Монголд сонгууль болохоор л “Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэ. Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 600 мянган төгрөгт хүргэ” гэхчлэн шахалт шаардлага тавин, жагсаж цуглахаараа айлгасан сүржин драм эхэлдэг. Тэрхүү зовлонг энэ удаагийн орон нутгийн сонгууль тойрч чадсангүй.
Жишээ татвал, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос есдүгээр сарын 20-нд мэдээлэл хийх үеэрээ багш нарын үндсэн цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан бол өчигдөр /2024.09.24/ аав, ээжүүдийн төлөөлөл одонтой ээжийн мөнгө, цалинтай ээжийн мөнгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд буюу 660 мянган төгрөгт хүргэхийг шаардлаа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга ч зүгээр суусангүй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-д нэр дэвшин өрсөлдөх Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг дагуулан амралтын өдөр “Наран туул” захад ажиллан, хүүхэд хөгжлийн карт төслийг санаачлан иргэдэд таниулж яваагаа дуулгав.
Орон нутгийн сонгуульд ач дүүгээсээ эхлээд фракцынхаа олон залуусыг сойсон УИХ-ын гишүүн Х.Баттулга гэнэт Монголын нэг сая гаруй хүүхдэд хайртай хүн болж хувирах нь тэр.
Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа хүүхдийн сайн сайхны төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй тэрбээр 30 мянган төгрөгийн үнийн дүнтэй Хүүхэд хөгжлийн картыг хүүхэд бүрт сар тутамд олгож, спорт, урлагийн дугуйланд суралцах боломжоор хангахаа мэдэгдэв.
Яг үнэндээ сарын 30 мянган төгрөгийн үнэтэй спорт, урлагийн дугуйлан, секц Улаанбаатар хотод хэд байгаа бол. Байхгүй гэж хэлэхэд барьсан ч алдахгүй. Гэвч иргэдийг юу ч мэддэггүйгээр нь далимдуулан улс төрөө хийсээр…
Нөхцөл байдлаа авч үзвэл Монголд өнөөдөр боловсролын салбарт ажиллаж байгаа 50 мянга гаруй багшийн сарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх эдийн засгийн чадамж байхгүй.
“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг 660 мянган төгрөгт хүргэх бололцоо ч бас байхгүй. Учир нь уг хөтөлбөрт жилд 200 мянган ээж хамрагддаг. Тодруулбал, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр дээрх 50 мянган төгрөгийг олгож ирсэн. 2024 оны төсөвт “Цалинтай ээж” хөтөлбөрт зориулж 100 тэрбум төгрөг тусган зарцуулж буй.
Хэрэв “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг 660 мянган төгрөгт хүргэнэ гэвэл 12 дахин нэмэгдүүлсэн санхүүжилт шаардлагатай болно. Энэ нь 1.2 их наядын төсөв шаардах болно гэсэн үг.
Мөн одонтой ээжүүдийн мөнгийг 660 мянган төгрөгт хүргэнэ гэвэл санхүүжилтийн хэмжээ өсч, зардал тэр хэрээр нэмэгдэнэ.
Сүүлийн таван жилд халамжид зарцуулах төсвийн зардал өссөн тухай санал шүүмжлэл олонтаа өрнөх болсон. Тухайлбал, 2018 онд халамжид төсвөөс 623 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2023 онд 2.1 их наяд төгрөгийг зарцуулсан. Нийт хүн амын 77.5 хувь нь төсвөөс хараат халамж авдаг тухай судалгаа ч гарсан.
Халамжаар амьдрах иргэдийн тоо өсөх тусам төсвийн зардал өсч, татвар, шимтгэл, хураамжийг нэмэх шалтгаан болж буйг эдийн засагчид анхааруулдаг.
Ашиг хонжоо хайгчид улсын эдийн засаг энэ бүх зардлыг даах чадамжгүйг мэдэхийн дээдээр мэдэж буй ч мэдлэг, мэдээлэлгүйгээр нь дамжуулан “Боломжтой” гэх тайлбар хийн иргэдийн тархийг угаасаар байна.
Тун удахгүй орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ, тэр үед улам л барьцаа ахиулан, шахалт шантаажаа эрчимжүүлэх биз. Гол нь иргэд хэрсүү байхгүй бол улс төрийн ашиг хонжоо хайгчдад бол улс орны эдийн засаг сүйрэх түй ч хамаагүй. Хууль зөрчин худал амлалт өгөхөө юман чинээ ч тоохгүй.
Уг нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийцгээнэ шүү гэх үг бий. Энэ бол хэдийг олно, түүнийгээ зөв зохистой зарцуулна гэх агуулгатай юм. Гэвч улс орноо хөгжүүлнэ гэх амлалт өгөн хамтарсан Засгийн газарт орсон Ардчилсан намынхан хууль зөрчин амандаа орсноо яриад явах юм бол том төслүүд хөдлөх ч үгүй хэрэгжих ч үгүй.
УИХ өнгөрсөн наймдугаар сард хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Түүнд ураныг ашиглах төсөл багтсаны зэрэгцээ эрчим хүчний хараат байдлаас гарах төслүүд ч бий. Улаанбаатар хотын түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд дагуул хотуудыг шинээр байгуулахаас эхлээд нийслэл дотроо 14 хот байгуулах. Эдгээр хотын иргэд нь төрийн суурь үйлчилгээг 20 минутад авдаг байх “20 минутын хот” концепциос эхлээд түгжрэлийг ч давхар шийдэх төслүүд багтсан.
Засгийн газар УИХ-д Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг ч өргөн мэдүүлсэн. Гэтэл дээрх төсөл хөтөлбөрт ч багтаагүй, суулгаагүй том, том мөнгөн дүнг шаардах нь зохисгүй юм.
Сонгууль болдгоороо болно. Сонгуулийн дараа ч амьдрал үргэлжилнэ. Ард иргэд, аж ахуй нэгжүүдэд дарамт үүсгэхгүй байх нэг том зорилго бол татвар, хураамж, шимтгэлийг нэмэхгүй байх. Халамжид зарцуулж буй улсын төсвийг аль болох бууруулж, хөдөлмөр эрхэлсэн нь сайхан амьдардаг нийгмийг бүтээхгүй бол улс орон сүйрнэ.
Тэгээд ч орон нутгийн сонгууль бол сонгогч таны тохьтой тухтай амьдрах нөхцөл бололцоог хангах нэр дэвшигч нарыг сонгох зорилготой болохоос цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргадаг субьектуудыг сонгодоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Г.ХОРОЛ
3,548.92















































