
Хэрэг пүрэв гаригийн өглөөний 07 цагийн үед гарсан ба алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Пураам” компанийн байранд хэсэг хүмүүс халдаж, ойролцоох модон дундаас цахилгааны шит болон техник хэрэгсэл рүү нь буудсанаар энэ хэрэг манджээ. Бидний авсан сүүлийн мэдээллээр “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хүмүүс Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүд байжээ.
Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхний тайлбарлаж буйгаар “Түнхэлд үйл ажиллагаа явуулдаг “Пураам” компани нь голын голдирол дунд алт олборлож, голын урсацыг хаасан тул хэд хэдэн удаа үйл ажиллагаагаа зогсоох талаар тус хөдөлгөөнийхөн шаардаж байсан гэнэ. Ингээд тэдний шаардлага үр дүнд хүрээгүй тул арга буюу есдүгээр сарын 2-нд тус хөдөлгөөний хүмүүс компанийн техник, хэрэгсэл рүү буудаж, үйл ажиллагааг нь зогсоохыг оролдсон юм байна.
Буу шийдэмдээ тулсан энэ хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд техник хэрэгсэл рүү буудсан гэх “Хүдэр гол” хөдөлгөөний тэргүүн Г.Баяраа, “Онги гол” хөдөлгөөний тэргүүн н.Мөнхбаяр нарын хоёр хүнийг эрэн хайж байна. Цагдаа нар тэднийг ууланд бүгсэн хэмээн бүслээд байгаа бол Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөний гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэлийн хэлснээр ”Пураам” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэн оролцсон дээрх хоёр хүнээ Түнхэлд байгаа гэж байгаа боловч хэрэг гарсан оройноос хойш холбоо барьж чадахгүй байгаа гэлээ.
“Пураам” гэж ямар учиртай компани вэ?
Энэ компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд Сэлэнгэ аймгийн удирдлагуудын тайлбарласнаар байгаль орчны үнэлгээ болон бусад бичиг баримт нь зохих хуулийн дагуу зөвшөөрөгдсөн компани гэв. Мандал сумын нутаг дахь Булагийн ам хэмээх газарт 2027 он хүртэлх хугацаанд олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй. Нийт 133.35 га-д лиценз эзэмшдэг ажээ.