Холливудын од Брэд Питт мэт дүр эсгэж, цахим орчинд мөнгө луйвардсан таван хүнийг баривчилсан байна. Испанийн цагдаа нар "Бралина" гэх ажиллагааг явуулж буй эдгээр луйварчинг хоёр эмэгтэйгээс 362 мянган ам.доллар залилж авсан болохыг тогтоожээ.
Эмэгтэйчүүдийн нэг нь 195 мянган ам.доллар, нөгөө нь 167 мянган ам.доллар залилуулсан бөгөөд цагдаа нарын тусламжтайгаар ердөө 95 мянган ам.доллараа буцаан авч чадсан.
Хохирогчид Брэд Питтийн шүтэн бишрэгчдийн цахим хуудсаар дамжуулан гэмт хэрэгтнүүдтэй холбогджээ. Найман гэмт хэрэгтэн Брэд Питт гэсэн хуурамч цахим хаяг үүсгэж, хохирогч эмэгтэйчүүдтэй хамтран олон төрлийн бизнест хөрөнгө оруулах хүсэлт тавьсан байна.
Цагдаагийн газар энэ талаар мэдээлэхдээ "Цахим гэмт хэрэгтнүүд хохирогчоо олохын тулд тэдний дуртай зүйлс, жүжигчин, кино гэх мэт сонирхлынх нь дагуу судалж эхэлдэг. Мөрдөн шалгалтын явцад хохирогч хоёр эмэгтэй сэтгэлийн хямралд өртсөн байсныг тогтоосон. Тэд хоёулаа жүжигчин Брэд Питтэд дуртай байсан тул гэмт этгээдүүд эмзэг байдлыг нь ашиглаж, хуурамч хаяг нээсэн" гэжээ. Мөн "Гэмт этгээдүүд ‘WhatsApp’ платформоор дамжуулж, хохирогчидтой харьцаж эхэлсэн бөгөөд романтик харилцаа, хамтын ирээдүйг амласан" гэв.
Хоёр эмэгтэй луйвардуулснаа мэдээд цагдаад хандах хүртлээ Брэд Питт гэж бодсон хүндээ удаа дараа мөнгө шилжүүлсэн байна. Гэмт этгээдүүд хуурамч данс нээж, Брэд Питт мөнгө хүлээн авч байгаа мэт харагдаж чадсан байна. Мөн энэ залилах үйл ажиллагаагаа "Бралина" гэж нэрлэсэн байсан аж.
Холбоотой мэдээ