Японы эрх баригч Либерал ардчилсан намын сонгууль өнөөдөр болж, ялагчаа зарлалаа. Намын даргаар сонгогдсоноор Шигэрү Ишиба Японы дараагийн ерөнхий сайд болж байна гэсэн үг.
Либерал ардчилсан намын даргын сунгаанд есөн хүн өрсөлдсөн. Хамгийн өндөр магадлалтай гурван нэр дэвшигчээр Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба, экс ерөнхий сайдын хүү, 43 настай Шинжиро Коизүми, анхны эмэгтэй ерөнхий сайд болох магадлалтай байгаа Санаэ Такаичи нарыг нэрлэж байв.
Ялагчийг олон нийтийн санал асуулгаар бус намын дотоод санал хураалтаар тодруулжээ. Урьдчилсан санал асуулгуудад ч бас ихэвчлэн Шигэрү Ишиба түрүүлсэн. Тэрбээр Фүмио Кишидаг ил тод шүүмжилдэгээрээ шуугиан тарьж байсан бөгөөд энэ нь Японы улс төрд ховор тохиолдох зүйл юм.
67 настай Шигэрү Ишибагийн хувьд энэ өрсөлдөөнд өмнө нь дөрвөн ч удаа оролцож байсан туршлагатай. Тэрбээр Японыг хамгийн удаан хугацаанд удирдсан Шинзо Абэд ялагдаж байжээ. Урт удаан карьерынхаа туршид Ишиба намын ерөнхий нарын бичгийн дарга, Хөдөө аж ахуйн сайд, Батлан хамгаалахын сайд зэрэг хэд хэдэн чухал албан тушаал хашиж байсан. Тэрбээр хэт урт ажлын цагийг хянах, төрөлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийг сэргээх замаар хөдөөгийн хүн амын бууралттай тэмцэх, батлан хамгаалахын зардлыг 2027 он гэхэд НАТО-ын стандартад хүргэх гэсэн зорилт тавин ажиллана.
зочин 2024-09-27 66.142.222.33
Моголчууд Ази тивээс цойлон гарч дэлхийн тэргүүлэгч соёлт баруун европын олнууд болон хойт
америкийн знндаанд хүрсэн Япон болон Өмнөт Солонгосыг бахархан ширтдэг