Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2024.09.23/-нд тус дүүргийнхээ зарим хороод, өрхийн эмнэлгүүдэд ажиллав. Энэ үеэр хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой бэлэн байдал ямар байгааг "шалгаж", зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхийн тулд чирэгдэл багатай, шуурхай ажиллахыг холбогдох албаныханд даалгав. Бидний эхний очсон газар бол БГД-ийн 28-р хороо.
Тус хороо нь 2086 өрх, 7000 гаруй хүн амтай, сургуулийн насны 1525, цэцэрлэгийн насны 691 хүүхэдтэй.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга болон тус хороонд үйл ажиллагаа явуулж байгаа ӨЭМТ-үүдийн удирдлагуудтай уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцож, дүүргийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн иргэдийг идэвхжүүлэх, вакцины нөөц, татан авалтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх болон дүүргийн эмнэлгүүдийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бэлэн байдлаа хэрхэн хангаж байгаа, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцов.
Улирлын томуу, томуу төст өвчлөлийн эсрэг дархлаажуулалтыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж эхлээд байна. Учир нь, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэсэн, мөн улирал солигддог энэ үед томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгддэг. Тухайлбал, өнгөрсөн жил аравдугаар сард нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалт эхэлж байсан бол энэ жил вакцины татан авалтыг наймдугаар сарын 26-ний өдрөөс хийж, нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд улирлын томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн байна. Баянгол дүүргийн хэмжээнд үүнтэй зэрэгцэн томуугийн вакцин хийж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар томуугийн эсрэг дархлаажуулалтад нийт зорилтот бүлгийн иргэдийн 56 хувь нь хамрагдсан гэдгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар хэлж байна.
Эрүүл мэндийн төвөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор дархлаажуулалтыг идэвхжүүлэх ажлыг Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн эмнэлэгтэй хамтран явуулын болон суурин цэгээр дамжуулж хүргэхээс гадна амралтын өдрүүдэд ч мөн тогтмол хийж байгаа гэдгийг хэлж байна.
Гэсэн хэдий ч томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн хувь хэмжээ бага байгаа гэдгийг учирлаж байна. Баянгол дүүргийн хувьд томуугийн эсрэг 27 мянган тун вакцины татан авснаас одоогийн байдлаар 15 мянган тун вакциныг ӨЭМТ-үүд болон дүүрэгт хуваарилжээ. Хүйтэн, сэрүүний улиралд томуу болон томуу төст өвчнөөр өвчлөх иргэдийн тоо нэмэгддэг. Баянгол дүүргийн ЭМТ-ийн орны ачаалал өнгөрсөн долоо хоногт огцом нэмэгдэж 80 орчим хувийн дүүргэлттэй буюу нийт 140 орчим орноос 100 орчим орон дээр иргэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн амбулаторын үзлэг өдөрт 200 орчим болж нэмэгдсэн нь томуугийн дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байгаа үзүүлэлт гэв. Тиймээс томуугийн эсрэг дархлаажуулалтыг идэвхжүүлэх, иргэд рүү чиглэсэн халдвар хамгааллын ажлуудыг шат дараатай зохион байгуулах нь зүйтэй гэв.
"ВАКЦИНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН ӨВЧЛӨХ МАГАДЛАЛ 50 ХУВИАР БУУРДАГ"
Баянгол дүүргийн “Угтахуй” ӨЭМТ-ийн зөвлөх эмч Ө.БАТЧИМЭГ:
-Эрүүл мэндийн сайдын 2024 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/359 тоот тушаалаар томуугийн эсрэг дархлаажуулалтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар тус ӨЭМТ 1800 тун вакцин татан авч 1600 тун вакциныг хийгээд байгаа аж. Энэ жил хийж байгаа вакцины хувьд, Эрүүл мэндийн яамны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангаас вакцины худалдан авалтыг зохион байгуулдаг.
Энэ жилийн тухайд БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Greencross” гэх 4 цент вакциныг хэрэглэж байгаа бөгөөд энэхүү вакциныг өвлийн улиралтай орнуудад түгээмэл хэрэглэдэг.
Дөрвөн цент гэдэг нь А хүрээний (H1N1), (H3N2) зэрэг 4 төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх томуугийн вакцин. Энэхүү дархлаажуулалтад хамрагдсанаар тухайн вирусээр өвчлүүлэхгүй байх, өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчлүүлэх дархлаажуулалтын тогтолцоог бүрдүүлж өгдөг ач холбогдолтой. Вакцинд хамрагдсан иргэдийн өвчлөх магадлал 50 хувиар буурч, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл нь 50-иас дээш хувиар буурдаг гэсэн судалгаа байдаг. Томуугийн өвчлөл идэвхитэй дэгдэж байгаа энэ улиралд амны хаалт тогтмол хэрэглэх, гараа ариутгах, анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэгт анхаарахаас гадна тогтмол дулаан хувцаслах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, эрт унтаж амрах гэх мэт энгийн мөртлөө үр дүнтэй урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэх нь зүйтэй.
"БУРУУ ОЙЛГОЛТТОЙ УЧРААС ИРГЭД ВАКЦИНД ХАМРАГДАХААС ТАТГАЛЗДАГ"
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “Мэлмий хурц” ӨЭМТ-ийн дарга Ж.Мэндбаяр хэлэхдээ тус дүүргийн ЭМТ-ийн Дархлаажуулалтын кабинетаас хувиарласан дархлаажуулалтыг ажлын өдрүүд болон амралтын өдрүүдэд тогтмол хийж байна. Амралтын өдрүүдэд 11-16 цагийн хооронд иргэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой аж. Тус хороо эхний ээлжинд 800 орчим тун вакцин татаж авснаас 650 орчим тун вакциныг хийсэн байна. Мөн харьяа сургууль, цэцэрлэгийн удирдалага, эмч, сувилагчтай хамтран явуулын цэгээр дархлаажуулалт хийж байгаа гэдгийг хэлж байна. Тэрбээр, иргэдийн хувьд вакцины найрлага орцод ямар нэгэн байдлаар эргэлзэх, ташаа мэдээлэлд автсанаар вакцинд хамрагдах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх мэт буруу ойлголттой байгаагаас үүдэн дархлаажуулалтад хамрагдахаас татгалзах хандлагатай болж байна. Вакцин гэдэг бол маш сайн судлагдаж, олон удаагийн туршилтаар батлагдсан байдаг учраас ямар нэгэн эргэлзээгүйгээр дархлаажуулалтад хамрагдах нь үр дүнтэй гэдгийг онцолж байна.
Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Унтаж амрах
- Гараа сайтар савандаж угаах
- Дулаан хувцаслах
- Томуугийн вакцинд хамрагдах
- Амны хаалт хэрэглэх
- Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
- Шингэн хангалттай уух
- Өвчилсөн тохиолдолд эмчид яаралтай хандах
Томуугийн вакцин хийлгэснээр:
- Хүүхдүүдийн томуу тусах, эмнэлэгт хэвтэх эрсдлийг бууруулдаг.
- Вакцин хийлгэсний дараа ч томуугаар өвдөх магадлалтай. Гэвч өвчний хүндрэх эрсдлийг бууруулна.
- Өндөр эрсдэлтэй 5-аас доош насны хүүхэд болон архаг өвчтэй бүх насны хүмүүсийг томуугийн ноцтой хүндрэлээс хамгаална.
- Вакцин хийлгэснээр бусад хүмүүст халдвар тараах, ялангуяа томуугийн эсрэг вакцин хийлгэхэд дэндүү бага буюу 6 сараас доош насны нярай хүүхдүүдийг томуугаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг гэдгийг зөвлөж байна.
"ЭЦЭГ ЭХЧҮҮД ЗӨВШӨӨРСӨН ТОХИОЛДОЛД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГААР НЬ ДАМЖУУЛЖ ХҮҮХДИЙГ ДАРХЛААЖУУЛНА"
Мөн Баянгол дүүргийн 26 дугаар хорооны “Ангирмаа” ӨЭМТ-ийн дарга Ц.Жавзан-Орлом хэлэхдээ, тус хороо нийт 20971 хүн амтай. Нийт 800 тун вакцин татаж авснаас 765 тун вакцин хийсэн бөгөөд зорилтот бүлгийн 0-5 насны хүүүхдүүдийн 40 орчим хувь нь дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд үлдсэн 60 хувийг нь дархлаажуулалтад хамруулах нөөц хангалттай байгаа бөгөөд татан авалтаа хуваарийн дагуу тогтмол хийж ажиллаж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд 08.30-16:00 цаг, амралтын өдрүүдэд 10-15 цагт дархлаажуулалтад хамрагдах боломжтой аж. Мөн эцэг эхчүүд нь зөвшөөрсөн тохиолдолд сургууль, цэцэрлэгээр нь дамжуулж хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах боломжтой бөгөөд одоогийн байдлаар 100 дугаар цэцэрлэг бүрэн хамрагдсан гэв.Тиймээс дархлаажуулалтад хамрагдахын ач холбогдлыг эцэг эх, асран хамгаалагчдад сурталчилан таниулахад анхаарч ажиллаж байна гэв.
Вакцинд дараах хүмүүс хамрагдана. Үүнд,
- 14-36 долоо хоногтой жирэмсэн
- 6 сартайгаас 5 хүртэлх насны гэртээ байгаа хүүхдүүд/ цэцэрлэгийн вакцинаас хоцорсон хүүхдүүд
- Чихрийн шижин, Артерийн даралт ихсэлт, Уушигны архаг бөглөрөл зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс
- 65-с дээш насны ахмад настан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хэвтэрийн иргэдэд гэрээр дархлаажуулалт хийгдэнэ
"ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ, АРИУТГАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАРДЛЫГ ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС ШИЙДВЭРЛЭНЭ"
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.СУМЪЯАБААТАР:
-Эрүүл мэндийн байгууллагын нөхцөл байдал болон дархлаажуулалтын талаарх мэдээлэлтэй танилцлаа. Тиймээс ирэх долоо хоногт Баянгол дүүргийн хэмжээнд томуу болон томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх долоо хоног болгон зарлаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаас гадна бүх шатны боловсролын байгууллагын удирдлагуудад сургууль, цэцэрлэгийн орчны халдвар хамгааллыг сайжруулах тал дээр ковидын үеийн туршлагыг ашиглах зэрэгт анхаарал хандуулж, хамтарч ажиллая. Мөн хороод болон өрхийн эмнэлгүүд вакцины нөөцийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгт шаардлагатай халдваргүйжүүлэлт, ариутгалтай холбоотой холбогдох зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр тогтсон гэдгийг хэллээ.
ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ШУГАМ ЗАСВАРЫН АЖЛЫГ НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭЧИЛЖ БАЙНА
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон Баянгол дүүргийн 28 дугаар хорооны Засаг дарга Д.Алтанцэцэг нар тус хорооны нутаг дэвсгэр болох Техник импортоос зүүн тийш, Энхтайваны өргөн чөлөө дагасан туслах зам, зогсоол дундуур 11г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэн солих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын явцтай үргэлжлүүлэн танилцлаа.
Энэхүү 11г магистралийн 2ф800мм голчтой шугамыг 1983-1984 онд ашиглалтад оруулсан байдаг бөгөөд 40 жил ашигласан тус шугамын ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан учир гэмтэл гарах өндөр эрсдэлтэй учраас ийнхүү шинэчлэн засварлаж байгаа гэдгийг Ө.Сумъяабаатар дарга онцоллоо.
Олон жил хүлээгдсэн уг шугам хоолойн засвар нийтдээ 3,4 км үргэлжлэх тухайн шугамын 1,6 км трассыг энэ онд өргөтгөхөөр ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтад суулгасан байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 30 хувийг дамжуулдаг тус шугамыг 2ф1000мм голчтой болгож өргөтгөснөөр 6200 гаруй өрхийг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох техникийн боломж бүрдэх аж. Энэхүү ажлын гүйцэтгэл хугацаанаасаа тодорхой хэмжээгээр хоцорч яваа боловч, хүн хүчээ нэмэгдүүлэн ажиллаж есдүгээр сарын 25-нд хэрэглэгчдэд халуун, дулаанаа өгөхөөр ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл хэллээ. Шугам хоолойн засварын дараа авто замын ажлыг гүйцэтгэх аж. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн халуун, дулаангүй байсан иргэдийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа гэдгийг ойлгож байгаа бөгөөд богино хугацаанд халуун, дулааныг холбохын тулд гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлж байна. Энэ удаагийн засварын ажлыг хонгилын систем ашиглан гүйцэтгэж байгаа нь бас нэгэн дэвшил гэдгийг хэллээ.
"ЭНЭ САРЫН 25-Н ГЭХЭД ХЭРЭГЛЭГЧДИЙГ ДУЛААНААР ХАНГАНА"
Энэхүү 11г магистралийн ажлыг зургаан компани хамтран гүйцэтгэж байгаа аж. Тухайлбал, Сод төвөөс 45 дугаар байр дуустал "Сан" ХХК засвар , үйлчилгээний аулыг хариуцан ажиллаж байгаа аж. Тус компанийн Ерөнхий инженер н.Пүрэвхүү хэлэхдээ, манай компани 1.6 км шугам хоолойн ажил гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар ажил 95 хувьтай үргэлжилж байна. Энэ сарын 22-нд усны дүүргэлтийн ажил хийх бөгөөд 2000 тн ус дүүргэхэд хоёр өдөр зарцуулах тооцлолтой байна. Ингээд 25-ны өдөр гэхэд хэрэглэгчдийг дулаанаар хангах зорилт тавиад ажиллаж байна. Гүйцэтгэлийг чанартай хийхийн тухайд хөндлөгийн болоод дотоод хяналт тавьж ажиллаж байна. Тодорхой хэмжээний хугацаа алдсан асуудалд гаднаас тоног тохооромж, тоноглолоо татан авдаг учраас зөөвөр, тээвэртэй холбоотой хугацаа алдсан асуудал бий гэв.
"ДУЛААНЫ УЛИРАЛД ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ БАГА ХҮЧЭЭР АЖИЛЛАСАН"
Баянгол дүүргийн 28 дугаар хорооны Засаг дарга Д.АЛТАНЦЭЦЭГ:
-Манай хороо нийт 15 мянга гаруй хүн амтай. Иргэд долдугаар сарын 15-наас хойш халуун усгүй болсон. Мөн орц, гарц хаагдсан, галын машин, түргэн, хогны машин чөлөөтэй орж гарах боломж хомс байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлчихсэн баыхад халаалтаа авч чадаагүй нь ханиад томууны дэгдэлтэд нөлөөлж байна. Тиймээс гүйцэтгэгч компанийн үйл ажиллагааг өдөр бүр хянах, ажлын явцыг хурдасгах тал дээр шахаж ажилласан ч ажлын явц маш удааширалтай байгаа нь иргэдийг бухимдуулсан. Дулааны улиралд бага хүчээр ажилласан. Есдүгээр сарын 25-нд халаалтыг бүрэн өгч ажиллана гэдгийг хэлж байна. Тиймээс энэ хугацаанд ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллана. Мөн дүүргийн ЗДТГ-аас хөдөлмөр, аюулгүй байдлын ажиллагаанд анхаарал хандуулж иргэдийг аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад баяртай байна.
Сонирхуулахад, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Ирэх жилүүдэд засвар шинэчлэлт хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байлгахаар арга хэмжээ авч ажиллаж байна.
Нэргүй 2024-09-23 202.131.233.11
Сонгуулийн шоу
vfff 2024-09-23 202.9.40.199
андуурсан л*****н аалз бэ инний мөнгө олдог зсаг дрга хийн гж юу бсийн хогийн л*****н мөнгнмй эх үүсвэрыг шалга х***а компани гар хөл хийсн сураггүй л***р дахиж блох санаатй эндүүрвээ адгийн шаар. Иймрхүү хогийн шааруудыг хархаар шоронд хиымээр санааддад байдгийн адгийн өлөн зулбасгууд.