Дэлхийн шатрын ертөнцөд энэтхэгчүүдийн эрин үе эхэлсэн үү?

Дэлхийн шатрын ертөнцөд энэтхэгчүүдийн эрин үе эхэлсэн үү?

Дэлхийн шатрын ертөнцөд энэтхэгчүүдийн эрин үе эхэлсэн үү?

45 дахь удаагийн шатрын олимпиад Унгар улсын Дебрецен хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадын нээлттэй ангилалд 195 орны 197 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 181 орны 183 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оюун ухаан, уран нүүдлийг уралдуулсан юм. Энэ удаагийн олимпиадаас дэлхий нийт дараах зүйлсийг анзаарав.


1. ЭНЭТХЭГЧҮҮДИЙН ЭРИН ҮЕ ЭХЭЛЛЭЭ

Энэтхэгийн эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа түрүүллээ. Дэлхий нийтээрээ шатрын спортод энэтхэгчүүдийн эрин үе эхэллээ гэж ярьж байна. Тэдний эрэгтэй баг нь арван тоглолтоос бүгдэд нь ялж, боломжит 22 онооноос 21-ийг авчээ. Ердөө ганцхан тоглолтод тэнцсэн гэсэн үг. Өмнө нь АНУ, Украины багууд 20 оноо авч, рекорд тогтоож байв. Эмэгтэй баг нь ч 21 онооноос 19-ийг авч, ангилалдаа түрүүлэв.

Өмнө нь 2018 онд Хятадын эрэгтэй, эмэгтэй багууд хос алтан медаль хүртэж байлаа.

Энэтхэгчүүд ердөө арван жилийн өмнө Норвегид болсон олимпиадаас анхны медалиа хүртэж байсан бол өдгөө дэлхийн тэргүүлэх гүрэн болжээ. Нутаг дээрээ болсон олимпиадаас ч хос хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Их мастер Хикарү Накамүра ч өнгөрсөн жил ярихдаа "Магнус Карлсены араас одоо энэтхэгчүүд л нэхэж байна. Нэг нь болингуут дараагийнх нь гарч ирсээр л байна. Бүгд Вишигийн шавь нар" гэж байжээ.

Дэлхийн шатрын түүхэнд Виши буюу Висванатан Ананд гэх гэх Энэтхэгээс төрөн гарсан аварга бий. Одоогийн Энэтхэгийн бүхий л шилдэг шатрын тамирчид түүний заасан зам, зассан засмалаар явж байгаа гэхэд хилсдэхгүй.

2.ЕВРОПЧУУДЫН ЭЗЭРХИЙЛЭЛ ТӨГСӨВ

Олимпиадын түүхэнд анх удаагаа Европын аль ч орны эрэгтэй, эмэгтэй баг ангилалд медалийн тавцанд зогссонгүй. Энэтхэг, Узбекистан, Казахстан гэсэн Азийн орнуудтай АНУ л зэрэгцэж иржээ. Үүнээс харахад Европын орнуудын шатар дахь эзэрхийлэл төгсч байх шиг.

3. ГУКЕШ ДОММАРАЖУ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХОД БЭЛЭН БОЛСОН УУ?

Энэтхэгээс төрөн гарсан өнөө цагийн шилдэг шатарчин бол яахын аргагүй Гукеш Доммаражу. Үүнийгээ ч олимпиадаар харуулж, нэгдүгээр ширээнд алтан медаль хүртэж, багаа түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгэв. Түүнийг энэ янзаараа дэлхийн аварга болоход асуудалгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

2022 онд Энэтхэгт олимпиад болоход Гукеш Доммаражу хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл энэ удаад дутуугаа гүйцээж аварга болсныхоо дараа тэрбээр "Надад төлөх ёстой хувийн өр байсан. Сүүлд миний алдаанаас болж бид алтан медаль хүртэж чадаагүй. Харин энэ удаад тэр бол золгүй явдал байсан гэдгийг нотолж чадлаа. Би үүнээс ч илүүг хийх чадвартай" гэжээ.

4. АРЖУН БАГА БАГААР ХИКАРҮ, МАГНУС ХОЁРТ ОЙРТСООР БАЙНА. 

Энэтхэгийн шилдэг шатарчин Аржун Эригаиси дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж эхэллээ. Түүний чансааны оноо 19.2-оор нэмэгдэж, АНУ-ын Фабионо Каруанаг гүйцэв. Аржуны оноо 2797.2. Одоо түүний дээр дэлхийн чансааны тэргүүн Магнус Карлсен болон тэргүүн дэд Хикарү Накамүра нар л байна.

Чансаа ахисан талаараа Аржун "Би олимпиадын эхлэлийг муу тавьсан. Хоёр дахь, гурав дахь тоглолтоос арга барилаа олж, хүссэн тоглолтоо гаргаж эхэллээ. Өөрийн тоглолтдоо сэтгэл хангалуун байна. Би 2022 онд анх 2700 онооны босгыг давж байлаа. Харин одоо 2800 руу дөхлөө" гэлээ.

5. АНУ, УЗБЕКИСТАН ТААРУУ БАЙСАН Ч МЕДАЛЬ ХҮРТЭВ

Өмнө нь 17 оноотой баг медалийн тавцанд зогсох боломжгүй байлаа. Дор хаяж 19 оноо авах шаардлагатай байв. Гэтэл энэ жил АНУ-ын эрэгтэй баг 17 оноотой атлаа мөнгөн медаль хүртэв. Тэд Украин, Энэтхэгт хожигдож, Румынтай тэнцсэн ч Хятадыг буулган авсан юм.

Узбекистаны эрэгтэй баг ч олимпиадын эхний хоёр тоглолтдоо хожигдож, тааруу эхлэлийг тавьсан. Гэхдээ л 17 оноотой хүрэл медаль хүртэв.

6. БИТҮҮ МОРЬД МЕДАЛИЙН ҮЗҮҮРЭЭС АТГААД АЛДАВ

Энэтхэг, Хятад, АНУ, Узбекистаны хүн амтай харьцуулахад Серби, Армени улсууд жижиг. Серби 6.5 сая хүн амтай бол Армени 3.0 сая хүн амтай. Гэхдээ л тэд энэ удаагийн олимпиадад дөрөв болон тавдугаар байр эзэлжээ. Серби, Армени хоёр хоёулаа 17 оноотой ч дээр бичигдсэн багуудын тайбрек илүү байсан учир медаль хүртэв.

Серби улс шатрын багтаа анхаарал хандуулж, Оросын Александр Предке болон Алексей Сарана нарыг багтаа элсүүлсэн билээ. Харин Армени бол хэзээнээсээ шатарчидтай улс.

Словени залуу Владимир Федосев Магнус Карлсенг хожсон нь энэ олимпиадын бас нэгэн онцлох тоглолт байлаа.

7. ТУРКИЙН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙНА

Энэтхэгийн эрэгтэй баг хожигдолгүй түрүүлсэн бол тэдний араас ганцхан хожигдолтой гурван баг байв. Тэд бол Хятад, Гүрж, Турк. Ялангуяа Туркийн багийг онцлох хэрэгтэй. Тэд зургаан хожил, дөрвөн тэнцээ, ганцхан хожигдолтой 12 дугаар байрт оржээ.

Туркийн багт 15 настай Эдиз Гурел, 13 настай Ягиз Каан Эрдогмус нар байв. Гурел найман онооноос 7.5-ыг авсан бол Эрдогмус 11 онооноос наймыг авчээ. Тэдний нас залуу учир цаашид улам сайжирна гэж найдаж байна.

8. МОНГОЛЫН БАГУУД БАХДАМ ОРОЛЦОВ

Монголын эмэгтэй баг олимпиадыг эрчтэй эхлүүлж, гуравдугаар байрт явж байв. Харин 11 өргийн дараа 15 оноотой 16 дугаар байраар олимпиадаа өндөрлүүлжээ.

Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. WGM Т.Мөнхзул
  2. IM Б.Мөнгөнтуул
  3. IM Д.Номин-Эрдэнэ
  4. WFM Э.Хүслэн
  5. WCM Б.Мөнгөнзул

Тэгвэл эрэгтэй багийн тухайд 11 өргийн дараа 12 оноотой 62 дугаар байрт оржээ.

Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. IM Г.Амартүвшин
  2. FM С.Чингүүн
  3. FM Э.Баасансүрэн
  4. IM М.Амилал
  5. FM Х.Итгэлт

Опен буюу эрэгтэй ангилалд медаль хүртсэн улс, орнууд:

  1. Энэтхэг
  2. АНУ
  3. Узбекистан

Эмэгтэй ангилалд медаль хүртсэн улс, орнууд:

  1. Энэтхэг
  2. Казахстан
  3. АНУ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2024-09-24 66.181.185.219

3 рт орсон Амёрикийн эмэгтэй багийг манай охидууд будаа болгож хаясан ш дэ !

Avatar

Нэргүй 2024-09-24 66.181.161.140

төгсч??? олон нийтийн мэдээллийн хэрэгсэл биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж