Сурвалжлага: Яармагийнхан 3-4 цаг түгжирдэг хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2024.09.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Яармагийнхан 3-4 цаг түгжирдэг хэвээр байна

Сурвалжлага: Яармагийнхан 3-4 цаг түгжирдэг хэвээр байна

Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборын урд зам 17:30 цаг

Хотын түгжрэл ялангуяа Яармаг чиглэлийн авто замын түгжрэл үе үеийн хотын дарга нарын "толгойны өвчин" болсон. Сүхбаатарын талбайгаас Яармагийн дэнж хүртэл 11 км зайтай. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр түгжрэл буурна гэж үзэж байсан ч эсрэгээрээ нэмэгдсэн. Тийм учраас хотын дарга Х.Нямбаатар авто машины тоог бууруулахын тулд өдөр бүр нэг чиглэлд явдаг иргэд нэгэндээ дайгдаж зорчих санаачлагыг хүртэл гаргасан. Түгжрэлийн оргил ачаалал нь 18:00 цагт эхэлдэг.

ТЭГШ, СОНДГОЙГООР ХЯЗГААРЛАХ ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ

Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэн албан хаагчдын тухайд өглөө нь ажлаасаа хоцрохоос илүүтэй орой хэрхэн харих вэ гэдэг асуудалтай нүүр тулсан. Албан хаагчдын хэлснээр Яармагаас хотын төв хүртэл дунджаар 3-4 цаг зам дээр түгжирдэг байна.  Түүнчлэн тус хэсэгт жилд дунджаар 20-30 мянган хүн суурьшдаг гэсэн тоо бий. Дээрх бүсэд улсын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг цөөн. Тийм учраас хичээл сургууль орсон үед Яармагийн замын ачаалал эрс нэмэгддэг.

Нийслэлд 800 мянган авто машин бүртгэлтэй байгаагаас өдөр тутам 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж байсан ганц арга бол дугаарын хязгаарлалт. Энэ жилийн тухайд нийслэлийн удирдлагууд зөвшилцөж тэгш, сондгойгоор хязгаарлалтыг замын хөдөлгөөнд хэрэгжүүлэх эсэх талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл иргэдээс санал асуулга авсан. Санал өгсөн иргэдийн олонх нь  дэмжихгүй байгаа бол цөөн хувь нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Тиймээс дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр албажаагүй. Харин дугаарын хязгаарлалт захирамжийн дагуу хэвийн үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, 1, 6-гаар төгссөн улсын дугаартай бол Даваа гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй захирамж хэвээр үйлчлэх юм. Улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хөдөлгөөний санал асуулгад нийт 4000 гаруй хүн санал өгсөн бөгөөд тэдний 59 хувь нь дэмжихгүй гэх хариултыг сонгожээ.

ЯАРМАГИЙН ГҮҮРНИЙ АЖИЛ АРВАНХОЁРДУГААР САРД ДУУСНА 

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрний барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй. Нийслэлийн ХУД, БГД-т Туул болон Дунд гол дээр тус 483.1 у/м төмөр бетон гүүрний ажил 2022-2024 он дамжин хэрэгжиж байна. Тус гүүр 2024 оны зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан ч барилгын ажил гүйцэтгэх явцдаа усанд автсанаас болж хойшилсон байдаг. Улаанбаатар хотын таван жилийн төлөвлөгөөнд үндсэн замын сүлжээг бий болгоно гэх зорилт тавин ажиллаж буй. Үүний хүрээнд хотын шинэ замын тойргийн ажлыг хийж буй нь энэ юм. Гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", "Туулын гүүр далай ХХК", "Тэргүүн саруул зам ХХК" ажиллаж байгаа юм.

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрний барилгын ажил ирэх арванхоёрдугаар сарын 30-нд дуусна.

Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас "Нийслэл хотод орсон үргэлжлэн борооны улмаас бүтээн байгуулалтын ажил удааширч Яармагийн гүүрний төлөвлөлтийн өндөр өөрчлөгдсөн. Тиймээс гүүрийг барих ажил хойшлоод байна. Ийнхүү зургадугаар сарын 1-нд дуусахаар төлөвлөж Яармагийн гүүрний бүтээн байгуулалтын ажлыг арванхоёрдугаар сарын 30-нд дуусна" гэж мэдээлсэн юм.

