НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Чуулганд оролцогч улс орнууд “Хэнийг ч үл орхигдуулах: Одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор санал шүүмжлэл өрнүүлж буй. Энэ үеэр дэлхийн удирдагчид ямар асуудлыг онцлон дэвшүүлж, үг хэлснийг хураангуйлан хүргэе.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:
“Газын зурвас, Украин, Судан болон бусад газар нутагт ширүүн мөргөлдөөн үргэлжилж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тодорхойгүй байдал нэмэгдсэн, ядуурал, хиймэл оюун ухаан ноёрхож буй цаг үед дэлхийн удирдагчид чуулж байна. Манай дэлхий шуурган дунд байна. Бид зоримог өөрчлөлтийн эрин үед ирээд байна. Урьд өмнө байгаагүй сорилтууд бидний өмнө тулгарав. Чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүнүүдэд хоёр чухал үнэнийг хэлмээр байна. Нэгдүгээрт, дэлхий ертөнц тогтворгүй байна. Хоёрдугаарт, бидний өмнө тулгараад байгаа сорилтууд шийдэгдэх боломжтой. Ирээдүйн дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын гишүүн орнууд Ирээдүйн гэрээ гэгддэг хэтийн төлөвийн тунхаглалыг хүлээн зөвшөөрсөн нь үүний эхний алхам байлаа.
Бидний өмнө тулгарч буй гурван гол хүчин зүйл байна. Эдгээр нь шийтгэл хүлээдэггүй ертөнц, тэгш бус ертөнц, тодорхойгүй ертөнц гурав юм. Ойрхи Дорнод, Европ, Африкт энэ ял шийтгэлгүй байдал илт харагдаж байна. Ливан дайны ирмэгт байна. Дэлхий дахин Ливаныг Газын зурвас болгохыг тэвчих ёсгүй.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Филемон Ян:
Дэлхийн хэмжээнд тулгамдаж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтын арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх эцсийн хугацаа хүртэл ердөө таван жил үлдээд байна. Бидний хийх ажлын яаралтай байдлыг үгээр илэрхийлэмгүй. Улам хурцдаж буй цаг уурын онцгой байдлын эсрэг нэгдсэн фронт байгуулах хэрэгтэй байна. Мөн Ойрхи Дорнод, Украин, Гаити, Суданд үргэлжилж буй мөргөлдөөний галыг нэн даруй зогсоож, олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөхийг уриалъя. Хамас ба Израилийн хоорондох хүчирхийллийг зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг болзолгүйгээр суллах, палестин болон израильчуудын энх тайвныг хангахын тулд шийдэлд хүрэхийг уриалж байна. Нөөцийг дайны талбарт шилжүүлэх нь хүйтэн дайныг санагдуулам урьд өмнө байгаагүй зэвсгийн уралдааныг өдөөж байна. Хуучин өрөөсгөл үзэл болон шинэ хуваагдал нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд саад болж байна. Байнгын яриа хэлэлцээ бол хүчирхэг зэвсэг.
Хүйсийн тэгш байдал ба хүний эрхийн асуудал ч дэлхий даяар хөндөгдөж байна. Мөн албадан хөдөлмөр эрхлэлт, орчин үеийн боолчлолыг буруушааж байна. Үүнтэй тэмцэхийн тулд дэлхий нийтээр тууштай байх хэрэгтэй.
Мөн олон улс орон өрийн дарамтад орж байгаа тул олон улсын санхүүгийн системд яаралтай шинэчлэл хийх шаардлагатай. Саяхан болсон "Ирээдүйн дээд хэмжээний уулзалт" болон батлагдсан "Ирээдүйн гэрээ" нь хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн сорилтыг даван туулахын тулд олон талт байгууллагуудыг сэргээх зорилготой юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден:
Бидний өнөөдрийн хийх сонголт ирэх 10 жилийн ирээдүйг тодорхойлох болно. Зарим зүйл засгийн эрхэнд үлдэхээс илүү чухал. Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн хямралыг хамтдаа даван туулах боломжтой. Гэвч одоог хүртэл шийдэгдээгүй асуудлууд байна. Хамасын дайралтаас болж дэлхий нийт аймшигт автах ёсгүй. Уг халдлагын үеэр барьцаалагдсан хүмүүсийг суллаж, Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоохыг уриалъя. Газын зурваст гэм зэмгүй энгийн иргэд, тусламжийн ажилтнууд гээд мянга, мянган хүн амь үрэгдэж байна. АНУ бүс нутгийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй дайнаас урьдчилан сэргийлэхээр шийдсэн. Хезболла ямар ч шалтгаангүйгээр аравдугаар сарын 7-ны халдлагад нэгдэж, Израиль руу пуужин харвасан. Мөргөлдөөнөөс хойш жил өнгөрлөө. Израиль, Ливаны хилийн хоёр талд дэндүү олон дүрвэгч байна. Бүрэн хэмжээний дайн хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй. Орос, Украины дайнаас дэлхий нийт нүүр буруулахгүй. Сайн мэдээ гэвэл ОХУ-ын ерөнхийлөгч Путины дайны үндсэн зорилго бүтэлгүйтсэн. Тэр Украиныг устгахаар зорьсон ч Украин эрх чөлөөтэй хэвээр байна. Тэр НАТО-г сулруулахыг зорьсон ч НАТО урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг, том, нэгдмэл болсон. Мөн бид Судан дахь цус урсгасан иргэний дайнд анхаарлаа хандуулж байна. Мөргөлдөөнийг зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэхийг уриалъя. Урагшлах зам үргэлж байдаг. Бүх зүйл сайжирна.
Бразилын ерөнхийлөгч Луис Лула:
НҮБ өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд тохирсон хангалттай арга хэмжээ авахгүй байгаа мэт санагдаж байна. Энэ нь яриа хэлэлцээр хийх хамтын чадавх суларч буйг харуулна. Тухайлбал, НҮБ-аас саяхан баталсан “Ирээдүйн гэрээ” нь ойрын жилүүдийн олон талт харилцааны чиг хандлагыг тодорхойлох зорилготой боловч хамрах хүрээний хувьд хязгаарлагдмал байна. Хязгаарлагдмал хамрах хүрээ нь бидний цаг үеийн парадоксын илэрхийлэл юм. Түүнчлэн, Covid-19-ийн улмаас тулгарсан сорилтуудыг үл харгалзан ДЭМБ цар тахлын эсрэг иж бүрэн гэрээ байгуулаагүй. Бид улам л зовлон, бухимдал, хурцадмал байдал, айдас түгшүүртэй цаг үед амьдрах боллоо. Цэргийн төсөв, мөргөлдөөн нэмэгдэх болов. Олон улсын эрх зүйн дэмжлэггүйгээр хүч хэрэглэх нь хэвийн үзэгдэл болжээ. Украин дахь дайныг Хятадтай хамтран санал болгож буй зургаан зүйлт төлөвлөгөөгөөр дамжуулан бүтээлч яриа хэлэлцээгээр шийдэхийг эрмэлзэж байна. Газын зурвас болон Баруун эрэг дэх хүмүүнлэгийн хямрал нь сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн том хүмүүнлэгийн хямралын нэг. Цаашилбал, Ливан дахь нөхцөл байдлыг “Батлан хамгаалах эрх нь өс хонзон авах эрх болсон” гэж тодорхойлж байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлээсэн үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг ирээдүй хойч үе үүрэх болно. Бразил улс Амазоны ойн хомсдолыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан.
Дэлхийн санхүүгийн системийг шинэчлэхийг уриалж байна. Бага, дунд орлогтой орнуудын гачигдалтай байдал нь нь хамгийн ядуу нь хамгийн баянаа санхүүжүүлдэг “Маршаллын урвуу төлөвлөгөө”-нд хүргэдэг. Африкийн орнууд болон чинээлэг орнуудын зээлийн хүү эрс ялгаатай байна. тэрээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудад хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэгдүүлэхийг уриалъя.
Эцэст нь НҮБ-ын дүрмийг иж бүрэн хянан үзэж, байгууллагад яаралтай шинэчлэл хийхийг уриалж байна.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса:
Дэлхийн асуудалд НҮБ ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг Өмнөд Африкийн түүх гэрчилж байна. НҮБ бидний тэмцлийг дэмжихдээ хүний үндсэн эрх, нэр төр, үнэ цэн, том, жижиг үндэстнүүдийн тэгш эрхийг баталгаажуулсан. Өмнөд Африкчууд бид апартейд ямар байдгийг мэддэг. Газын зурваст апартейд бусдын эсрэг үйлдэгдэж байгааг бид чимээгүй ажиглаад суухгүй. НҮБ-ын систем болон бусад үндэстэн дамнасан байгууллагуудаар дамжуулан энгийн иргэдийн зовлон зүдгүүрийг арилгахын тулд хамтын хүчин чармайлт гаргаж, Олон улсын шүүхээр дамжуулан Израилийн эсрэг хууль ёсны арга хэмжээ авахыг уриалж байна. Цорын ганц шийдэл бол Палестин улсыг байгуулах явдал юм. Бүс нутагт энх тайвныг тогтоохын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргах ёстой. Гэхдээ үүний тулд хүртээмжтэй Аюулгүйн зөвлөл хэрэгтэй байна. Аюулгүйн зөвлөлийг яаралтай шинэчлэх ёстой. Бүх үндэстний дуу хоолойг сонсож, анхаарч үзэхийн тулд илүү өргөн хүрээтэй байх ёстой.
Нэргүй 2024-09-25 103.168.34.30
бөйден өвчтэй тэнэг хүн үг нь миний яриа шиг л ..
Нэргүй 2024-09-25 192.42.116.195
Жо Байденгийн үг л ямар ч утга алга, аргагүй дээ зөнөсөн хөгшин