Монгол Улсад хог ангилах соёл дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч өнөөдрийг хүртэл хог ангилах дадал иргэдэд бүрэн суугаагүй байна. Хог ангилах нь дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийг нэмэгдүүлэхээс гадна хөрсний бохирдлоос сэргийлэх боломжтой. Тэгвэл иргэд хог хаягдлаа ангилж хаяж хэвшсэн эсэхийг сурвалжиллаа.
Сонгинохайрхан дүүргийн орчны тохижилтын засварын ажил нэлээд ахицтай. Тус дүүргийн нэгдүгээр хорооллын ойр орчмын талбайд нийслэлд жишиг болохуйц бүтээн байгуулалтыг хийж байгаа юм. Тухайн хорооллын автобусны буудлыг зайгүй мэт харагдуулдаг байсан ТҮЦ, дэлгүүрүүдийг нүүлгэж, дугуйн өргөн зам хийсэн нь цэлгэр харагдана. Мөн ойр ойрхон өнгө өнгийн цэцэг тарьсан нь тус газарт өнгө нэмэх аж. Хүүхдүүд дугуйн замаар дугуйтай уралдаж, гэр бүлээрээ автобусны буудлын ойролцоох цэцэгсийг шохоорхоно. Автобусны буудлаас цааш алхан байрнуудын дундуур орвол хуучны цэнхэр, шар өнгөтэй нэгдүгээр хорооллын барилгууд сүндэрлэнэ. Хуучны байрууд учраас нэг л ижил загвартай. Хаалганыхаа хажууд хогийн бункертэй байх нь элбэг.
Хэдийгээр байрнуудын орчин тойрныг засч, гэгээлэг болгосон ч орцны хаалганы хажуу талд овоорсон хог орчин тойрныхоо үзэмжийг доош нь татна. Зарим ууттай хогууд нь задарч, бүх хог нь овоорчээ.
10 жилийн өмнөхтэй харьцуулахад үйлчилгээний байгууллагууд хогоо ангилдаг болсон гэдгийг нэгдүгээр хороолол орчмын оршин суугчид хэлж байлаа. Гэвч зөвхөн үйлчилгээний газар. Харин гэрийнхээ хогийг бөөгнүүлээд нэг уутанд хийгээд байрныхаа гадна, тэр бүү хэл орцондоо хаячихдаг асуудал 10 жилийн өмнөхөөс ялгаагүй байгаа гэв. Ийн иргэдийн эмх цэгцгүй хаясан хогийг СӨХ-ийн ажилчид ялгах тохиолдол их гардаг байна.
"ИРГЭД ХОГОО АНГИЛСАН Ч ТҮҮХИЙ ЭД АВЧ БАЙГАА ҮЙЛДВЭРҮҮД ХОМС"
СӨХ өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодруулахад, 2019 оноос хойш эхлээд нийслэлийн Захирагчийн албатай хамтраад хог ангилах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл иргэд хог ангилах мэдлэг дадлага байхгүйгээс үүдэж хогоо бөөнөөр нь хаядаг. Үүнээс үүдэж СӨХ-ийн ажилчид тэр хогийг ангилах ажлыг хийж байгаа. Нөгөө талаасаа иргэд хогоо ангилсан ч тэр түүхий эдийг авч байгаа үйлдвэрүүд хомс байна.
Дараагийн асуудал гэвэл СӨХ хогоо ангилан ялгаад байршуулчихсан байхад хог тээвэрлэх машинууд ирээд ачиж явахдаа ангилсан хогийг бөөгнүүлээд аччихлаа гэсэн гомдол маш их ирдэг гэв.
Нийслэлд амьдарч буй хүмүүсийн тоо ихсэхийн хэрээр хэрэглээ нэмэгдэж буй. Үүнээс шалтгаалаад их хэмжээний хог хаягдлыг газар булж шатааж, нүхэн жорлон олон тоогоор барьж, машин угаалгын газрууд нэмэгдэж буй нь хөрс бохирдоход нөлөө үзүүлж байна. Харин үүний нэгээхэн хэсэг нь хогны асуудал. Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.4-1.5 сая тонн хог хаягдал гардаг.Үүний 80 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэвч Монгол Улсад ердөө гурван хувийг нь л дахин боловсруулж харин ихэнхийг нь хөрсөнд булж, шатааж устгаж байгаа нь хөрсийг бохирдуулах шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Булах, шатаах технологийг ашиглахгүйгээр дахин боловсруулан хөрсөө хамгаалах боломж байгаа ч хогоо ангилаагүйгээс зарим түүхий эдийг дахин ашиглах боломжгүйд хүргэж булах, шатаах шаардлагатай болж байгаа юм.
ИРГЭД: ЕР НЬ ХОГОО АНГИЛЖ ХАЯХ НЬ ЗӨВ САНАГДДАГ
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хэсгээр бид цааш алхлаа. Бараг л байр бүрийн гадаа ууттай хог хаяжээ. Тус хорооны оршин суугчдаас хогоо ангилдаг эсэхийг асуухад ихэнх нь "үгүй" гэсэн юм. Хог ангилах тухай иргэдээс асуухад, яамнаас хороо, дүүргүүдийн засаг даргад харьяалагдах нутаг дэвсгэрүүдэд хог ангилах цэгийг байгуулах тухай чиглэл өгөх хэрэгтэй. Үүнтэйгээ уяад холбогдох журам батлаад мөрдүүлээд, цугласан хогийг нь дахин боловсруулах үйлдвэрүүдийг шууд ачихаар зохицуулалт хийж өгвөл сайн л гэж бодож байна. Зарим нь хог ангилж хаяад боловсруулах үйлдвэр ч байхгүй юм чинь хогийн цэг дээр очоод л холилдоно. Ялгаагүй зүйл дээр ажил удах шаардлагагүй гэж боддог хэмээн өөр өөрсдийн саналаа хэлж байв. Мөн зарим нь хог ангилах журам гэж сонсож байгаагүй юм байна. Гэхдээ тэгж ангилж хаядаг газрууд байдаг гэж сонссон. Ер нь хог ангилж хаях нь зөв юм шиг санагддаг. Дахин боловсруулах үйлдвэрүүдэд ялгаад өгчихвөл хэрэгтэй л байх даа гэлцэнэ.
Улаанбаатарын утаа аюулын харанга дэлдээд удаж байгаа. Хөрсний бохирдлын тухайд бүр SOS зарласан. Нүдэнд харагдаж, аманд амтагдахгүй болохоор хүмүүс тэр бүр шүүмжилдэггүй. Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон болоод хог хаягдал. Гудамжинд дагтаршсан цасан дороос үнс, ялзарсан уут, хог хаягдал үзэгдэнэ.
Ганцхан жишээ гэхэд хүүхдүүд гэрийнхээ хажуугийн тоглоомын талбай дээрээ хогон дунд, бүр хогоор тоглож байгаа явдал. Ундааны савыг бөмбөг болгож, чихрийн цаасан шороо ууталж нэгэнтэйгээ хөгжилдөнө. Энэ бол Монголд л харж болох эмгэнэлтэй дүр зураг. Орон сууцны гадна тавхан алхмын газарт төмөр хашаа татаж, нэг гулсуур байрлуулсныг Улаанбаатарт хүүхдийн тоглоомын талбай гэдэг. Тэр багахан зайд нь олон хүүхэд тоглох боломжгүй. Ядаж орчин нөхцөл, хангалттай тоглоом байдаггүй юм аа гэхэд цэвэр байлгах нь чухал. Гэвч өнөөдөр цэвэр орчинтой тоглоомын талбай тун ховор. Тиймээс иргэд өөрсдөөсөө эхэлж ядаж ахуйн хогоо ангилж хаяж сурах нь амьдрах орчиндоо эерэг нөлөөлж буй эхний алхам.
ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ДЭМЖДЭГГҮЙ, ХАРИН Ч ӨНДӨР ТАТВАР АВДАГ ГЭВ
Тэгвэл хог ангилан хаях талаар Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал дараах мэдээллийг өглөө. Европын холбооны улсууд 2030 он гэхэд хог булуулахаас татгалзъя гэсэн уриалга гаргаж байгаа. Дэлхий нийтээрээ хог булуулахаас зайлсхийж байна. Харин Монголд яагаад хог ангилах ажил бүтэхгүй байна гэхээр төр засгаас тодорхой бодлого байдаггүй.
Хог ангиллаа гэхэд урамшуулах ёстой, ангилахгүй байхад нь торгох хэрэгтэй шүү дээ. Гэтэл ийм зүйл байхгүй учраас иргэд хог ангилах шаардлага алга байна.
Ангилсан ч болно, ангилаагүй ч болно. Энэ л тодорхойгүй байдал үүсгээд байгаа. Мөн дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төрөөс дэмждэггүй. Харин ч өндөр татвар авдаг гэдгийг онцоллоо.
Хог хаягдлыг ангилан ялгах дүрэм журам хэдий байгаа ч ангилаагүй бол ямар нэгэн хариуцлага тооцох зүйл байхгүйг холбогдох газраас хэлсэн юм. Энэ нөхцөл байдал бол зөвхөн жишээ юм. Эл асуудал дан ганц нэгдүгээр хороолол биш нийслэл даяарх асуудал болоод байгаа билээ. Жил бүр хогоо ангилъя гэсэн уриалга, аян зохион байгуулдаг. Гэвч иргэд хог ангилах соёлд суралцаагүй хэвээр. Нөгөө талаасаа ангилсан хогийг ачих зориулалтын машин байхгүй. Үүнээс гадна хууль дүрмийн хэрэгжилт тун дутмаг байгаа юм. Гадны улс орнуудын жишгээс дурдвал нэг ширхэг хуруу зай нэг метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулдаг учраас Герман улсад зөвхөн тусгай цэг дээр хаяхыг зөвшөөрдөг. Хэрэв тусгай цэгээс өөр газар хаясан бол торгуул өндөр байдаг байна. Мөн бага сургуулийн сурагчдын хичээлийн агуулгад бие даан хог ангилах тухай заадаг аж. Харин япон улсад хогоо ангилаад жил бүр 9.4 сая тонн хуванцар хог хаягдал гаргаж авдаг. Үүний 25 хувийг дахин боловсруулж, 57 хувийг нь “эрчим хүч авах” зорилгоор шатааж, 18 хувийг нь хогийн цэгт хаяж, шатаадаг. Харин швед улсад хоолноос гарсан хаягдлыг бордоо болгон ашигладаг. Тэгэхээр бусад улсын хувьд хог бол мөнгө гэсэн зарчмыг баримталдаг байна. Хэрэв Монгол улс хогоо ангилдаг болбол 1.4-1.5 сая тонн хог хаягдлынхаа ихэнх хувийг дахин боловсруулж хөрсний бохирдлоос сэргийлэхээс гадна эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Гэвч Монгол улсад хог ангилах тухай тодорхой дүрэм журам болон иргэдийн санаачилга дутагдаж байна.
Т.ХҮСЛЭН
Нэргүй 2024-09-26 202.9.40.234
АН болон МАН хоёр мөнхийн хэрүүл, тэмцэл дунд монгол орон сульдаж иргэдийн амьдрал доройтож байна. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөр хөгжлийн арга барилаараа өрсөлдөж улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх тал дээрээ хамтарч ажиллахгүй байна. Улс төр бол хамгийн бохир новшийн зүйл гэдгийг бусад орныхон ярьсаар олон зуун жил болж түүнээс зайлсхийж байна. Харин монголчууд улс төржсөөр хоорондоо тэмцэлдсээр. Иргэд нь ядуу мөртлөө бөөн улс төржсөн улсууд. Ийм байхад хөгжихгүй
Нэргүй 2024-09-26 202.131.240.147
Ангилж сурах нь байтугай ил хог хаяхаа больж чадахгүй байна шдээ. Эхлээд ядаж ил зам дагуу хогоо хаяхаа болимоор байнаа. Зарим ухамсартай хүмүүс бол угаасаа хаана ч явсан хогоо хамаад ачаад зохиулалтын газар нь хаяж байгаа. Настай хүмүүс бол эсрэгээрээ хэл амаар доромжилно, харааж байгаал энд тэндхийн гэрлийн шонгийн хажууд хогоо хаядаг. Энийгээ больчоочээ. Хог ууршдаг хийсдэг гэгдийг уг нь мэдмээр юм. Үр хүүхдүүд чинь үлдэх орчин орчлон шдээ
Нэргүй 2024-09-26 202.179.15.130
АНГИЛЖ ХАЯЛААЧ ХОГИЙН ТЭРЭГ НЬ ХОЛИОД УУТЫГ НЬ УРААД АЧААД БАЙХААР ЯАЖ АНГИЛСАН БОЛОХОВ ДЭЭ.
Хог 2024-09-26 192.82.65.200
Нийслэлд 2-3 удаагийн хог хаягдлын төсөл хэрэгжсэн, түүний тайланг сонсох хэрэгтэй, хариуцаж ажиллаж байсан нөхдүүд хаана явна, хариуцлага хаана байна, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр хог ангилна, хаяна гэж байхгүй санагдахын
Хог 2024-09-26 103.57.93.242
Их хуралд гарсан нөгөө олон инжнээр эдийн засагч харвардын ХҮН үүд хаачив
Нэргүй 2024-09-26 202.126.89.158
ХҮН
ХҮН-эсэ л болдог орчлон л доо хө 2024-09-26 202.126.89.158
Хорвоогийн хаа ч Баян, Хоосон, Сайхан, Муухай, Тохитой, Тохигүй, Хөгжилтэй, Хөгжөөгүй Аж Амьдрал бий болох эсэх нь тэнд буй ХҮН нэг бүрээсээ л ШАЛТГААЛДАГ гэж Үнэн шүү. Ямар л ХҮН АРД бна Тйим л ТӨР ЗАСАГ Тийм л ОРЧИН бүрддэг дөө хөөрхий….ХҮНИЙ ҮЙЛЭЭ ГЭЖ
Зочин 2024-09-26 202.9.40.29
Хүн болтол дахиад 100 – 200 жил шаардлагатай бололтой. Улам л гаднаа гяланцаг дотроо паланцаг болж энэ хорвоог гутааж байнадаа.