Украин дахь дайнаас улбаатайгаар ОХУ хүн ам зүйн хямралд нэрвэгдээд буй. Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд шинэхэн ээж болсон оюутнуудад тэтгэмж олгох, жирэмсэн эхийн шинжилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй байхаар зохицуулах, үр хөндөлтийг хязгаарлах, өндгөн эсээ хөлдөөх боломж олгох зэрэг янз бүрийн арга хэмжээг авч байна. Арга хэмжээ авсаар байгаа ч ОХУ-д энэ оны эхний зургаан сарын байдлаар сүүлийн 25 жилд байгаагүй цөөн төрөлт бүртгэгджээ.
Тэгвэл ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Евгений Шестопалов саяхан хүн ам зүйн хямралыг шийдэх засгийн газрын хүчин чармайлтын хүрээнд ажлын байран дээрх дотно харилцааг дэмжинэ гэж мэдэгдэв. Эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлт болон хоногт 12-14 цаг ажилладаг талаар сэтгүүлч түүнээс асуухад "Ажил ихтэй, завгүй гэдэг бол үндэслэлтэй шалтгаан биш, зүгээр шалтаг. Ажлын завсар зайгаар хүүхэдтэй болж болно. Өдөр хоног нисэн одож байна шүү дээ" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Евразийн эмэгтэйчүүдийн форумын үеэр Путин эмэгтэйчүүдийн ажлын байран дахь үүрэг оролцоог дэмжсэн ч төрөлтийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж буйгаа дахин илэрхийлсэн юм. "Эмэгтэйчүүдэд олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийг бий болгохын зэрэгцээ ажил мэргэжлээрээ амжилтад хүрэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эмэгтэйчүүд та нар эрчүүдийн ойлгохооргүй тийм нууц увдистай учир карьер хөгжил, гэр бүл аль алийг нь зохицуулж чадна" гэж Путин хэлжээ.
ОХУ-ын Төрийн думын депутат Жанна Рябцева, Анна Кузнецова нар залуусыг 18 хүрмэгцээ хүүхэдтэй болохыг уриалж байна.
Одоогоор 140.8 сая орчим байгаа Оросын хүн ам 2054 он гэхэд 10 саяар буурна гэж НҮБ тооцоолжээ. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээлснээр Орост нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо одоогоор 1.5 байна. Гэвч хүн амын түвшинг тогтвортой байлгахын тулд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2.1 байх хэрэгтэй юм.
3,600.44





















































Холбоотой мэдээ