"Төсвийн ил тод байдлыг ЗГ өөрөөсөө эхлүүлэх ёстой"

"Төсвийн ил тод байдлыг ЗГ өөрөөсөө эхлүүлэх ёстой"

"Төсвийн ил тод байдлыг ЗГ өөрөөсөө эхлүүлэх ёстой"

Засгийн газраас 2025 оны улсын төсвийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Төсвийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батална. Эдийн засагч Г.Батзоригтой ирэх оны улсын төсөв болон нийгэм эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.


"МОНГОЛ УЛС ТӨСВИЙН ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛАЛТААРАА НЭЛЭЭД ХОЙГУУР БИЧИГДЭЖ БАЙНА" 

-Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын 2024, 2025 оны төсөв огцом тэлж байна. Төсөвт хяналт тавихгүй байна гэж харж байна.  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хамгийн тогтворгүй, өөрчлөгддөг хууль болж хувирлаа. Нөхцөл байдалдаа тааруулаад бүгд өөр, өөрсдийнхөөрөө өөрчилж байна.  Төсвийн зарлага маш их тэлж байна. Зарлагыг нөхөх орлого хэр бодитой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэрвээ зарлагаа түрүүлж гаргаад орлого бодитой биш бол төсвийн алдагдал огцом нэмэгдэнэ. Эргээд зарлагаа нөхөх буюу санхүүжүүлэх эх үүсвэр шаардлагатай болно. Зарлагаа санхүүжүүлэхийн тулд мөнгө хэвлэх, өндөр дүнтэй бонд гаргах, гадаадаас зээл авах хэрэгцээ үүснэ. 2025 оны төсвийг бүрдүүлж буй гол хүчин зүйл нь уул уурхайн орлого. Тэр дундаа нүүрсний экспортоос голлох орлогыг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Ирэх жил нүүрсийг 83 сая тоннд хүргэнэ гэж төсөөлсөн байна. Энэ бол  асар өөдрөг таамаглал гэж харж байна. Учир нь Хятадын талаас нүүрсний орлого хамаарна.

Он гарснаас хойш хятадад нүүрсний үнэ 30 хувь унасан. Үүнийг дагаад гангийн үйлдвэрлэл унасан. Нүүрсний ченжүүд биржийн арилжаанд бараг оролцохгүй байна.

Мөн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаа. Тэгэхээр тус улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарч, Монголоос экспортлогдож буй түүхий эдийн эрэлт, үнэд нөлөөлж болзошгүй. Хятад улсад ийм хүнд нөхцөл үүссэн үед дахин 80 сая тонн нүүрс төлөвлөсөн нь хэтэрхий өөдрөг гэж харж байна. Монгол Улсын төсвийг цалинтай хүнээр төсөөлөхөд тогтмол орлоготой мэт, цалинтай хүн биш байхгүй юу. Хэзээ орж ирэх нь тодорхойгүй ажлын хөлс шиг төсвийн орлого тогтворгүй байдаг. Энэ бидний сул тал.

-Төсөв тэлж байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ? 

– Улсын төсөв үндсэн хоёр шалтгааны улмаас жил бүр тэлж байна. Нэгдүгээрт, дээр хэлсэн хяналт байхгүй учраас төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа эрх баригчид өөрсдөдөө зориулж өөрчлөөд төсвийн зардлаа тасралтгүй тэлж байна. Энэ бол сөрөг зүйл. Улсын төсөв дээр бол үр ашигтай байхаар, зардлаа багасгасан бодлого явах ёстой. Тэгж байж мөнгөний бодлогын орон зай гарна тэгснээр зээлийн хүү буурах боломж бүрдэнэ. Дээрээс нь төсвийн хэт их зардал импортод дарамт үзүүлдэг. Энэ нь эргээд ханшаа унагаадаг. Улс төрийн эдийн засаг талаасаа эрх баригч нам, сөрөг хүчний хоорондын хяналт байхгүй  засаглалтай холбоотой төсөв байнга тэлж байна. Ялангуяа Covid-19 цар тахлаас хойш төсөв дөрөв дахин өссөн. Улсын төсвөөр нийгмийн суурь асуудлыг  шийдэх ёстой. Жишээлбэл, сургууль, цэцэрлэг, зам талбай, утаа, түгжрэл, дэд бүтцэд зарцуулах ёстой. Гэтэл төсвийн мөнгийг урсгал зардал буюу цалин хөлс, бүх төрийн өмчит компанийн урсгал зардалд, хөрөнгө оруулалтын зардалд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн төслүүдийн ихэнх нь эргээд ямар ч үр ашиггүй болдог. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улс төсвийн үр ашигтай зарцуулалтаараа нэлээн хойно бичигдэж байсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн  дээрээс нь хувийн бизнестэй өрсөлдөж байна.

Төсвийн  үрэлгэн байдлыг хязгаарлаж, зарцуулалтыг сайжруулах тал дээр хэрхэн анхаарвал зүгээр вэ?

Төсвийг сайжруулах талд хэд хэдэн анхаарах зүйл байна. Эхнийх нь төсвийн хязгаарлалт. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн хязгаарыг тогтоож байгаа. Гэхдээ энэ хуулийнхаа хэрэгжилт, ач холбогдлыг буруу ашиглаж байна. Төсвийн хяналтыг сайн хийж орлого зарлагыг сайжруулж төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Мөн хөрөнгө оруулалт, мониторингийн асуудал байна. Төсвийг үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөлд зарцуулж байна. Уг нь бол хөрөнгө оруулсан төслүүд нь дуусаж эргээд үр ашгаа өгдөг байх ёстой. Тиймээс хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэтэл манайхан үүнд сахилга бат маш муутай. Мэдээж төсвийн мөнгөөр бүх зүйлийг хийж чадахгүй гэдгийг сайн ойлгох ёстой.

Төрийн өмчит улсын байгууллагуудын алдагдал төсөвт дарамт үүсгэж байгаа. Ихэнх нь алдагдалтай ажилладаг. Тиймээс төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах, заримыг нь хаах асуудлыг ярих ёстой.

Төсвийн зарцуулалтын хуваарилалтад бас анхаарах хэрэгтэй байна. Үүний нэг жишээ бол нийгмийн халамж, халамж хавтгайрсан. Халамжийн бодлогыг цэгцлэх шаардлагатай гэж харж байна. Мөн төсвийн ил тод байдлыг сайжруулах хэрэгтэй байна. Үүнийг Засгийн газар өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Төсөв ил тод байвал хяналттай байна.

-Засгийн газраас авто зам, эрчим хүч, дэд бүтцийг эрчимжүүлнэ гэсэн. Эдгээр төслийг эрчимжүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Зам, эрчим хүч цахилгаан станц, дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэх нь зөв. Өвөл болохоор цахилгаан эрчим хүчний хүчин чадал хүрэхгүй тог байнга хязгаарладаг. Оюутолгой компани жил бүр Хятад улсаас 200 сая ам.доллароор  эрчим хүч авдаг. Баруун аймгууд Орос улсаас эрчим хүчний хамааралтай. Дэд бүтцээ шийдсэнээр улсын хөгжилд эергээр нөлөөлнө. Энэ мэтчилэн эрчим хүчний дутагдалтай тиймээс эдгээр суурь асуудлаа шийдэх шаардлагатай. Засгийн газар өөрчлөгдөхөд өмнөх Засгийн газрын эхлүүлсэн бүтээн байгуулалт, төслүүдийг гацаадаг энэ байдлаа болих хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн эхлүүлсэн төслүүдээ дуусгаж байж төсөвт үр өгөөжөө өгнө.

-Төсөв тэлэхийн хэрээр төрийн оролцоо өндөр болдог. Тэгэхээр хувийн хэвшлийн орон зай хумигддаг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?  

-Төсвийн мөнгийг юунд зарцуулж байгаа нь маш чухал. Дэд бүтэц зэрэг хэрэгтэй зүйлд зарцуулж байвал төсөв тэлж байгаа ч үр ашиг нь өгөөжтэй байна. Энэ нь эргээд иргэдийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлж өгч байна гэсэн үг. Тэр чиглэл рүү явж байвал дээр хэлсэн төсөв тэлсэн ч үр ашиг нь өндөр байна. Олон нийтээс тусдаа ашиг олох бүтээгдэхүүнийг төр хувийн хэвшилтэй зэрэгцээд хийгээд байж болохгүй.

Төр хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй гэхээр  хаалттай гэр бүлийн компанийг дэмждэг. Ингэснээр нэр бүхий хэдхэн компани монопол болж бүх эрх ашгийг хүртдэг. Тиймээс төр нээлттэй хувьцаат компанийг дэмжих ёстой.

Хувьцаат компанийн хувьцааг ард түмэн эзэмшдэг. Хувьцаат компанийн ашиг орлого өссөнөөр эргээд тухайн компани зах зээл дээр борлуулалт нь нэмэгдэнэ. Тухайн компани олсон ашгаа ногдол ашгаар хуваарилаад иргэд хувьцаагаар дамжуулан өгөөжийг нь хүртэх боломжтой болно. Ингэснээр ашиг орлогоо хуваах дургүй хувийн хэвшлүүд IPO хийж компаниа нээлттэй болгох сонирхолтой болно. Энэ нь эргээд баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулж баян ядуугийн ялгааг багасгах боломж бүрдэнэ гэж харж байгаа.

"ХЯТАДАД ТҮҮХИЙ ЭДИЙН УНАЛТ ХЭВЭЭР БАЙВАЛ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ДАРАМТ УЧРУУЛНА"

-Монгол Улсын ирэх дөрвөн жилийн эдийн засгийг юу гэж харж байна.

Монгол Улсын эдийн засаг нүүрсний ашгаас шууд хамааралтай. Мөн гадаад зах зээлийн нөхцөл байдал тэр дундаа БНХАУ-ын эдийн засаг гангийн эрэлтээс бас хамаарна. Бид дотооддоо ямар нэг төсөл хөтөлбөр зарладаг үүний хөрөнгийг гадаад зах зээлийн валютын орлогоос хөрөнгө оруулдаг. Тэгэхээр ирэх дөрвөн жилийн эдийн засаг нүүрсний экспорт ямар байхаас шалтгаална. Хятадад түүхий эд уналттай байна тэгэхээр нүүрсний ирээдүй бүрхэг  байна. Тиймээс Монголын эдийн засаг 2-3 жилдээ амаргүй л байна байх гэж бодож байгаа.

-Удахгүй аймаг, нийслэл, сум, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж байна. Зургадугаар сард УИХ-ын сонгууль болсон. Сонгуулийн зардал эдийн засагт нөлөөлөх үү?

-Орон нутгийн сонгуулийн эдийн засагт үзүүлэх зардал нь бага. Гэхдээ сонгуультай холбоотой мөрийн хөтөлбөр, зарлаж буй хөтөлбөртэй холбоотой төсөвт гурван их наядын тодотгол хийсэн.  Ихэнх нь дэд бүтцийн төсөлд зарцуулахаар  байна. Энэ нь эдийн засагт нөлөөлнө. Төсвийн зарцуулалтын 70 хувь нь импортыг санхүүжүүлдэг. Орон нутгийн болон УИХ-ын хоёр сонгуулийн нөлөө эдийн засагт нэлээд дарамт учруулахаар байна. Энэ эргээд иргэд аж ахуй нэгжийн боломжийг хязгаарлана.

-БНХАУ-д гангийн үйлдвэрлэл унаж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналт Монголын эдийн засагт яаж нөлөөлөх вэ. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хятад улсын хувьд АНУ-тай худалдааны дайн эхлүүлснээс хойш тус улсаас яаж хамаарлаа багасгах вэ гэдэг тал дээр бодлого хэрэгжүүлээд эхэлчихлээ. Жишээлбэл Америк дахь худалдаагаа багасгаад Европ, Азийн улсаас худалдан авалтаа нягт болгож байгаа нь Хятадын коммунист намын АНУ дахь хамаарлаа багасгах бодлого юм. Дэлхий нийт Хятад улсын цаашдын эдийн засгийн нөхцөл байдлыг нэлээд сонирхож байна. Гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банкны эдийн засагчид Хятадын эдийн засаг Америкаас хамаарахгүй гэдэг дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ Хятад улсад гангийн үйлдвэрийн түүхий эдийн үнэ унасан. Тус улсын гангийн үйлдвэрийн эрэлтийн тал хувийг барилгын салбар бүрдүүлдэг. Тиймээс хятадад барилгын салбарыг эрсдэлтэй гэж харж байна. Бусад салбарын хувьд өсөлтөө хадгалаад явна гэсэн хүлээлттэй байгаа юм билээ.

Гангийн үйлдвэрийн эрэлт унахаар Монгол Улсаас коксжих нүүрс ашиглах эрэлт дагаад буурна. Тэгэхээр нүүрсний үнэ буурна гэж харж байна.

Ингэснээр Монгол Улс ирэх онд 80 сая тн нүүрс экспортолж чадах эсэх нь эргэлзээтэй. Ирэх жилүүдэд хятадад түүхий эдийн уналт хэвээр байвал Монгол Улсын эдийн засагт дарамт учрах эрсдэл үүснэ. Энэ нь эргээд инфляцад сөргөөр нөлөөлнө гэж харж байна.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгоно гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн. Энэ бодитой байж чадах болов уу. Нээлттэй болбол гарах эерэг болон сөрөг үр дагавар?

-"Эрдэнэс Тавантолгой" компани олон улсын зах зээлд гарснаар гадаадаас хөрөнгө оруулалт татаж, бизнесийн үйл ажиллагаанд өөрийн хөрөнгө оруулалтыг сайжруулах боломж бүрдэнэ. Мөн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг багасгах эргээд олон улсын зах зээл дээр хараа хяналттай байна гэсэн үг.

Тухайн компанид улс төрийн нөлөө өндөр. Тиймээс олон улсын зах зээл дээр гарч буй компаниудын нийтлэг шаардлагыг хангах нь эргэлзээтэй.

Тухайн компанийн бүтээгдэхүүнээ бас харна. Дэлхий нийт ногоон санхүүжилт, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж түүн дээр тулгуурласан зарчим баримталж бодлого хэрэгжүүлж байна. Ингээд харахаар тодорхой уул уурхайн мэргэжлийн хөрөнгө оруулагчид сонирхохоос биш өөр хөрөнгө оруулагчид сонирхох нь эргэлзээтэй гэж харж байна.

Монголд дундаж давхаргын хүмүүс гэж бараг байхгүй боллоо. Засгийн газар үүн дээр ямар бодлого баримталбал зохистой вэ. Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл дарамт болдог. Үүнийг яаж өөрчилбөл зүгээр вэ?

Эдийн засгийн судалгааны аргачлалаас хамаараад дундаж давхаргыг зах зээл дээр янз бүрээр тооцдог. Дундаж давхарга нь тухайн улсын эдийн засгийн гол дархлаа. Олон улсад дундаж давхарга хүчтэй байвал улс төрийн шийдвэр гаргалт бодитой байх магадлалтай байдаг. Ялангуяа Европын зарим оронд энэ нөлөө өндөр байдаг. Covid-19 цар тахлаас хойш  баян, ядуугийн ялгаа илүү гарч байна. Популизм суурьтай улстөрчид гол дүр болж буй. Дундаж давхаргынхан нийгмийг гол хөдөлгөгч хүч байдаг. Гэтэл ажиллаж байгаа бүлгээс илүү халамжийн бүлэг зах зээлд нэмэгдэхээр дундаж давхарга үгүй болдог.

