Д.Пүрэвдаваа: Х.Нямбаатар АН, ХҮН-ээс тус бүр нэг орлогчтой болохыг үгүйсгэхгүй

Д.Пүрэвдаваа: Х.Нямбаатар АН, ХҮН-ээс тус бүр нэг орлогчтой болохыг үгүйсгэхгүй

Д.Пүрэвдаваа: Х.Нямбаатар АН, ХҮН-ээс тус бүр нэг орлогчтой болохыг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваатай ярилцлаа.


-“Үндэсний Эвсэл” энэ удаагийн орон нутгийн сонгуулиар НИТХ-д суудал авч, хүчээ зузаатгахыг зорьж байгаа нь мэдээж. Хэчнээн нэр дэвшигч орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа вэ?

-УИХ-ын сонгуулийн дүнгээр “Үндэсний Эвсэл” дөрвөн УИХ-ын гишүүнтэй болсон. Улс төрийн байгууллага шат шатны сонгуульд оролцох үүрэгтэй. Энэ ч утгаараа “Үндэсний Эвсэл” хуулийнхаа дагуу мөн олны дэмжлэг авсан улс төрийн, парламентад суудалтай хүчний хувьд орон нутгийн сонгуульд оролцох нь зайлшгүй юм. НИТХ бол 45 төлөөлөгчтэй. Эвслийн зүгээс 26 нэр дэвшигчийг дэвшүүлж байгаа.

-45 нэр дэвшигч дэвшүүлээгүй нь ямар учиртай вэ?

-“Үндэсний Эвсэл” 2024 оны хоёрдугаар сард байгуулагдсан цоо шинэ улс төрийн хүчин. МАН, АН зэрэг олон жилийн түүхтэй намууд хороо бүхэнд намын үүрийн байгууллагатай. Сум, баг болгонд өөрийн нэгж, салбартай. Тиймдээ ч энэ намуудаас хэнбугай ч нэр дэвшсэн дэмжих бэлэн бүтэц нь байж байдаг. “Үндэсний Эвсэл” УИХ-ын сонгуулиар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулсан. Гэсэн ч салбар нэгжүүдээ улс орон даяар бүрэн байгуулах нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байсан. Тиймээс бид 26 нэр дэвшигчийг Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд нэр дэвшүүлээд байна.

-“Үндэсний Эвсэл” УИХ-ын сонгуульд “Иргэн баян бол улс баян” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байсан. Орон нутгийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байгаа вэ?

-“Иргэн баян бол Хот баян” гэсэн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд байна. “Үндэсний Эвсэл” бол баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Аль болох төр цомхон, төрийн үйл ажиллагаа хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй, аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаа явуулахад нь таатай орчин бүрдүүлэх ёстой гэсэн үндсэн зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. “Үндэсний Эвсэл”-ийг сонгосноороо иргэд төрийг цомхон болгох алхам хийж байна гэсэн үг. Төрийн үйл ажиллагаа аль болох чадавхад суурилсан байх юм.

Дээр дурдсанчлан зүүний чиглэлийн улс төрийн хүчин болох том намууд намын гишүүнчлэлийнхээ бүтэц дээр суурилж сонгуульдаа амжилт гаргадаг. Амжилт гаргасныхаа дараагаар тухайн намынхаа гишүүдийг ажилтай, орлоготой байлгах тал дээр нь онцгойлон анхаарч төрийн том бүтцийг байгуулдаг. Жишээ нь, хороо болгонд хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчид бий. Өнөөдөр Улаанбаатар хотод 3000-4000 хэсгийн ахлагч байгаа болов уу. Тэд сардаа нэг сая төгрөгийн цалин авдаг байх. Гэхдээ цахим үйлчилгээ хөгжсөн энэ үед тэр дундаа байшин хороололд амьдарч байгаа иргэд, хорооны тодорхойлолт зэргийг авахын төлөө хороо руу очихоо больсон. Хорооны бүтцийг цомхотгох бүрэн боломж бий. Гэсэн ч  намын гишүүнчлэлтэй улс төрийн хүчнүүд үүнийг хийхийг хүсдэггүй.

Түүнчлэн төр дандаа хувийн хэвшлийн хийх ажлыг булаадаг. Төрийн маш олон орон нутгийн өмчит газрууд нээгдсэн. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар гол төлөв тухайн ялсан намын төлөөлөгчид томилогддог. 2020-2024 оны НИТХ-д МАН-аас 34 төлөөлөгч сонгогдсон. Эдгээрийн бараг 30 нь дарга байсан. Засаг дарга, орлогч дарга, аль нэгэн нэгж, үйлдвэрийн газрын дарга ч юм уу. Тэр хүмүүс иргэдээ төлөөлөх үү, намаа төлөөлөх үү гэдэг эргэлзээн дунд байдаг.

НИТХ дээр ямарваа нэгэн асуудлыг хэлэлцэх үед, гүйцэтгэх засаглалаас саналын зөрүүтэй шийдвэр орж ирэхэд төсвийн ерөнхийлөн захирагч буюу нэгжийн дарга нар хурал дээр эсрэг байр суурь илэрхийлэх боломжгүй байдаг. НИТХ, дүүрэг, аймгийн иргэдийн хурал ийм барьцаалсан байдалд орчихсон.

-Эвсэл орон нутгийн сонгуульд ч аж ахуй нэгжүүдийг дэмжих үндсэн бодлогоо барих нь ээ гэж ойлголоо.

-Тийм. Татвар төлж, ажлын байр бий болгож, шинэ техник технологийг улсдаа нэвтрүүлж байгаа бизнесийн салбарынхны тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг эрх баригчид огтхон ч хангахгүй байгаа. Банкны өндөр хүү, НДШ, НӨАТ төлөөд эдийн засгийн хувьд бизнес ашигтай байх боломжгүй болсон. Өнөөдрийн зах зээл дээр бизнес хийх орон зай тун хомс байна. “Үндэсний Эвсэл” үүнийг хөндөж, энэ эрх ашгийг хамгаалахын төлөө хамгийн тодоор дуугарч ажиллахын тулд орон нутгийн сонгуульд оролцож байна.

 -“Үндэсний Эвсэл” л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэдэг найдлага иргэдийн дунд байна. Та бүхэн юу гэж харж байгаа вэ?

-МАН, ХҮН, АН нийлж 118 гишүүнтэй нэгдсэн том нэг бүлэг байгуулсан. Хэдий тус тусдаа бүлэгтэй ч гэрээ байгуулж стандарт бус Засгийн газар байгуулсан. Үүний цаана ИЗНН-ын дөрөв, “Үндэсний Эвсэл”-ийн дөрвөн гишүүн л үлдэж байгаа. Эвслийн зүгээс байнгын хорооны болон чуулганы хуралдаанд та бүхэн ийм зөрчлийн шинжтэй, ийм хориглосон үйлдлүүд гаргалаа гэж байнга үзэл бодлоо илэрхийлсэн. Үнэхээр цөөдөж байгаа ч бидэнд боломжууд бий. Бид иргэдээ мэдэх эрхээр хангана. Аливаа хууль бус үйлдлийг тухай бүрд нь олонд мэдээлж, ил тод болгоно.

-УИХ-д сөрөг хүчин ус агаар мэт хэрэгтэй байгаатай адил ИТХ-д ч сөрөг хүчний орон зай үгүйлэгдэж байгаа. Энэ ч эвслийн нэр дэвшигчдэд боломж бий гэж харж байна.

-Сөрөг хүчний үүрэг оролцоо асар их гэдгийг иргэд, сонгогчид маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Нэг тал хэт олонх болоход төсвийн сахилга бат алдагдаж, шийдвэр гаргалт нүдээ олохгүй байх нь олонтоо. Дээрээс нь хэвлэл мэдээлэлд улам л хаалттай болж, иргэдийн мэдэх эрх зөрчигдөж эхэлдэг. Ер нь МАН, АН хоорондоо өрсөлдөж байгаа мэт ард түмний өмнө жүжиг үзүүлэхээ болих хэрэгтэй. Энэ байдлаараа тэд орон нутгийн сонгуулийн дараа мөн л хамтарч, нэг цул болон өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллах болов уу. Орон нутгийн сонгуулийн дараа Х.Нямбаатар АН, ХҮН-ээс тус бүр нэг орлогчтой болохыг үгүйсгэхгүй. Харин “Үндэсний Эвсэл” эд нартай нэг тогоонд орохгүй. “Үндэсний Эвсэл” иргэдийн нүд, чих болж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж