Мальта улсад бараг сар гаруй хугацаанд үргэлжилсэн цахим спортын "CS2" төрлийн "ESL Pro League"-ийн 20 дахь улирлын аварга баг өчигдөр/2024.09.22/ тодорлоо. Нийт 750 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив, улс бүрийн шилдэг 32 баг оролцож, финалд Туркийн "Eternal Fire" болон Украины "NAVI" багууд тунасан.
Туркийн багийн тухайд энэ тэмцээний турш тун гайхалтай байж, Азийн тэргүүн баг "The MongolZ"-ийг, дэлхийн тэргүүн баг "Vitality"-ийг хожиж, шуугиан тарьжээ. Харин "NAVI" Оросын "Spirit", Германы "G2"-г хожиж, таамаг ёсоор финалд шалгарсан юм. Гэхдээ тэдний ахлагч Алекси Виролайнен буюу "Aleksib"-ийг нэг хар цуврал дагаж байсан нь тэрбээр финалын "BO5" буюу цуврал таван тоглолтод долоо дараалан хожигдсон гэх тааруу амжилттай байсан юм. Энэ ч утгаараа түүнийг дахин цуврал таван тоглолтод хожигдох вий гэж фэнүүд нь санаж зовж байлаа.
Гэтэл үгүй байв. "NAVI" хүчтэй өрсөлдөгчөө таван тоглолтод 3-2 гэсэн харьцаатай буулган авч, "ESL Pro League"-ийн аваргаар тодорлоо. Финалд Жастинас Лекависиус буюу "jL" гайхалтай байж, тэмцээний шилдэг тоглогчоор шалгарчээ. Түүний хувьд Копанхагены Мэйжорын шилдэг болсон билээ. "jL"-ийн Мальта дахь дундаж үзүүлэлт 1.42 байсан аж.
Эхний ээлжийн тоглолт "Eternal Fire" хожсон ч "NAVI" хоёр дараалан ялж, цувралын харьцааг 2-1 болгожээ. Гэвч дөрөв дэх ээлжийн тоглолтод "Eternal Fire" илүүрхэж, харьцааг тэнцүүлэв. Улмаар шийдвэрлэх ээлжийн тоглолтод "NAVI" эгзэгтэй байдлаас хожил байгуулжээ.
Тоглолтын дараа "Aleksib" ярихдаа "Энэ финалд бид өмнөх шигээ байж чадахгүй юм шиг санагдсан. Гэхдээ бид ялагчид боллоо. Дараалан дөрвөн тэмцээний финалд шалгарч, хоёр түрүүллээ. Энэ удаад цуврал таван тоглолтод хожлоо. Энэ жил бидэнтэй эн зэрэгцэх баг байхгүй" гэжээ.
Харин "Eternal Fire"-ийн Энгин Купели буюу "MAJ3R" ярихдаа "Үнэхээр гунигтай байна. Анх удаагаа л бид түрүүлэх юм шиг санагдсан. Бид өнөөдөр сайн тоглолоо. Өнөөдөр сайн, муу зүйлс хийлээ. Бид үе бүр дээр л тэмцсэн. Гайхалтай цуврал таван тоглолт боллоо" гэв.
Disrespect 2024-09-23 66.181.183.15
The bo5 lose curse still follows him. Poor Aleksib