Халаасны алчуур нь өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг ч нэгэн цагт дээд зиндаа, сурвалжит гарлыг тодорхойлох чухал зүйл байв. Бид бүгдийн мэддэг халаасны алчуур олон жилийн тэртээгээс ашиглагдсан бөгөөд одоо үе шиг нэг ижилхэн хэлбэртэй байгаагүй аж. Тодруулбал, XVI Людовик хаан халаасны алчуурын хэмжээг урт нь өргөнтэйгөө тэнцүү байх ёстой гэж зарлиг гаргаснаас хойш дөрвөлжин хэлбэртэй болжээ.
Луврын музейд IV Генригийн үеийн хөрөг байдаг бөгөөд үүнд Парисен зургаан өнцөгт халаасны алчуур барьсан харагддаг. Тухайн үед халаасны алчуурыг хүн бүр ашигладаггүй байсан. Халаасны алчуурыг зөвхөн язгууртан гаралтай хүн хэрэглэдэг байсан бөгөөд улс төрийн ач холбогдлыг агуулдаг байжээ. Түүнчлэн, уг алчуурыг дорно дахины хунтайж нар бүсэндээ зүүж язгууртан гэдгээ тодотгож харуулдаг байжээ. Эртний Грекийн залуу ноёд хоёр төрлийн алчууртай явдаг байсан нь энэ юм. Нэгийг нь бүсэндээ зүүж хэргэм зэргээ илтгэх бол нөгөөхөөр нь хөмсгөө арчдаг байжээ. Гэхдээ хөмсөгний алчуур нь жирийн нэг тасалсан даавуу байх аж.
Хэрэв халаасны алчуураар гангарах нь хэтэрхий туйлширсан санагдаж байгаа бол ромчууд үүнийг давуулан биелүүлдэг байв. Тэд хэд хэдэн алчуур биедээ авч явдаг байсан ба халаасны алчуур тус бүр өвөрмөц нэртэй.
ХЭЛЛЭГ
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн тодорхой эхлэлийг тавьсан Грек, Ромын дараа XVI зууны италичууд халаасны алчуураар гангарах болжээ. Харанхуй эрин гэж нэрлэгдэх тус зуунд Марко Поло агуу их аяллын сонин сайхнаа хуваалцаж, халаасны алчуурын соёлыг дэлгэрүүлсэн гэж таамагладаг. Дүрмийн дагуу энэ нь эд баялаг, зэрэг зиндаа, гэр бүлийн санхүүгийн чадамжийг тодорхойлдог болсноор Италийн сүйт бүсгүйчүүд ашигладаг болсон. Гайхалтай төгс гэмээр оёдолтой, ховор материалтай, чамин халаасны алчуур ашигласан сүйт бүсгүйг дээд зиндааны эмэгтэй гэх болжээ.
Халаасны алчуур соёл болтлоо дэлгэрч, францчууд үүнийг сонирхох болов. Дараа нь Их Британид ашиглаж эхэлжээ. Гэхдээ Лондонгийн дээд зиндааны гэр бүлийн охид, залуус ашиглах бус ахимаг настай ноёд, хатагтай нар түлхүү хэргэлэх болсон.
Хатан хаан Элизабетагийн шүүх халаасны алчуураас болж маргалдаж байв. Учир нь шүүхийн нэгэн ноёнтон өөрийн халаасны алчуураа жирийн нэгэнд хэрэглүүлснээс болж улс даяар маргаан дэгджээ. Тухайн хүн нь ажилчин ангийн эмэгтэй байсан агаад ноёноос авсан алчуураа хувьдаа авах гэж оролдсон аж. Үүний дараа “Англичууд бол хамраа арчсан алчуураа халаасандаа хийхэд бэлэн зэрлэгүүд” гэх яриа гарсан байдаг.
Ардчиллын энэ цаг үед мөн адил алчуур нь нийгмийн ялгааг харуулдаг гэж судлаачид үзжээ. Алчуурны монограмм, нэхсэн тор эсвэл аалзны тор мэт оёдол нь сэхээтэн хүнийг тодотгох нэг хэлбэр юм. Ямар ч тохиолдолд халаасны алчуурын ашиг тус нь олон янзаар ашиглахад байдаг. Эртний түүх, уран зохиолд халаасны алчуураар халамжилж буй сэтгэлээ илтгэдэг шиг өнөө цагт жинхэнэ сэхээтэн хүн үүний ашиг тусыг даруухнаар түгээн дэлгэрүүлдэг ажээ. Цэвэр цэмцгэр, байгальд ээлтэй зэрэг олон төрлөөр ашиглаж, хайрын зохиолд гардаг шиг сэтгэлтэй нэгнийхээ нулимсыг нь тосох халаасны алчуур энгийн атлаа ихэмсэг түүхтэй нь энэ юм.
Холбоотой мэдээ