Яармагийн гүүр 18:30 цаг

Яармаг, хотын төв чиглэлийн иргэд Яармагийн гүүр болоод "Уулын зам" гэсэн хоёр төрлийн авто замаар зорчдог. Оройны 19:00 цаг орчмын  байдлаар тус зам хоёул тэг зогссон байв. Унтаад сэрсэн ч Яармагаасаа холдохгүй. Машин дундуур сүлжих хүмүүс дайруулах вий гэх айдасгүй алхана.

Уулын зам 19:30 цаг

Тус бүсэд амьдардаг иргэд өглөө 06:00-07:00 цагийн хооронд гарсан ч хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, өөрсдөө ажилдаа амжиж очихын тулд багадаа хоёр цаг түгжирдэг. Иргэдийн хэлж байгаагаар өвлийн цагаар нийтийн тээврээр зорчих хэцүү, гэсэн ч түгжрээнд ороод таг зогсчихоор мянга машинтай байлаа ч хэрэг байхгүй гэв.

"СЭЛБЭ ДЭД ТӨВ" ХОТ БОЛСНООР ТҮГЖРЭЛ 36.3 ХУВИАР БУУРНА

“20 минутын хот” Үндэсний хороо есдүгээр сарын 2-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийсэн. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж мэдээлж байсан юм. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр 20 минутад төрийн бүх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлого гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. 20 минутын хот бодлогын эхний жишиг нь Сэлбэ дэд төв байх бөгөөд цаашид Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг түшиглэн хот байгуулж нийслэл дэх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй түгжрэл, агаар, орчны бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж байгаа аж. Түүнчлэн энэ ажилд хувийн хэвшлийг татан оролцуулж, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийвэл татварын бодлогоор дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн юм.

Сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол Засгийн газраас 2024-2028 онд үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Харин хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төв”-ийн дараа Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийнэ. Ингэснээр цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад газрын нөөц сан бүрдэнэ. “Сэлбэ дэд төв”-ийг нийслэлийн бондоор санхүүжүүлнэ. Удахгүй Баянхошуу, Ханын материал орчмын төлөвлөлтийг олон нийтэд танилцуулна.  Баянхошуунд 800 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд нийтдээ 1700 айлын орон сууц баригдана. “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт дуусч хот болсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарсан" хэмээн мэдээлсэн юм. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд метро барих төслийг түгжрэлийг бууруулах гол шийдэл гэж үзэж буй. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2023 онд метро барих шийдвэрийг гаргасан байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийсэн судалгаанаас харахад хотын аггломерац, замын түгжрээ, байгаль орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн.

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо нь жилд дунджаар 9.1 хувиар өсч байгаа бол импортоор орж ирж буй автомашины тоо хэмжээ дунджаар жилд 15 хувиар өсч байна. Энэхүү тоо хэмжээний өсөлттэй уялдаа холбоотойгоор авто замыг шинээр барьж байгуулах шаардлагатай байгаа боловч жилд дунджаар хоёр хувийн өсөлт ажиглагдаж байгаа аж.

УЛААНБААТАР ХОТОД МЕТРО БАРИХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Улаанбаатар хотод метро барих төслийн зөвлөх компанийн сонгон шалгаруулалтад 11 улсын 20 компани оролцохоо илэрхийлсэн байдаг. Эдгээр байгууллагын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын даалгаврыг боловсруулж, тендер зарласан. Улмаар оролцогч компаниудаас хүсэлт ирүүлсний дагуу 2024 оны тавдугаар сарын 20-нд тендерийн сонгон шалгаруулалтыг нээсэн билээ. Тус тендерт шалгарсан Духуа инженеринг компанийн тээврийн салбарын ерөнхий захирал Чон Су Дун "Улаанбаатар хотод тулгамдсан гол асуудал бол замын түгжрэл. Энэ нь маш олон хүний гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас хомсолж байна. Улаанбаатар хотод метро барих зайлшгүй шаардлагатай гэдгийг маш олон судалгаа, жишээгээр гаргаж ирсэн. Метро барих төслийн гүйцэтгэгч компанийн тендерийг аравдугаар сард зарлана. Энэ үед хотын иргэд метро барина гэдэгт илүү итгэл үнэмшилтэй болно гэж бодож байна" гэсэн юм. Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17.7 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудалтай байх аж. Энэ мэт хотын түгжрэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажил цөөнгүй байгаа ч яг өнөөдрийн байдлаар бүхэлдээ зогсоол болсон автозам дээр иргэд тэвчээрээ шалгахаас өөр арга алга. Яармагийнхан 3-4 цаг түгжирдэг хэвээр байна.

Энхтайвны гүүр 21:00 цаг

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж