Долоо дордовч найм сэхнэ гэдэг өөдрөг ард түмнийг сэхээрээгүй байхад дараа дараагийн долоон дор зүйлсээр нам унагаахаар аюул айсуй. Байгаа бүх үзүүлэлт дордож буйг бичигч бус эдийн засагчид сэрэмжлүүлсээр байхад сүх далайтал үхэр амгалан аж. “Монголын заяа ихээ…”. Нэгийг нь нөгөөгөөр нь зүхүүлж, хэзээний дуу хуураа орхиод мал дагасан мөнхийн ерөнхийлөгчөөр хоршоологчдыг дэмжихийн тулд байраараа нэг зөвхөн нэг хоршооноос л мах, сүү, цагаан идээгээ авах тухай яриулж “Шинэ хоршоо” гээчийн нүсэр нээлтийг хийж, түүндээ нам, төрөөс томилогдсон нөхрийг дөрвөн малчин тутамд суулган алга ташуулан зрителээ удирдаж суусан нөхөр өнөөдөр УИХ-ын дарга болжээ. Ипотекийн зээлээр банкууд ард түмнийг шулж байна гэж бархирч явсан нөхөр бас л шадарлаж явна…
Давагдашгүй хүчин зүйлс, дайн самууны нөхцөл байдалтай бүхнийг холбодог төр засгийн яриа худал гэдгийг дараах график хэлээд өгнө. Валютын хадгаламж багахан буурсан боловч 2022 онтой ойролцоо хэмжээнд буй аж. Валютын харилцах нь ч, хадгаламж нь буураад байхад түүнтэй дүйцэх ёстой М2 нь өсөөд байгаа тэд мөнгө хэвлэж түүний горыг нь бид амсаад байна гэсэн үг. Тэгэхээр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт төгрөгийн нийлүүлэлтээс болсон нь хэнд ч ойлгомжтой аж.
ЦААС БОЛГОСОН МӨНГӨӨРӨӨ ЦААШДАА БӨГСӨӨ АРЧИХ УУ?
Муухай хэллээ гэж хараахаасаа өмнө өнөөдөр хэдэн боодол төгрөөөр ариун цэврийн цаас худалдан авч байгаагаа бодоорой. Монгол Улсын мөнгөн дэвсгэртийг ариун цэврийн цааснаас ч дор худалдан авах чадваргүй болгосон нь төр гэдгийг санах хэрэгтэй.
Монголбанкны статистик мэдээгээр мөнгөний нийлүүлэлт эхний найман сарын байдлаар 41,6 их наяд төгрөг хүрч, 27,3 хувийн өсөлттэй гарчээ. Энэ хэмжээгээр зээлийн тэлэлт нэмэгдэж 34,2 их наядад хүрэн 33,6 хувиар өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт 27,3 хувиар өссөн гэдгийг мөнгө хэвлэсэн хэмжээ гэж ойлгож болно. Цалин, тэтгэврийг хавар нэмж, малчдад бага хүүтэй зээл олгож, ипотекийн их оочерыг 8,8 их наядаар багасгасны балгаар бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ. Гэтэл Монголбанк бодлогын хүүгээ 10 хувь болгон бууруулав. Нэгэнтээ мөнгө хэвлэчихсэн, тэр нь нийлүүлэгдсэн учраас банкууд л зээлээ тэлэх бодлого барьсан төдийгүй 33,6 хувиар нэмэгджээ. Банкны хүү ч буураад эхэлсэн болохоор зээлийн олдоц ч нэмэгдэж байна. Найз, нөхдийнх нь ашигтай харагдсан бизнест ямар ч туршлагагүй нөхөр орсон ч ашиг олохоор тийм сэдэл төрцгөөх бүгд зээл авахаар зүтгэцгээсэн. Гэхдээ энэ нь өөрсдийг нь ч өрөнд оруулаад зогсохгүй, ашигтай харагдаад буй найзынхаа бизнесийг ч татан унагаадаг эдийн засгийн онолоор батлагдсан үйл явц гэдгийг улны монголчууд яахан мэдэх билээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН ҮНЭН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засаг идэвхижиж, бизнесүүдийн үйл ажиллагаа өргөж буй талаар тоон үзүүлэлт дурдаж, ДНБ-ийн өсөлтийг хаваржингаа ярьсныг санаж байна уу? Үнэхээр түүний хэлсэн үнэн байв. Мөнгөний нийлүүлэлт өссөн учраас зээл нэмэгдэж, бизнесийнхэн зээлээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, өөр шинэ бизнес эрхлэгч нар гарч ирсэн хэрэг. Өнгөц харвал мэдээж сэргэлт. Гэхдээ хугацаа өнгөрөх тусам таагүй болох бодлого. Мөнгөө оны эхнээс эхлэн хэвлэж, гуравдугаар сард огцом нэмэгдүүлснийг Монголбанкны энэхүү графикаас та харж байна.
Тэгвэл цалин, тэтгэврийг дөрөвдүгээр сараас нэмсэнийг та санаж байгаа. Мэдээж Д.Амарбаясгалан энэ үеэр хувхай шуналтай ченжүүд рүү дайрахаа мэднэ. Тэд л үнэн өсгөөд байгаа мэт пропаганда хийсэн нь сошиал орчинд одоо ч байж л байгаа. Үнэн хэрэгтэй ченжүүд биш мөнгө хэвлэж, зээл, цалинг нэмснээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэдгийг тэд мэдэж байсан ч гарсан цагаасаа хойш 2016, 2020, 2024 оны сонгуулийн мөчлөгүүдэд мөнгө хэвлэж дахин сонгогдож байсан бусдад буруугаа чихээд өнгөрөх нь ойлгомжтой байв. Одоо үүний гор гарч байна.
ЧЕНЖҮҮДИЙГ ЗҮХЭХЭЭС ӨМНӨ…
"Ургацын далай" хийх боломж сая олдож, хүнсний ногоо, жимс жимсгэнийн үнэ навс унадаг энэ цагаар хямдрахгүй байгааг нь гайхсан хүмүүс хотоор бишгүй байна. Үнэхээр тийм. Гэхдээ ямар нэгэн ченж эсвэл ногоочин шуналтайдаа үнээ бууруулахгүй байгаа юм биш. Тэдний үнэлэмж хэвэндээ л байгаа. Харин төгрөгийн ханш уначихсан болохоор өмнөхөөсөө үнэтэй аваад буй хэрэг. Инфляц гээч үнийн өсөлт бус төгрөгийн уналт гээд эдийн засагчид байнга тайлбарлаад байдаг нь энэ.
ЭХНЭРТЭЭ БӨГЖ, ӨӨРТӨӨ ГИНЖ АВ
Алт, мөнгөн эдлэлийн бизнес эрхлэгчид ам сайтай байна. Намрын цаг найр хуримын цаг болохоор алт, мөнгөн эдлэлийн борлуулалт бусад сараас огцом өсдөг ч энэ жил урьд өмнөхөөс илүү өсөлттэй байгаа аж. Үүнийг зарим нь найр наадам ихтэй жилийн дээр эдийн засаг идэвхижиж байгаатай холбон тайлбарлах нэгэн байгаа ч учир мэдэх хүмүүсийн шивнэснээр төгрөг өдрөөс өдөрт суларсаар байгаа учраас хүмүүс мөнгөө үнэт металь болгон хадгалах сонирхол нэмэгджээ. Хадгаламжинд хийлээ гээд хүү багатайн дээр инфляцид "идүүлж", дээр нь татвар авах учраас хамгийн найдвартай арга нь алт, мөнгө болгох эсвэл үл хөдлөх болгох хэрэгтэй аж. Ипотекийн зээл нэмэгдүүлснээр үл хөдлөхийн үнэ ч дагаад өссөн бөгөөд хурааж, хуримтлуулсан мөнгө бий бол дээрх шивнээг дагахад хожино уу гэхээс алдахгүй нь. Учир нь урд хормойгоо хойдхоороо нөхөн зээл, мөнгө нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр байгаа учраас маш том хямрал бий болох үйл явцыг удаашруулах явц л үргэлжилж байна. Тэгж байтал дахиад сонгууль болно. Энэ ороомог дахин давтагдана… Тиймээс өвлөөс ч илүү өлдөх үйл явцдаа өнөөдрөөөс бэлдсэн нь арай гэгээтэй сонсогдож мэднэ.
Зочин 2024-09-26 211.36.142.8
олон улсын байгууллага онц дүн тавьчхаад байхад манай зарим сэтгүүлч нарт ёс зүй үнэндээ алгаа
Бат инженер 2024-09-26 202.9.40.12
Ёстой зөв хэлж Гэхдээ Коммунистууд байгаа цагт яаж засахаа хэлсэнгүй. Эсвэл боломжгүй юм уу
Зочин 2024-09-26 59.153.87.8
билэггүй амтай. уг н овоо мэдээ мэдээлэлтэй бсан. одоо ч дээ
Нэргүй 2024-09-26 202.9.40.234
Муу амлад хэрэггүй. Эдийн засаг жилээс жилд сайжирч л байна. Инфляци юмны үнэ нэмэгдэх нь зах зээлийн хууль. бүх оронд энэ үйл явц өрнөсөөр л байна. Гэтэл ганцхан Монголд ийм үйл явц болоод байгаа мэтээр Элбэгдоржийн дүүгийн сайт бичиж байгаа нь иргэдийн сэтгэлийг тавгүйтүүлэх эргэлзээ төрүүлэх гэсэн хорон санаа. Угтаа бол тэгээсээ гэж бодоцгоож байгаа. Улс орны хүндрэлтэй байдал дээр дөрөөлж нэр хүнд олдог хүмүүс. Эднээс өөдтэй юм гарахгүй
Нэргүй 2024-09-26 202.131.225.242
Хятадын тагнуул нүүрсний хулгайч Амарбаясгалан Монголын УИХ ын дарга болсон байхад Монголчууд та нар өөдлөх үү хол очиж хуцна биз. Хятадын тагнуул өнгөрсөн жил монголын газар тариалангийн салбарыг сүйрүүлэх зорилгоор нийгмийн сүлжээгээр хэдэн сар сэвүүлсний эцэст гурилын импортын татварыг тэглэсэн. Одоо улаан буудайн тариалалт эрс буурсэн ирэх жил бүр уналтанд орно. Тэгээд дахиж сэргэхгүй. Энэ мэтчлэн хорлон сүйтгэх ажиллагаа үргэжилсээр байна.
Бадарч тахар 2024-09-26 66.181.185.219
Алт мөнгө авлаа гэхэд хуурамч алт мөнгө авчих гээд байна ! Монголд жинхэнэ алт мөнгө бөйдаггүй юм ! үл хөдлөх хөрөнгө буюу байшин сав авсан нь дээр !!