талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатантай ярилцлаа.


-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 онд баталсан. Парламентад суудалтай нам, эвслүүд өмнө нь төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авдаг байсан. Энэ удаагийн хуулийн шинэчлэл юугаараа онцлог болсон гэж харж байна вэ?

-Дэлхийн улс орнуудад улс төрийн намууд нь ардчиллыг бэхжүүлэх чухал багана нь учраас төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдэг дээр нэгдмэл байр суурьтай болж байна. Жишээлбэл, ардчилал бэхэжсэн Герман, Канад, Латви зэрэг улсууд намд олгох төрийн санхүүжилтийг нарийн зохицуулж өгсөн байдаг. Төрөөс дэмжлэг олгож байгаагийн хэрээр улс төрийн намуудаас хуульд заасан мэдээллүүдээ гаргуулж, тэр мэдээллийн үнэн зөв баталгаатай байдалд хяналт тавьдаг тогтолцоог бэхжүүлэх юм. Монгол Улсын хувьд 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хамаарч, хууль хэрэгжиж эхэлсэн.

Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн УИХ-ын сонгууль зохион байгуулахаас гадна улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, үйл ажиллагааны ил тод байдалд хяналт тавих нэмэлт чиг үүргийг хүлээж байгаа.

Өмнө нь 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлд, улс төрийн намуудад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр тогтоож өгсөн байсан. Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлж байсан.

Харин төрийн санхүүжилтийг олгож байгаагүй. Төрийн санхүүжилтийг олгосны дараа эргээд зарцуулалтад хяналт тавих боломж бүрдэнэ. Нам, эвслүүдэд ямар шалгуураар төрийн санхүүжилт өгч, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь өмнөх хуультай харьцуулахад дэлгэрэнгүй зохицуулж чадсан. Төрөөс тодорхой хэмжээнд хяналт, шалгуур тавьснаар ардчиллыг бэхжүүлж, улс төрийн намыг институци буюу байгууллагын хувьд дэмждэг, олон ургальч үзлыг дэмжих, улс төрийн өрсөлдөөнийг даван гарахад дэмжлэг болох гэсэн эерэг үр дагавартай. Монгол Улсын хувьд эрх зүйн хувьд ахиц дэвшил гаргасан. Уг хуулийг батлах нэг хэрэг. Бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь бүх нийтийн үүрэг болж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2752909/ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-09-28 103.212.117.236

Ууганаа багшаа улс төрч хулгайч нар эдийн засагчдын үгэнд орох уу яаж оруулдаг болгох вэ

Avatar

- ; 2024-09-28 216.38.195.74

zubxun

Avatar

- dokci, VIRUSNI amaa, UBDULTUUr; AIMSHIGTAI 2024-09-28 216.38.195.74

NYD ULAILTTAIg,
xamargamp )) ; ###
URyyl XARLALTTAIV; + epegtei XYN MUUXAI BOLGODOGV,
iLL
eregtei GAYAmand + YMXUI YNERTEI UBCHTEI
gadni zalxyyrJ Xevteex, Sheeregnex;.

Avatar

ccgfff 2024-09-28 202.9.41.27

манж х***а өлөн зулбасгуудыг хэзээч нам төриын толгойд гаргаж болохгүй цөлмөж дуусгадгийг нүүдэлчид үеийн үеийд мянга мянган жил санаж явахтун.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж