Сурвалжлага: Улсын циркийн түүхэн дүр төрхийг өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2024.09.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Улсын циркийн түүхэн дүр төрхийг өөрчлөх үү?

Сурвалжлага: Улсын циркийн түүхэн дүр төрхийг өөрчлөх үү?

Энд тэндгүй тоног төхөөрөмж дуугарч, барилгын материал овоолсон энэ газар бол Улсын циркийн хашаа. Барилга дотор ажилчид юм зөөж, ид ажил өрнөнө. Биднийг очиход "Гадны хүн орохыг хориглоно" гэсэн бичигтэй хашаа руу нэвтрэх боломжгүй гэдгийг хамгаалалтын ажилтан хэлж анхааруулав. Улсын циркийн гадна талыг шинэчлэн засварлаж, шил толь, төмөр тороор тойруулан бүрсэн харагдана.

Монголын үндэсний циркийн удирдлагын зүгээс засварын ажлыг ирэх аравдугаар сард дуусгаж, ашиглалтад оруулна гэсэн байдаг. Ингэснээр циркийн барилга 3400 суудалтай, босоогоор 6000-7000 мянган хүн үйлчлүүлэх боломжтой байх гэнэ.

"Олон жил нам жим байсан циркийн барилгын ажил эхэлсэн байна. Улсдаа ганц циркийн барилга нь ашиглалтад орвол сайн л байна" гэдгийг иргэн Ю.Бат-Орших хэлж байв. Циркийн хашааг тойруулан иргэд автомашинаа байрлуулж, тэр дунд багахан ногоон байгууламж л үлджээ. Ганц нэг хүн ногоон байгууламж дунд сууж амарч байгаа харагдана. Зарим нь "Циркийн барилга хэзээ ашиглалтад орох юм шиг байна" гэж лавлана.

"ЦИРКИЙН ЗУРАГ ТӨСӨЛ НЬ ҮНДСЭН ДҮР ТӨРХ, БҮТЭЭЦИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙНА" 

"Түмэн амгалан ордон" компанийн боловсруулсан циркийн барилгын өргөтгөл, шинэчлэлтийн загвар зургийг 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд баталсан байна. Зураг төслөөр 3000 хүн хүлээн авах хүчин чадалтай, зоорьтой, хоёр давхар барилга төлөвлөгдсөн бөгөөд өргөтгөлийн хэсэг нь үндсэн барилгын хийц, бүтээцэд нөлөөлөхгүй шийдлээр зураг төсөл боловсруулсан гэсэн байдаг.

Улаанбаатар хотын түүх судлаач Г.Очбаяр өмнө нь энэ талаар ярихдаа "Циркийн барилгыг шинэчлэх зураг төслөөс харахад үндсэн дүр төрх, бүтээцийг өөрчлөх юм байна. Хажууд нь 35 давхар барилга барих юм байна гэдэг нь харагдсан. Бид энийг эсэргүүцэж байгаа юм. Хотын төвийн А бүсэд байрлах маш цөөн орон зай, түүхэн барилга. Хотын хуучны дүр төрхийг авч үлдэх шаардлагатай. Улсын цирк нийслэлчүүдийн хайртай, очих дуртай газрын нэг байсан.

Улсын цирк нь соёлын томоохон байгууламж учраас тэр орон зайг нь устгах гэж байгааг эсэргүүцэж байна.

Нэгдүгээрт, барилгын үндсэн хэв шинж өөрчлөгдөнө. Хоёрт, ойр орчмын орон зайг эвдэх зураг төсөл болсон байна. Улаанбаатар хотод усан оргилууртай гудамж маш цөөн үлдсэн. Их дэлгүүрээс урагшаа Богд хаан уул нэвт харагддаг орон зай иргэдийн аюулгүй байдал, чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалттай талбайтай. Циркийн хажууд 35 давхар өндөр барилга барьвал тэр орон зай нь алдагдана" гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.

“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”

Тэртээ 1971 онд одоогийн улсын циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.

Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.

Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан байдаг.

УЛСЫН ЦИРКТ ЖИЛДЭЭ 890 МЯНГАН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан.

Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байв.

Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилалтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж