Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 35 дугаар хурал өнөөдөр /2024.09.25/ “Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” сэдвийн дор болж байна.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 3.2-т 2030 онд нялхас, тав хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг тэглэх, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас доош болгон бууруулах зориолт дэвшүүлжээ. ДЭМБ-ын 2023 оны мэдээллээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 15 байгаа нь дэлхийн дундаж /38/-аас 23-аар бага, номхон далайн баруун эргийн бүсийн дундаж /12/-аас 3-аар өндөр байгаа юм.
Эмгэг судлалын үндэсний төв /ЭСҮТ/-ийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү:
-Эх, нярай, хүүхдийн эдгээр эндэгдлүүдийн дийлэнхи нь урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлүүд байгаа нь бүх салбар, байгууллага, мэргэжлийн нийгэмлэгүүд, гэр бүл, олон нийтийн оролцоог хангах, нотолгоонд суурилсан, чанартай, үр дүнтэй эрүүл мэндийн тусламжийг эх, хүүхэд бүрт хүргэх эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийх, эх барих, нярай, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд анхаарч, стандарт, заавар, журмыг чанд мөрдөж ажилллах шаардлагатай байна. Мөн нийгмийн асуудлууд ч үүнд чухал нөлөөтэй. Жишээ нь, жирэмсний хяналтыг сайжруулах гэх мэт. Оршин суугаа газрын зарчилтэй эмэгтэйчүүд жирэмсний бүрэн хяналтандаа орж чаддаггүй. Эх, хүүхдийн эндэгдэл зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Монгол Улсад сүүлийн жилүүдэд эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурч байна. "Covid-19"-ийн шалтгаантай эх, хүүхдийн эндэгдэл тэр дундаа эхийн эндэгдэл өссөн. Гэвч "Covid-19"-ийн үед маск зүүх зэргээр ариун цэврийг сайтаар сахиснаар эсрэгээр хүүхдийн өвчлөл буурсан сайн үзүүлэлтэй байгаа.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Халид Шарифи:
-Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах чиглэлд НҮБ-аас хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд явж байна. Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байгаа. Учир нь аливаа улсын хөгжлийг Эх хүүхдийн эрүүл мэндээр үнэлдэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг үндсэн индекс болдог учраас энэ салбарт бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эхийн эндэгдэлд гэр бүл төлөвлөлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ялгавартай байдал, жендерийн тэгш бус байдал зэрэг нь нөлөөлж, суурь үзүүлэлт болж өгдөг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хөгжингүй орнуудад энэ төрлийн судалгаа, шинжилгээний ажлууд маш чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ судалгаа, шинжилгээний ажилд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч байна. Үүн дээр тулгуурлан салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх ёстой. Судалгаа, шинжилгээний хувьд гэр бүл төлөвлөлт, жендерийн тэгш бус байдлыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад анхаарч эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол хийх нь зөв ажлаа зохион байгуулахад үр дүнгээ өгнө.
Жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулах хамгийн гол хүчин зүйл болдог. Хоёрдугаарт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээллийг өвсөр үеийнхэн зайлшгүй авах шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд хэллээ.
Холбоотой мэдээ