"Calvin Klein", "Tommy Hilfiger" брэндүүдийн эзэмшигч "PVH Corp" компанийг Шинжаанаас хөвөн авахаас татгалзсан гэх үндэслэлээр Хятадад мөрдөн шалгаж байна. Цаашилбал, Хятадад байр сууриа бат эзэлсэн АНУ-ын компанид хориг тавихад хүргэж болзошгүй гэв. "Calvin Klein" л гэхэд Хятадын муж бүхэнд салбартай гэхэд болно.
АНУ үндэсний аюулгүй байдлын үүднээс хятад, орос технологи бүхий ухаалаг тээврийн хэрэгслийн импорт, борлуулалтыг хориглох төлөвтэй байгаагаа Даваа гаригт мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа Хятадын Худалдааны яам дээр уг асуудлыг дэвшүүлжээ. Худалдааны яамны мэдэгдэлд дурдахдаа "Нью-Йоркт төвтэй ‘PVH’ нь Хятадын Шинжаанаас нийлүүлдэг хөвөнг бойкотлож, зах зээлийн гүйлгээний хэвийн зарчмыг зөрчсөн гэж сэжиглэж байна" гэжээ.
Жагсаалтад одоогоор таван компани байгаа бөгөөд анхны хоригийг 2019 онд тавьж байв. Тэдгээрийн ихэнх нь батлан хамгаалахын салбарын үйлдвэрлэгчид бөгөөд өдгөө Хятадад үйл ажиллагаа эрхэлдэггүй. Энэ жагсаалтад багтсан бол бараа бүтээгдэхүүнээ экспортлох, импортлох, хөрөнгө оруулах хориотой.
Барууны хувцасны брэндүүд өмнө нь Шинжааны хөвөнгөөс болж Хятадтай асуудал үүсгэж байсан. Тухайлбал, Хятад улс Шведийн "H&M" брэндийг 2021 оны гуравдугаар сард томоохон цахим дэлгүүрүүдээсээ татан авчээ. Гэхдээ жилийн дараанаас цахим борлуулалт эргэн сэргэсэн.
Холбоотой мэдээ