"Хүүхдээ хөхүүлсний дараа амны хөндийг цэвэрлэх хэрэгтэй"

"Хүүхдээ хөхүүлсний дараа амны хөндийг цэвэрлэх хэрэгтэй"

Монгол Улсын 10 хүүхэд тутмын тав нь шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн судалгаа бий. Эрүүл шүдтэй байхын тулд нярай байхаас нь амны хөндийг цэвэрлэж байх шаардлагатай байдаг. Энэ талаар нийслэлийн эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Номинцэцэгээс тодруулав.

-Шүд нь дөнгөж цухуйж эхэлсэн нярайн амны хөндийг хэрхэн арчлах вэ?

-Хүүхдийн шүдийг цахиур буюу анх цухуйж эхэлснээс нь хойш арчлах нь чухал. Гэхдээ тэр үед нь шүдний сойзоор угаах нь тохиромжгүй. Нярай хүүхдийн шүдийг угаах зориулалтын хуруувч гэж бий. Тэр хуруувчийг ашиглаад аман дотор нь хөнгөн иллэг хийж тогтсон өнгөрийг нь цэвэрлэж болно. Хоёроос гурван насанд хүүхдийн сүүн шүд ургаад дуусчихсан байдаг. Энэ үед нь эцэг эх нь угааж өгөх хэрэгтэй. Харин зургаан наснаас хойш эцэг эхийн зааврын дагуу биеэ дагаад өөрөө угааж сурах хэрэгтэй юм.  Эцэг эхчүүд долоо хоногт нэг удаа шүдний өнгөр тодорхойлогчоор хүүхдийн шүдийг шалгаж байвал их сайн. Дөрвөн сард нэг удаа шүдний эмч дээр ирж хүүхдийн шүдийг нь үзүүлээд байвал шүд цооролтоос сэргийлж чадна.

Нярайн хувьд хөхний сүү цоорол үүсгэх орчин болж болдог. Хүүхдийг зургаан сар хүртэл хөхний сүүгээр хооллолдог. Тэр үед хүүхдийн шүд цухуйж эхэлнэ. Тиймээс ээжүүд хүүхдээ хөхүүлчхээд дараа нь зориулалтын хуруувч ашиглаад амны хөндийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.

-Сүүн шүднээс ясан шүд рүү солигдох үед шүдний цоорлын тархалт их байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгэхээр сүүн шүдийг сайн арчлах нь цаашдаа эрүүл шүдтэй байх үндэс гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Сүүн шүд ямар ач холбогдолтой гэвэл байнгын буюу ясан шүд ургах зайг нь хадгалаад байж байдаг. Хэрэв сүүн шүд цоорох болон ямар нэгэн шалтгаанаар авхуулсан тохиолдолд ясан шүд ургах зайгүй болж шүд эрүү нүүрний гажиг үүсэх шалтгаан болдог. Сүүн шүд нь өвчлөлтэй хүүхэд хатуу бүтэцтэй хоол унд идэхэд эмзэглэлтэй байдаг бол нүүр амны гажиг үүсэхээс гадна дотор эрхтэн, зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл үүснэ.

-Жирэмсэн эхийн хооллолт хүүхдийн шүдэнд нөлөөлөх боломжтой юу?

-Эхийн хооллолт гэдсэнд байгаа хүүхдийн ясжилтад нөлөөлөх боломжтой. Гэхдээ хүүхдийн шүдэнд шууд хамаарал байхгүй. Учир нь ихсийн хориг гэж зүйл бий. Харин эхийн хоол тэжээл эрдэс бодисын дутагдал, сахар их иддэг бол бусад эрхтэн системд нөлөөлнө.

-Шүдний цоорол хэрхэн үүсэх вэ?

-Амны хөндийд энгийн бичил биетүүд байдаг. Хоол идэх үед энэ бичил биетүүд хүчил ялгаруулж шүлсний орчныг хүчиллэг болгодог. Хэрэв нүүрс ус ихээр агуулсан мөн чихэрлэг хүнс хэрэглэсэн бол шүлсний эрдэсжүүлэх үйлчилгээ удааширч шүд цоорох үндэс болдог. Энэ үед нь шүдээ угааж цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв шүдээ угаах боломжгүй нөхцөлд байгаа бол шүлтлэг усаар амаа зайлах эсвэл ус ууж хэвших нь амны хөндийн эрүүл ахуйд тустай юм. Амны хөндийн хүчил шүлтийн орчин тэнцвэртэй байж л шүд эрүүл байх нөхцөл бүрдэнэ.

-Олон удаагийн давтамжтай идэх нь шүд цоороход нөлөөлөх боломжтой юу?

-Хүүхэд том хүн ялгаагүй. Хоолыг олон давтамжтай идэх нь шүд цооролд нөлөөлж байна гэдэг нь үнэн. Нэг хоолоо идсэнээс дараагийн хоол идэх үе хүртэл ойролцоогоор 20 минутад цоорол үүсгэх орчин бүрдэхгүй. Энэ хооронд шүдээ сайн угаачихвал амны хөндийгөө хэвийн хэмжээнд барьж болно. Харин удах тусам амны хөндий хүчиллэг болж шүд цоорох орчныг нь бүрдүүлчихдэг. Мөн хоолноос их шалтгаална. Их хүчиллэг хоол идэх хоолны дараа чихэрлэг зүйл, ундаа хэрэглэдэг. Ийм хоолны зуршил байдаг бол амаа угааж амны орчныг хэвийн байлгах нь зүйтэй.

Т.Хүслэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж