Ираны зүүн хэсэгт орших Өмнөд Хорасан мужийн "Табас" нүүрсний уурхайд метан хий алдагдсанаар дэлбэрэлт болж, дор хаяж 51 хүн нас барав. Мөн 20 гаруй хүн гэмтэж бэртжээ. Үүнийг сүүлийн жилүүдэд байгаагүй аймшигтай осол эндэгдэл байсан гэж үзэж байна. Ираны хэвлэлд мэдээлснээр уурхайн хоёр блок дэлбэрэлтэд өртжээ. Уурхайд хийн конденсац үүссэн нь дэлбэрэлтийн шалтгаан болсон гэж үзэж байна.
Дэлбэрэлт Бямба гаригийн үдээс хойш 21:00 цагийн орчимд болжээ. Тухайн үед ослын бүсийн ойролцоо 70 орчим ажилтан байжээ.
Дэлбэрэлтийн дараа түргэн тусламжийн машинууд болон нисдэг тэрэгнүүд ослын газарт иржээ. Одоо ч уурхайн гүнд гацсан хүмүүс байгаа учир тэднийг гаргахаар ажиллаж байна. Тэд газрын гадаргаас 250 метрийн гүнд метанаар дүүрсэн хонгилд байгаа аж.
Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцохоор Нью-Йоркийг зорьсон. Тэрбээр Нью-Йорк явахаасаа өмнө хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, Өмнөд Хорасан мужид гурван өдрийн гашуудал зарлажээ.
Иранд өмнө нь энэ төрлийн осол хэд хэд гарч байв. Тухайлбал, 2017 онд хойд нутгийн Азад Шахр уурхайн дэлбэрэлтээр 43 хүн амиа алдсан. 2021, 2023 онд мөн уурхайн ослоор нийт найман хүн нас баржээ. Ашигт малтмалаар баялаг Иран улс нь 1.5 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй. "Табас" уурхайн тухайд 30 мянган км квадрат талбайг хамардаг бөгөөд коксжих болон эрчим хүчний нүүрсний их нөөцтэй. Тус уурхайг Ираны хамгийн том бөгөөд хамгийн баялаг нөөцтэй уурхай гэдэг.
Эх сурвалж: AFP
Нэргүй 2024-09-23 103.212.116.235
Иймэрхүү асуудлуудтай байж Изриалтай байлдах санаатай.. амжихгүй ээ Иранчууд аав