Монгол Улсад дундаж давхаргынхныг дэмжих бодлого байхгүй. Бүх үйлчилгээ, хөнгөлөлтөөс хасагддаг. Төрөөс хэрэгжүүлж буй орлогын дахин хувиарлалтаар хийж байгаа бодлого хөтөлбөрт багтдаггүй.

Бор зүрхээрээ л явдаг хүмүүс дундаж давхаргынхан байдаг.  Монголд бизнес эрхлэгч нэг хүн хоёроос, гурван хүнийг дааж явдаг. Энэ нь маш их дарамт учруулдаг.

Гайгүй чадвартай хүмүүс нь гадагшаа илүү боломж хөөгөөд явчихдаг. Тиймээс хөдөлмөрийн зах зээл хүнгүй болж эхэллээ. Засгийн газар эдгээр асуудлыг харахгүй байна. Дундаж давхаргыг цөөхөн байлгах нь тэдэнд ашигтай. Тэтгэврийн болон халамжийн бүлгийг илүү болгохоор сонгуульд өндөр санал авах боломж бий болно. Тиймээс тэдгээр хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирэх сонгуульд санал авах бодлогоо хэрэгжүүлж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг харахаар улс орны эрх ашгийг анзаарахгүй байна. Нийгмийн даатгалын дарамтаас гарахын тулд тэтгэврийн реформ хийх шаардлагатай. Иргэд зээл авахын тулд л нийгмийн даатгалаа төлж байгаа. Яагаад гэвэл банк зээлд гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэл дээр тулгуурлаж бүх төрлийн зээл гаргаж өгдөг. Бусад тохиолдолд нийгмийн даатгал төлөх сонирхол иргэдэд байхгүй байна. Монголын нийгмийн даатгалын систем дампуурсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Тэтгэврийн реформ хийх зоригтой Засгийн газар, улстөрч алга байна. Миний хувьд тэтгэврийн реформ хийх нь нийгмийн даатгалын дарамтыг бууруулах том шийдэл гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-23 122.201.23.84

Чи энийг хэлээд байж бай гэсэн шиг л зурагдсан пянзнууд

Avatar

Зочин 2024-09-23 82.144.201.2

Төсвөөс санхүүждэг наад данхар том ЗГ-аа цомотгох хэрэгтэй, ийм олон яам газруудаар яах гээд бгаа юмб , мөн цэргүүдийн тооноосоо олон болчихсон цагдаа, дотоодын цэрэг, офицер генералуудаа цомотго…ингээд бичээд бвбал их л юм бн, наад зах нь гадаадад суугаа шаардлагатай,шаардлагагүй ДТГ-уудаа цөөрүүл…

Avatar

Нэргүй 2024-09-23 124.158.104.73

Төсвийн ил тод байдал, шилэн дансны хууль бүгд хэрэгжих ёстой. Монголын хөрөнгийн биржээс бусад нь шилэн дансаа хөтлөхдөө хойрго муу гэсэн шүү.

Avatar

Нэргүй 2024-09-23 66.181.185.74

ха ха засаг нэртэй өлөн хулгайч луйварчид чадлаа юу

Avatar

Нэргүй 2024-09-23 124.158.104.73

Халамж их байна л гээд байх юм. Тахир дутуу хүмүүст бол амь зогоох төдий л мөнгө шүү дээ. Харин нийгмийн даатгалийн систем бол ёстой ОНИГОО. Төр хамгийн их анхаарах ёстой ажил бол тэтгэвэрийн тогтолцоо шүүдээ, чааваас. Үүнийгээ ойлгодоггүй төр засаг үнэхээр хөөрхийлөлтэй харагддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж