Боловсролын салбарын хөтөлбөрийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарын хөтөлбөрийг өргөн барилаа

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Засгийн газраас санаачлан боловсруулсан “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
     “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нэн тэргүүнд боловсруулж батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ын дагуу санхүү, эдийн засгийн хямралын үед боловсролын салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үр ашиг багатай бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, бага, дунд, мэргэжлийн боловсролын хүрээнд олгодог нийгмийн хөнгөлөлт, тэтгэлгийг сурлагын чанар, эн тэргүүнд анхаарах шаардлагатай зорилтот бүлгүүдэд чиглүүлэх зарчимд үндэслэж энэхүү хөтөлбөрийг боловсруулснаа сайд танилцуулав.
       2010-2011 онд хэрэгжүүлэх эл хөтөлбөр нь боловсролын үйлчилгээний хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, чанар, хүртээмжийг өнөөгийн хүрсэн түвшнээс бууруулахгүй байх, хямралын улмаас суралцах эрх нь алдагдаж болзошгүй ядуу, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн суралцах баталгааг хангах, боловсролын шинэчлэлийг үргэлжлүүлэх замаар санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа аж. Энэ хүрээнд сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын үйл ажиллагаанд хямралаас үүдсэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мөн боловсролын салбарын санхүү, эдийн засгийн байдалд үнэлгээ өгч бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой, үр ашигтай болгоход чиглэсэн 21 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвхөн энэ онд 82.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа агаад үүний 71.8 хувийг улсын төсвөөс, 14.5 хувийг Азийн хөгжлийн банкны төсөл, хөтөлбөрийн хүрээнд, дутагдах хөрөнгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тусгажээ.
     УИХ-ын дарга хөтөлбөрийг хүлээж аваад ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлтийн байдал, сурах бичгийн хүрэлцээ, хангамж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны талаар сайдаас зарим зүйлийг асууж тодрууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж