"Тайлан гаргаагүй, хуралддаггүй намыг идэвхгүй болгоно"

"Тайлан гаргаагүй, хуралддаггүй намыг идэвхгүй болгоно"

"Тайлан гаргаагүй, хуралддаггүй намыг идэвхгүй болгоно"

Төрөөс улс төрийн нам, эвсэлд олгох санхүүжилтийн талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатантай ярилцлаа. 


-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 онд баталсан. Парламентад суудалтай нам, эвслүүд өмнө нь төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авдаг байсан. Энэ удаагийн хуулийн шинэчлэл юугаараа онцлог болсон гэж харж байна вэ?

-Дэлхийн улс орнуудад улс төрийн намууд нь ардчиллыг бэхжүүлэх чухал багана нь учраас төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдэг дээр нэгдмэл байр суурьтай болж байна. Жишээлбэл, ардчилал бэхэжсэн Герман, Канад, Латви зэрэг улсууд намд олгох төрийн санхүүжилтийг нарийн зохицуулж өгсөн байдаг. Төрөөс дэмжлэг олгож байгаагийн хэрээр улс төрийн намуудаас хуульд заасан мэдээллүүдээ гаргуулж, тэр мэдээллийн үнэн зөв баталгаатай байдалд хяналт тавьдаг тогтолцоог бэхжүүлэх юм. Монгол Улсын хувьд 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хамаарч, хууль хэрэгжиж эхэлсэн.

Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн УИХ-ын сонгууль зохион байгуулахаас гадна улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, үйл ажиллагааны ил тод байдалд хяналт тавих нэмэлт чиг үүргийг хүлээж байгаа.

Өмнө нь 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлд, улс төрийн намуудад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр тогтоож өгсөн байсан. Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлж байсан.

Харин төрийн санхүүжилтийг олгож байгаагүй. Төрийн санхүүжилтийг олгосны дараа эргээд зарцуулалтад хяналт тавих боломж бүрдэнэ. Нам, эвслүүдэд ямар шалгуураар төрийн санхүүжилт өгч, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь өмнөх хуультай харьцуулахад дэлгэрэнгүй зохицуулж чадсан. Төрөөс тодорхой хэмжээнд хяналт, шалгуур тавьснаар ардчиллыг бэхжүүлж, улс төрийн намыг институци буюу байгууллагын хувьд дэмждэг, олон ургальч үзлыг дэмжих, улс төрийн өрсөлдөөнийг даван гарахад дэмжлэг болох гэсэн эерэг үр дагавартай. Монгол Улсын хувьд эрх зүйн хувьд ахиц дэвшил гаргасан. Уг хуулийг батлах нэг хэрэг. Бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь бүх нийтийн үүрэг болж байна.

-Төрийн санхүүжилтийг хэдэн нам, эвсэл ямар шалгуураар авах вэ. Тэр дунд парламентад суудалгүй нам, эвсэл ч байгаа шүү дээ?

-Ерөнхийдөө улс төрийн долоон нам эвсэлд төрийн санхүүжилтийг олгоно. Мөн нийт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын нэг хувиас дээш санал авсан намуудад төрийн санхүүжилтийг олгох мэдээллийг гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ санхүүжилтийг одоогийн парламентад суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авахаас гадна огт суудал аваагүй ч 40-69 мянган сонгогчийн санал авсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам авна.

Эвсэлд нэгдсэн намуудад хуулийн дагуу тус тусад нь санхүүжилтийг олгоно.Тэгэхээр 10 орчим улс төрийн нам болж байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах жилд буюу 2025 оноос МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая  төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар төрийн санхүүжилт олгох ерөнхий төсөөллийг танилцуулж байгаа боловч нам, эвслүүд санхүүжилтээ бүтэн авахын тулд өөрийн гишүүдийн татвар, олон нийтийн хандив, бусад үйл ажиллагаанаасаа орлого олж чаддаг байх ёстой. Намынхаа санхүүгийн хагас жилийн болон бүтэн жилийн тайлангаа гаргана. Тэгэхээр улс төрийн нам, эвслүүд илүү хариуцлагатай байх үүрэг хүлээнэ. Энэ бол урьдчилан төсөөлж байгаа мэдээлэл. Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт нийт 7.4 тэрбум төгрөгийг тусгана. Төрийн санхүүжилтийг нам, эвслүүд авах боломжтой шүү гэдэг урьдчилсан төсөөлөл гэсэн үг.

-Тэгэхээр нам, эвслүүд хагас жилийн тайлангаа өгөөд эхэлчихжээ. Парламентад суудалгүй хоёр нам, эвсэл төрийн санхүүжилтаас гадна мөнгөн бус дэмжлэг авна шүү дээ?

-Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн намууд хагас жилийн тайлангаа 2024 оны долдугаар сарын 20-нд өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо тэр тайланд нь дүгнэлт хийсний үндсэн дээр төрийн санхүүжилтийн тодорхой хувийг олгох нарийн зохицуулалттай. Нам, эвслүүд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүжилтээ авч эхэлнэ.

Үнэн ба зөв нам УИХ-ын сонгуулиар 40 мянга гаруй сонгогчийн санал авсан бол Шинэ нэгдсэн эвсэл 69 мянган санал авсан. Хуулийн дагуу нийт сонгогчдын нэрийн жагсаалтын 2 сая хүний нэг хувиас дээш санал авсан бол төрийн мөнгөн дэмжлэгийг авах боломж парламентад суудалгүй нам, эвсэлд бүрдэж байгаа нь цоо шинэ тохиолдол. Мөнгөн бус дэмжлэг нь улирал тутамд МҮОНРТ-ээр 30 минутын нэвтрүүлэг бэлтгэж, намын хөтөлбөр болон үйл ажиллагаагаа танилцуулах боломжтой.

Ингэхдээ сонгуулийн бус жил буюу 2025, 2026, 2027 онуудад дэмжлэг авна. Сонгуулийн жилд ийм дэмжлэг авахгүй.

Нам дотоод ардчилалтай байх гишүүдээ хуралдуулдаг байх үүрэгтэй. Тэр үүргээ гүйцэтгэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлж, жилд нэг удаа хурал цуглаан хийх боломжийг СЕХ-ноос олгож, зохион байгуулна.

-Нам, эвслүүд ямар өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлагатай вэ?

-Хуульд нийцүүлээд дүрэм, журмаа шинэчилж, санхүүгийн журмаа тодорхой болгох ёстой. Хуульд удирдах байгууллагын 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйс байна гэж тусгасан. Тийм учраас эрэгтэйчүүд голдуу ажилладаг нам бол 40 хувийн шаардлагад нийцүүлэх ёстой. Хурлаа хийж, Улсын дээд шүүхэд энэ он дуусахаас өмнө мэдээллүүдээ хүргүүлж, дүрмээ шинэчлэх шаардлагатай. Мөн иэр бүх мэдээллээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх үүрэгтэй.

-Тэгвэл хурлаа хийгээгүй, тайлангаа танилцуулаагүй намд ямар хариуцлага тооцох вэ?

-Улс төрийн намын "идэвхгүй" нам гэдэг статус шинээр бий болж байгаа. Энэ нь хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй, таван жилд нэг удаа удирдах байгууллагаа хуралдуулаагүй бол тэр намыг “идэвхгүй” намд тооцно. Ингэснээр төрийн санхүүжилт авах эрхээ, сонгуульд өрсөлдөх эрхээ алдана. Мөн УИХ-ын хоёр сонгуульд дараалан оролцоогүй бол идэвхгүй намд тооцно.

Нам, эвслийг татан буулгах зохицуулалт байгаа. Хэрэв улс төрийн намууд улс орны эв нэгдэл, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд харш үйлдэл гаргаж, тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол нам, эвслийг татан буулгах заалттай. Олон улсын жишгээр намууд улс төрийн эрхээ эдлэх зорилгоор эвлэлдэн нэгдэж байгуулсан байгууллага учраас татан буулгах явц нь тодорхой байх ёстой гэдэг зарчим хэрэгждэг. Төрийн санаачлагаар татан буулгах учраас маш болгоомжтой хэрэглэх зохицуулалттай.

Хэрэв идэвхгүй нам, эвслүүд зөрчлөө залруулчих юм бол буцаад идэвхтэй статустай болох боломжтой. Сонгуулийн жилд нам зөрчил гаргавал идэвхгүй намд тооцож болохгүй гэдэг хязгаарлалт ч бас байгаа. Тэгэхээр хуулиа том зургаар нь харвал Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байгаагүй, эрх зүйн хувьд олон улстай хөл нийлүүлэх боломжтой болж байна. Хууль бүрэн утгаараа 2025 оноос хэрэгжиж, 2026 оноос үр дүн нь илүү тодорхой болно. Мөн иргэд, иргэний нийгмийн байгууллага хэнд ч улс төрийн намын үйл ажиллагаа бүхэлдээ ил тод болж байгаагаараа ач холбогдолтой. Иргэд "Миний дэмжиж буй нам, эвсэл санхүүгийн тайлангаа гаргадаг уу, хэчнээн гишүүнтэй вэ, ямар бодлого, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй вэ гэдгийг судалж, сонголтоо хийх боломжтой.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАН 2024-09-25 202.179.26.164

х****л ИДЭЭСЭ

Avatar

Буурай 2024-09-25 66.181.190.144

Одоо бол нам гэдэг нэртэй л болохоос бусадаар төдий л мэдэгдэхгүй нам жим л бдаг шүү дээ. Сонгууль дөхөхөөр зураг хөрөг, лоозун сурталчилгаа нтр гээд баахан хөрөнгө мөнгө зарцуулдаг. МАН-д 52 жил гишүүн байж татвар өгч явсан. Соц-ын мат-техникийн бааз байгуулах их бүтээн байгуулалтын үед өдөр шөнөгүй ажиллаж бас залуучуудын ордон болон гадна орчныг тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гудамж талбайд мод тарих гм ажлилд залуучуудыг субботник нэрээр хагас бүтэн сайн өдөр ажиллуулдаг блаа.

Avatar

Нэргүй 2024-09-25 103.168.34.61

Санхүүжилт , тавар төлөгчдийн мөнгөнөөс өгч болохгүй.

Avatar

Зочин 2024-09-25 192.82.92.42

Бодлого хянах тувшний мэдлэг байх уу, нэрээ ч зев оноож чадахгуй!

Avatar

Нэргүй 2024-09-25 27.123.212.86

Идэвхигүй болгохоос гадна улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хэрэгтэй. Сонгууль болохоор л гарч ирдэг нам нэртэй шантааж хийдэг бүлэг одоо хэрэггүй. Ажил хийдэг, санаачилдаг, нийгмийг сайн сайханд хөтөлсөн хөтөлбөр, ард түмнийг гэгээрүүлэх хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлдэг нийгмийн олон нийтийн байгууллагыг нам гэж үзэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж