Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдэд УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт гаргасан. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатартай ирэх оны төсвийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын 2025 оны төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Тэгвэл ирэх оны төсөв холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх дээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ямар дүгнэлт гаргав?
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс есдүгээр сарын 20-ны дотор дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх ёстой. Төсвийн тухай хуульд баримтлах ёстой хамгийн эхний зарчим бол төсвийн тусгай шаардлагуудад нийцсэн байх ёстой. Мөн Төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийцүүлэх ёстой. Төсвийн тухай хуульд төсөв боловсруулахдаа баримтлах зарчим бий. Эдгээр зарчмуудыг харгалзан үзэх учиртай. Тухайлбал, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд нийцэх гэх мэт ерөнхий заалтууд бий. Харамсалтай нь, ерөнхий заалтуудыг шалгахад тийм амар биш. Нарийн дүн шинжилгээ хийж байж, тухайн төсөв Үндэсний аюулгүй байдалд нийцтэй эсэхийг дүгнэдэг. Богино хугацаанд дүн шинжилгээ хийхэд хэцүү. Харин төсөвт тусгагдсан байх ёстой дөрвөн тусгай шаардлагыг хангасан эсэхийг шалгах нь харьцангуй хялбар. Учир нь дээрх шаардлагууд тоогоор илэрхийлэгдсэн байдаг. Тухайлбал, зарлага талаасаа хэлэхэд шинээр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу урсгал зардал ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Хоёрдугаарт, Засгийн газрын өр зээлтэй холбоотой асуудал бий. Өмнө нь бид Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог байсныг өөрчилж, нэрлэсэн дүнгээр тооцдог болсон. Нэрлэсэн үнээр тооцож байгаа тохиолдолд нийт өрийн үлдэгдэл ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байх заалттай.
Гуравдугаарт, сая шинээр төсвийн суурь тэнцэл гэх ойлголт орж ирсэн. Суурь тэнцэл гэдэг нь тэнцвэржүүлсэн орлогоосоо суурь зарлагаа хасна. Суурь зарлага гэдэг бол нийт зарлагаасаа гадны зээл болон Засгийн газрын өрийн хэрэгслүүдээр санхүүжсэн хэсгийг хасаж тооцох юм. Энэ дүнг тэнцвэржүүлсэн орлогоосоо хасахад суурь тэнцэл гарах юм. Энэ бол олон улсын жишигт төдийлөн байхгүй шинэ ойлголт.
Энэхүү тэнцвэржүүлсэн орлогын хувь хэмжээ +2 хувийн ашигтай байх заалт орж ирсэн. Эцэст нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагаж мөрдөх журманд байдаг нэг заалт бол төсвийн тэнцэржүүлсэн алдагдлын хувь хэмжээ ДНБ-ний -2 хувиас хэтрэхгүй байх заалттай. Үндсэндээ өртэй холбоотой нэг, зардлын таазтай холбоотой нэг, орлого, зарлагын тэнцэлийг харсан хоёр заалт бий. Тэгэхээр Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсөв дээр дурдсан тусгай шаардлага, заалтуудыг урьдчилсан байдлаар хангасан гэсэн ерөнхий дүгнэлттэй орж ирсэн.
Төсвийн гол онцлог бол урьдчилсан байдлаар хангасан гэж дүгнэх нь тооцооллын асуудал. Тоонуудаа зөв тавьчихвал тусгай шаардлагуудыг урьдчилсан байдлаар хангах боломжтой. Гол нь үүнийгээ гүйцэтгэлээр хангаж чадах эсэх нь том асуудал.
-Төсөв эрчимтэй тэлж байна. Сар орчимын өмнө энэ оны төсвийг 27 их наяд төгрөгөөс 30.4 их наяд төгрөг болгож тэлсэн. Гэтэл ирэх 2025 онд 35 их наяд төгрөгийн орлого олохоор төсөөлсөн байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт болоод экспортын хувь хэмжээг аваад үзвэл төсөв хэр бодит тооцоо судалгаан дээр үндэслэж байна вэ?
-Хоёр асуудал байна. Бид амжилттай байгаа салбараа нийгэмд хамгийн их ярихыг хүсдэг. Тийм учраас Засгийн газраас экспортын орлогын хувь хэмжээн дээр нэлээд төвлөрч ярьдаг. Гэхдээ бид асуудлыг бодитоор харах ёстой. Тухайлбал, 2025 оны төсвийн төсөөллийн гол цэг нь хаана байна гэхээр 2024 оны ДНБ-ний гүйцэтгэл 79 их наяд төгрөг байх тооцоолол бий. Тэгвэл энэ үзүүлэлтийг 2025 онд 95 их наяд хүргэх тооцоо явж байна. Үндсэндээ 20 хувийн өсөлттэй байх тооцоолол хийгдсэн гэсэн үг. Гэтэл эдийн засаг бодит утгаараа найман хувь өсөхөөр тооцсон. Мөн инфляцийг 7.5 хувь байхаар тооцсон. Үүнээс харахад ДНБ-ний хувь хэмжээг 20 хувиар өсгөх нь, эдийн засгийн бодит өсөлтөө найман хувиар тооцох нь харьцангуй өндөр үзүүлэлт. Учир нь Монгол Улсын эдийн засаг саяхан 7 хувиар өсөхөд нэлээд амжилт гаргалаа гэж үзэж байсан. Энэ онд өссөн 7 хувиасаа 5.6-6 хувь руу буурах тооцоолол байна.
Ирэх жилүүдэд эдийн засаг ямар байх талаар гаргасан Дэлхйин банк, Азийн хөгжлийн банк болоод холбогдох судалгааны байгууллагуудын төсөөллийг аваад үзэхээр 8 хувиар өснө гэсэн тооцоолол хаана ч байхгүй байна. Ерөнхийдөө 6-7 гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, эдийн засаг 8 хувиар өснө гэсэн тооцоолол зөвхөн Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дээр л байна.
Үнэхээр ийм хэмжээгээр бодитой өсөх үндэслэл байгаа эсэхийг лавлахад, Оюутолгойн гүний уурхайгаас гарч байгаа зэсийн агууламж нэмэгдэж байгаа учраас ДНБ-ний нэг хувьтай тэнцэх хэмжээний буюу 95 их наяд төгрөгийн нэг хувьтай тэнцэх дүн буюу ойролцоогоор 1 ихнаяд төгрөгөөр нэрлэсэн орлого өсөх талаар ярьж байна. Энэ бол бас л эргэлзээтэй тоо.
"БОДИТ БАЙДЛЫГ АВААД ҮЗЭХЭЭР ТӨЛӨВЛӨЛТ МУУ, ГҮЙЦЭТГЭЛ САЙН БАЙГАА НЬ ҮНЭН"
-Төсвийн гүйцэтгэл сайн байгаа ч анхнаасаа төсвийн төлөвлөлтөө зөв хийж чадах байгаа эсэх нь эргэлзээ дагуулж байна. Учир нь жил бүр улсын нэгдсэн төсөвт тодотгол хийж байгаа нь алдаа байгаа гэдгийг илрэл мөн үү?
-Тухайлбал, 2023-2024 оны төсвийн гүйцэтгэлийг аваад үзэхээр сүүлийн хоёр жил гүйцэтгэл сайн гарч байна. Гүйцэтгэл сайн гарна гэдэг нь төлөвлөсөн хэмжээнээсээ илүү их орлого олоод, төлөвлөсөн хэмжээнээсээ бага зардал гаргасан гэсэн үг. Энэ хоёрын хооронд үүссэн зөрүүгээр төсөв ашигтай гарч байна. Энэ нь сайн, муу эсэх нь тусдаа асуудал. Ямартай ч төсөв алдагдалтай биш ашигтай гарч байгаа нь сайн үзүүлэлт мөн. Гэхдээ эдийн засгийн эрүүл тогтолцоонд орлого, зарлагын хэмжээ хоорондоо яг тулж байвал зөв тогтолцоо гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, сайн төсөвлөлт, төлөвлөлт хийгээд түүнийгээ дагаад сайн гүйцэтгэл хийж чадвал "энэ систем тогтвортой сайн явж байна" гэж үзэх үндэслэл болдог. Одоо бодит байдлыг аваад үзэхээр төлөвлөлт муу, гүйцэтгэл сайн байгаа нь үнэн. Яагаад төлөвлөлт сайн биш байна гэж хэлж байна гэхээр жил бүр төсөвтөө нэмэлт, өөрчлөлт оруулж тодотгож байна гэдэг бол эхнээсээ төлөвлөхдөө алдаад байна гэсэн үг.
Өнгөрсөн бүхий л хугацаанд төсвийнхөө төлөвлөлтөд өөрчлөлт оруулж ирлээ. Бид юу гэж харж байна гэхээр ирэх 2025 оны төсөвт мөн адил тодотгол оруулах болов уу гэж тооцож байна. Учир нь ирэх онд орлогоо хэт өөдрөг төсөөлсөн байна гэж үзэж байна.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөсөөс гаргасан дүгнэлтэд экспортын түүхий эдээс зэс, нүүрсний үнийн өсөлтийг тооцсон ч импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нарийн тооцож гаргаагүй байгаа талаар дурдсан байсан. Тэгэхээр таны хэлж байгаа орлогоо хэрхэн яаж өсгөж тооцсон нь төсөв дээр бүрхэг байна гэж ойлгож болох уу?
-Голлох нэрийн түүхий эдийн үнийн таамаглалтай холбоотой асуудал төсвийн тусгай шаардлагууд дотор төсвийн орлогыг тооцохдоо тэнцвэржүүлсэн байдлаар тооцох заалттай. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнийн төсөөллийг хэт өөдрөг тооцож болохгүй. Учир нь тэр хэрээрээ төсвөө тэлэх орон зай үүсдэг. Үүнээсээ салахын тулд үнийн төсөөллийг тооцохдоо орлогыг хоёр янзаар тооцдог. Нэг нь нийт орлогыг нэрлэсэн дүнгээр тооцох, нөгөөх нь тэнцвэржүүлсэн орлого. Тэнцвэржүүлсэн орлогод голлох нэрийн түүхий эдүүдийн үнэ өнгөрсөн арван жилийнхээ дундажтай адилхан байгаа тохиолдолд төсөв хэдэн төгрөгийн орлоготой байхаа дахин тооцно гэсэн үг. Тэнцвэржүүлсэн болон нэрлэсэн орлого зөрүүтэй гардаг. Энэ гарсан зөрүүг зарчмын дагуу Хуримтлалын болоод Төсвийн тогтворжуулалтын сангууд руугаа хийх ёстой.
Нартай өдөр бороотой өдөртөө бэлдэх ёстой гэсэн ерөнхий агуулга энд бий. Үүний дагуу тооцоолол хийхийн тулд голлох нэрийн түүхий эдүүдийн үнийн төсөөллийг хоёр янзаар буюу зах зээл дээр үнэ нь ямар байх тухай бодит төсөөлөл хийх учиртай. Тухайлбал, төсвийн тодотгол дээр нүүрсийг тонн тутам нь 160 гаруй ам доллараар зарах төсөөлөл орж ирсэн. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр нүүрсний тонн тутмын үнэ ойролцоогоор 115 орчим ам доллар байна.
Эндээс юу хэлэх гээд байна гэхээр Засгийн газраас жил бүр нэрлэсэн орлогоо тооцохдоо түүхий эд тэр дундаа нүүрсний үнийг өндөр тооцдог. Тэнцвэржүүлсэн орлогын тухайд журмын дагуу өнгөрсөн жилүүдийн дунджаар тооцдог учраас хөдөлгөх боломжгүй учраас бодит тооцоо гардаг. Засгийн газар нэрлэсэн орлогын хэмжээгээ өндөр тооцсон ч төсвийн орлого яагаад давж биелээд байна гэхээр экспортын голлох түүхий эдийн экспортод гаргах биет хэмжээг нь нэмэгдүүлчихдэг. Үнэ буурсан ч биет хэмжээ нь өссөн учраас үнийн зөрүүний алдагдлыг нөхөж чадаж байна. Өнгөрсөн 2-3 жилийн хувьд экспортын бүтээгдэхүүний биет хэмжээний өсөлт үнэхээр сайшаалтай байсан.
Цаашид энэ өсөлтийг үргэлжлүүлэх ерөнхий тооцоотой байна. Энэ Засгийн газрын бүрэн эрх хэмжээтэй холбоотой боловч бүтээгдэхүүний үнэ буурч байна. Үнэ нь буурч байгаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тусам үнэ нь улам буурах эдийн засгийн энгийн ойлголт бий.
Орлогын өндөр төсөөлөл тавиад түүндээ хүрэхийн тулд өөртөө байгаа ганц баялагийнхаа нийлүүлэлтийг нэмэгдүүлж байж гүйцэтгэлдээ хүрэх оролдлого эдийн засгийн хувьд тийм ашигтай харагдахгүй байна. Өргөн баригдсан Төсвийн хүрээний мэдэгдэл дээр нүүрс болон зэсийн талаар дурдсан. Гэтэл алт болон төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний талаар дурдаагүйн дээр эдгээр хоёр бүтээгдэхүүний 2025 онд ямар үнэтэй байх талаар мэдээлэл нь байгаа боловч, журмын дагуу ирэх жилүүдэд ямар байх тооцооллыг оруулж ирээгүй.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бий. Гэтэл удаа дараа төсөвт тодотгол оруулж байгаа нь төсвийн хүрээний мэдэгдлийн ач холбогдолыг бууруулсан, хэлбэр төдий зүйл болгож байна шүү дээ?
-Төсвийн тогтвортой байдлын ерөнхий үзэл баримтлалыг харахаар эхлээд Төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэн батлах ёстой. Төсвийн хүрээний бодлого гэдэг бол ирэх жилүүдэд хэдэн төгрөгийн орлоготой байх вэ гэдгээ бодитойгоор төсөөлье гэж байгаа юм. Өрх гэр, аж ахуйн нэгж, улс орон ч хэдэн төгрөгийн орлоготой байхаа бодитой тооцчихоод тэр орлогоо хэрхэн яаж зарцуулах нь дараагийн асуудал байх ёстой. Орчин цагийн төсвийн логик ердөө энэ. Монголд эрхзүйн хувьд энэ логик хангагдсан боловч бодит байдал дээр эсрэгээрээ явж байна.
Төсвийн хүрээгээ дураараа өөрчилж болдог, төсвийн төсөлтэйгээ хамт өргөн мэдүүлдэг. Ирэх 2025 оны хувьд төсвийнхөө тоонуудыг Төсвийн хүрээн дээрээ хуулаад тавьчихсан байна. Өрийн үлдэгдэл дээр багахан зөрүүтэй бусад тоо нь ижилхэн байна. Төсвийн хүрээний мэдэгдэл бол хязгааргүй эрэлт хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялагаар хангахтай л ижил агуулга.
Эхлээд орлого, зарлагаа бодиттой тооцчихоод дараа нь яаж зарцуулах нь дараагийн асуудал. Тухайлбал, 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 15-ны дотор баталсан. Гэтэл одоо нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийг яаралтай горимоор өргөн барих тухай асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас УИХ өөрийнхөө үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага үүсч байна.
"ИХ ЭСВЭЛ БАГА МӨНГӨТЭЙ ҮЕДЭЭ МӨНГӨТЭЙ БОЛГООМЖТОЙ ХАРЬЦАХ ХЭРЭГТЭЙ"
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр та бүхэн зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан шүү дээ?
-Энэ бол тогтолцооны эрүүл үзэгдэл л дээ. Нэг нь аягатай усыг дүүрэн талаас нь хараад, нөгөө нь дундуур талаас нь хараад дүүрэн эсвэл дундуур байгаа талаар маргах нь сонирхолтой биш. Маргаан өөрөө бодит бүтээлч байх нь зөв. Төсөвт хяналт тавих нь хариуцлагатай ажил. Хаа хаанаа энэ хариуцлагыг ухамсарлаж, хэн хэнийхээ үүрэг ролийг хүндэтгэх нь зөв. Сангийн яамнаас сүүлийн хоёр жил төсвийн гүйцэттгэл дээр сайн ажилласан уу гэвэл ажилласан. Бид одоо юу хүсээд байна гэхээр төлөвлөлтөө илүү сайжруулж, хууль журмандаа нийцүүлье, нэг дор өргөн барихаа больё гэж байгаа юм.
Хуулийг нэг дор өргөн бариад түүнийг яаралтай горимоор хэлэлцэнэ гэдэг бол төсвийн хувьд байж боломгүй зүйл. Яарвал даарна гэсэн байр суурин дээрээ бий. Улс орны хувьд, өрх гэрийн хувьд ч хоёр тохиолдолд мөнгөтэй маш болгоомжтой харьцах ёстой. Нэгдүгээрт, маш бага мөнгөтэй үедээ мөнгөтэй болгоомжтой харьцах ёстой. Энэ үед юу ч хамаагүй зээлэх магадлалтай байдаг. Нөгөө нь маш их мөнгөтэй болсон үедээ юунд ч хамаагүй зарцуулахад бэлэн байдаг. Тиймээс маш их, маш бага мөнгөтэй үедээ өмнөх байснаасаа хоёр дахин илүү, магадгүй дөрөв дахин илүү хариуцлагатай байх ёстой.
Гэтэл Төсюийн тогтвортой байдлын зөвлөлийг хөгжлийн эсрэг байгууллага мэтээр ойлгуулах байдал гарсан. Энэ байдал цаашид засагдах байх гэж бодож байна. Тиймээс талууд өөр өөрсдийнхөө үүргийг ухамсарлаж хамтдаа улс орныхоо, нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой. Иргэдийн хувьд Монгол Улсын эдийн засгийн бодит байдал хаашаа чиглэж байгааг ойлгох ёстой. Төсөв, санхүүгийн анхан шатны боловсролтой болох учиртай. Төр биднийг тэжээгээд байна уу, бид өөрсдөө төрөө тэжээгээд байна уу гэдгээсээ өөрсдөөсөө асуух ёстой үе ирээд байна. Төр иргэдээ ч тэжээнэ, хөрөнгө оруулалтаа ч хийнэ, улсаа ч хөгжүүлнэ гэвэл төсөв энэ ачааллыг дийлэхгүй. Яг ийм замналаар яваад төсвийн хямралд орсон орон олон бий. Улс орноо хөгжүүлэх томоохон төслүүдээ хөдөлгөж, хөгжье гэж байгаа нь буруу биш. Гоё төсөөллүүдийн сүүдэртэй тал нь төсөв дээр очиж буугаад байгаад асуудлын гол нь бий. Томоохон төслүүдээ хөдөлгөхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн тусгай шаардлагуудад өөрчлөлт оруулах асуудал хөндсөн.
Угтаа замын хөдөлгөөнд оролцоход хурдны хязгаар чинь саад болоод байна хурдныхаа хэмжээг 2-3 дахин нэмье гэдэг асуудал орж ирсэн. Гэтэл бид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд хязгаар тавих нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Хурдныхаа хязгаарыг хоёр дахин нэмчихээд хөдөлгөөний аюулгүй байдлыг яаж хангах тухай асуудал хөндөгдөнө. Тухайлбал, орон нутгийн зам дээр 80 км-ын урдтай явах заалтыг 160 болгочихоод хурд хэмжиж зогсох ямар ч шаардлагагүй биз дээ.
Ийм тогтолцооны өөрчлөлтийн асуудал яригдсан учраас зарчмын хувьд дэмжихгүй байгаа юм. Одоо ч ийм байр суурин дээрээ байгаа.
"ДУНД ОРЛОГЫН ДЭЭД БҮЛЭГТ МОНГОЛ УЛС АНХ УДАА ХӨЛ ГИШГЭЖ БАЙНА"
-Орлогоо өөдрөг төсөөлчихөөр төлөвлөсөн хэмжээний орлогоо олж чадахгүй бол төсвийн алдагдал нэмэгдэх, цаашлаад гадаад өр зээлийн хувь хэмжээ нэмэгдэнэ. Монгол Улсын Засгийн газрын өр төсөвт хэр жин дарж байна?
-Өрийн статистик, өрийн мэдээлэл харьцангуй цэгцтэй гэж хэлж болно. Өрийн асуудал дээр өмнө нь хаширсан учраас тодорхой хэмжээнд өрийг нягтлах, хяналтад байлгах сонирхол харьцангуй өндөр байна. Монгол Улс 2024 онд нэрлэсэн дүнгээр тооцоход ДНБ-ний 44.4 хувь, 2025 онд 42.6 хувь байх тооцоололтой байна. Хамгийн гол нь ДНБ-нийхээ өсөлтийг 95 их наяд төгрөг хүргэхээр тооцчихсон байгаа. Энэ өсөлтдөө хүрэх эсэхээс хувь хэмжээ өөрчлөгдөх магадлалтай. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өр нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдэн, нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байхаар заасан.
Энэ заалт дээр үндэслээд харахад Засгийн газрын өрийн таазад ойролцоогоор 20 орчим хувийн орон зай байна. Дээр нь ДНБ-ний хувь хэмжээ жилээс жилд тэлж байна. Энэ асуудал дээр нэмж хэлэхэд Монгол Улс саяхан өөрсдийгөө дундаас дээш орлоготой орон гэж зарласан. Дунд орлогын дээд бүлэгт Монгол Улс анх удаа хөл гишгэж байна.
Гэтэл Засгийн газрын өр нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдэн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байхаар заалт бага орлоготой орнуудын хэрэглэдэг өрийн тааз юм. Өөрөөр хэлбэл, үнэхээр ДНБ-ний хувь хэмжээ нэмэгдэж, эдийн засаг сайн байгаа бол 60 гэсэн хувь хэмжээг зарчмын хувьд бууруулж 40-50-д хүргэх учиртай.
–Төсөв тэлэхийн хэрээр иргэдийн ажил амьдралд шууд нөлөө үзүүлж ажилгүйдэл, ядуурлын хувь хэмжээнд нөлөөлөх ёстой гэсэн хүлээлт олон нийтэд бий. Гэтэл төсөв тэлсэн хэрнээ ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаа шалтгаан юу вэ?
-Монгол Улсын эдийн засгийн тогтолцоотой шууд холбоотой. Монгол Улс ямар төрлийн эдийн засагтай гэдгээ сайн ойлгох ёстой. Бид бүгдээрээ Монгол Улс уул уурхайн эдийн засагтай гэдэгт итгэчихсэн байдаг. Гэтэл ДНБ болон эдийн засгийн өсөлтийн ангилалыг аваад үзвэл ДНБ-ний өсөлтийн дийлэнх хувь нь буюу 50 гаруй хувь нь үйлчилгээ салбараас орж ирдэг. Эргэн тойрноо харахаар бид бүгдээрээ үйлчилгээ эрхэлдэг, үйлдвэрлэл бараг байдаггүй. Хөдөө аж ахуйн салбарт хэн хаана юу хийж байгаа нь тодорхой. Уул уурхай гэж яриад байгаа боловч урд л цөөн тооны хүн маналзуулаад байгаа байх. Эргэн тойрноо ажиглаад 10 хүнээс хэд нь юу хийж байгааг харвал үйлчилгээ л эрхэлж байна. Монгол Улсын эдийн засгийн тогтолцоо ийм. Уул уурхай хаана чухал нөлөө үзүүлж байна гэхээр нэгдүгээрт, экспортын орлого бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас төсвийн орлого бүрдүүлэхэд чухал нөлөөтэй нь үнэн.
Тийм учраас үйлчилгээнд суурилсан эдийн засагтай, түүхий эдийн экспортын хандлагатай эдийн засагтай. Дээр нь импортын хувь хэмжээ өндөр буюу үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Экспортын орлого сайн байсан ч эргээд импортын хувь хэмжээг нэмэгдүүлдэг.
Түүхий эдээ зараад мөнгө оллоо, эргээд түүнийгээ гадагшаа зарцуулдаг. Дунд нь эргэлдүүлж байгаа хэсэг нь үйлчилгээний салбарыг тэтгэдэг ийм л эдийн засагтай. Төр өөрөө хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том тоглогч, ажил олгогч. Тийм учраас ажил олгогчоос ажилтнууд нь төсөв нэмэгдээд байгаа бол ажлын хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьдаг учраас өнгөрсөн жилүүдэд цалингийн зардлуудаа нэмэгдүүлсэн. Төр идэвхтэй төсвийг хуваах, хуваарилах ажлыг хийж байна. Одоо хөрөнгө оруулалтын ажлууд хийх гэж байна. Энэ юу илэрхийлж байна гэхээр тогтолцооны сөрөг талуудын илрэл болж байна. Гол асуудал юу байна гэхээр Монгол Улсын төсөв өдөр тутмын үйл ажиллагаатай ихээхэн хутгалддаг, дээрээс нь хөрөнгийн зардлаа дахин нэмэгдүүлж байна. Төсвийн зарлагын хэмжээ ДНБ-ний 40 орчим хувь руу дөхөж очлоо. Энэ бол Монгол шиг эдийн засагтай орны хувьд өндөр тоо. Энэ тоо өндөр хөгжилтэй орнуудад байдаг тоо. Монгол шиг дунд орлоготой орнуудад харагддаг тоо биш. Дотоод эдийн засгийнхаа ерөнхий тогтолцоонд бүтцийн хувьд өөрчлөлт хийхгүйгээр санхүүжилт төвтэй явах нь сайн үр дагавар авчирдаггүй.
Нэргүй 2024-09-24 103.206.193.67
Төсвийн төлөвлөлтийн бодлого, хэрэгжилтийн талаар сайн ойлголт өгчээ. Тогтвортой байдлын зөвлөл ямар үүрэгтэйг замын хурдны хязгаарын жишээнээс сайн ойлголоо. Засаг баахан том төсөл хөрөнгө оруулалт яриад унасан, тэрэн дээр болгооомжтой хандаад, ядахнаа өр нэмж тавихгүй байсан нь дээр байхаа. Энэ залуу шиг мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоосой.
Зочин 2024-09-24 202.131.230.162
Монгол улсын төсөв ковидын үед хасах 4,3%-тай байсан Өнгөрсөн жил 7,5% иар өслөө. Ирэх жил яагаад ,% өсч болохгүй гэж сайхан мэдээ бна. Баяр хүргэх хэрэгтэй.
Нэргүй 2024-09-24 43.242.242.59
Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийг гэгээлгээр төсөөлөөд хэрэггүй. Юмны үнэ нэмэгдэнэ, бензин нэмэглдэнэ, орон сууцны үнэ нэмэгдэнэ, нэг хүнд ноогдох бүх үзүүлэлт унана Орос, Хятад хоёр хилээ хаана, бид АНу-аас онгоцоор л бензин авна. Ийм л зүйлийг ярьж байвал сөрөг хүчин АН-д таалагдана. тэд хамтарч байна гээд төрийн ажлыг унагааж хоноцын сэтгэхүйгээр сонгуулийн өмнө засгаас гарч Оюун-Эрдэнэ амаа барьж үлдэнэ.