Дундаж наслалт нь өндөр байдаг орнуудыг жагсаахад Монгол Улс 2016 онд 12-т орж байжээ. “Монгол Улсын жендерийн нөхцөл байдлын үнэлгээ”-ний тайланд дурдсанаар энэ нь эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бага авдаг, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ нь өндөр байдаг зэрэгтэй холбоотой.
Дэлхийн банк, Жендерийн үндэсний хороо хамтран “Монгол Улсын жендерийн нөхцөл байдлын үнэлгээ”, “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г танилцуулсан. Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт зөрүүтэй байгаа шалтгаан нь эмнэлэгт ханддаг эсэхтэй нь холбоотой байдаг гэнэ. Эрэгтэйчүүд эмнэлгийн байгууллагад хандах нь бага байна. Тодруулбал, “Эрт илрүүлэг”-т хамрагдсан хүмүүсийн 40 хүрэхгүй хувь нь эрчүүд байжээ.
Судалгаанд оролцсон эрчүүдийн 59 хувь нь өвчтэй үедээ л эмнэлгийн тусламж авдаг бол 20 хувь нь хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй гэсэн байна.
Мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.6-аар богино гэсэн судалгаа байдаг. 2016 оны байдлаар дундаж наслалт хамгийн их байдаг орнуудаас Монгол улс 12 дугаар байранд жагсаж байжээ. Эрэгтэйчүүдийн нас баралтын голлох шалтгаанд халдварын бус өвчлөл буюу зүрх судасны өвчин , хорт хавдар зонхилдог байна. Үүнээс гадна осол, амиа хорлолт, бусдын гарт амиа алдах тохиолдол их байдаг аж. Эрсдэлт зан үйлүүд, жендерийн хэвшмэл ойлголтууд болон эрүүл мэндийн тусламж авах байдал зэрэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүнд нөлөөлдөг.
30-аас доош насны эрчүүдийн нас баралтын гол шалтгаан нь амиа хорлолт, зам тээврийн осол байна.
ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Эрэгтэйчүүд зүрх судасны өвчлөлөөр 45 наснаасаа өвдөж эхэлж байна. Мөн гуурсан хоолой, уушгины хорт хавдраар нас барж байгаа хүмүүсийн 78 хувь нь эрэгтэйчүүд. Энэ нь эрэгтэй хүмүүсийн хэрэглээтэй холбоотой. Тодруулбал, тамхи татах, архи уух зэрэг нь эрчүүдийн дээрх өвчлөлөөр өвдөх шалтгаан болж байна. Мөн эрчүүдийн хувьд авто тээврийн осол, ажлын байрны осолд орж нас барах нь их байдаг. Жил бүр манай улсад нас барж байгаа хүний 60 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Тиймээс зөв дадал хэвшил суулгаж, өвчлөхөөс нь өмнө эмчлэхийг илүүд үзэж ‘Эрт илрүүлэг’ хэмээх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэлээ.
Тиймээс ДЭМБ-ын халдварт бус өвчинтэй холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Үүнд, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг чангатгах, түүнтэй холбоотой зар сурталчилгаа, дэмжлэг санхүүжилтийн хоригийг нэмэгдүүлэх, жижиглэнгийн худалдааны хязгаарлалтыг нэмэгдүүлэх зэрэг багтана. Мөн албан газруудыг дотроо тамхи татахыг бүрэн хориглох, тамхинаас гарахад туслах суваг ба сэтгэлзүйн зөвлөгөө өгөх боломжтой болгох хэрэгтэй ажээ.
Нэргүй 2024-09-25 202.126.90.146
Хөтөлж аваачих ёстой юу хүлж аваачиж үзүүлэх ёстой юу, хүн өөр өөртөө арчаатай байх хэрэгтэй.