Хүмүүс эрүүл зөв хооллолтыг дэмжих болсон. Гэвч зарим иргэд зөв хооллолтын тухайд буруу ойлголттой. Мөн өглөөний цайг тогтмол ууж хэвшээгүй нь хоол боловсруулах замын өвчлөлийг нэмэгдүүлдэг байна. Иймээс эрүүл зөв хооллолтын тухай Монголын хоол зүйн холбооны гүйцэтгэх захирал, хүнс судлалын ухааны магистр Б.Ариунзултай ярилцлаа.
-Хүмүүс ихэнх тохиолдолд гурил будаагаа багасгаж, ногоо идээд байх нь эрүүл хооллолт гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл юун түрүүнд эрүүл хооллолт гэж юу болох талаар асуугаад яриагаа эхэлье.
-Үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, өдөр тутамд идэж байгаа хоолоо хассанаараа аль эсвэл дандаа ногоо идсэнээрээ эрүүл зөв хооллож байгаа гэсэн үг биш юм. Мах, гурил, будаа бага идэж ногоо их иддэг учраас эрүүл хооллож байна гэж хэлж болохгүй. Учир нь ногоо маш бага уураг, нүүрс ус, илчлэгтэй. Харин амин дэм, эрдэс бодис ихтэй байдаг. Энэ нь бодисын солилцоонд энерги өгдөг шимт бодис биш юм. Эрүүл зөв хооллолт гэдэг нь маш энгийнээр тайлбарлавал өөрийнхөө биед шаардлагатай шим тэжээл буюу уураг, нүүрс ус, өөх тос , илчлэгийг тэнцвэртэй авахыг хэлж байгаа юм.
Хоногийн хоолны 15-20хувийг уураг, 55-60 хувийг нүүрс уснаас, 20-30хувийг өөх тосноос авдаг.
Тэгвэл тэнцвэргүй хооллох гэдэг нь юу вэ гэвэл уураг, нүүрс ус, өөх тос буюу үндсэн гурван шимт бодисын тэнцвэр алдагдсаныг хэлж байна. Эрүүл зөв хооллоно гэдэг нь шим тэжээлээ тэнцвэртэй авахыг хэлж байгаа юм.
– Эрүүл зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг тогтмол уухаас эхэлдэг гэдгийг хүмүүс мэддэг ч өглөөний цайгаа алгасдаг хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ. Тэгэхээр өглөөний цайгаа тогтмол уухгүй байхад ямар нөлөө үзүүлэх вэ?
-Өглөөний цай уухгүй бол хоол тэжээлийн эрсдэлт хүчин зүйлийн эхэнд багтах таргалалт үүсэх боломжтой. Учир нь өглөө цайгаа уугаагүй бол үдээс хойш, оройн цагаар маш их хоол идэх мэдрэмжийг төрүүлдэг. Өлсгөлөн байсан учраас бие хоолыг гэдсэнд нөөцөлж, хадгалдаг. Улмаар хэвлий хэсгийн өөхлөлтийг үүсгэдэг.
Олон улсад хийгдсэн судалгаагаар өглөөний цай уудаггүй хүмүүсийн 75 хувь нь илүүдэл жинтэй байх магадлал өндөр байдаг.
Дараад нь ходоодны хүчил хоосон ялгарч эхэлдэг. Хоосон хүчил их ялгаруулаад байх юм бол хоол боловсруулах замын өвчлөл нэмэгдэж эхэлнэ. Сөөргөө, гэдэсний шархлаа, цөсний чулуу, чихрийн шижин болох магадлал өндөр. Нэмээд хэлэхэд хоосон хүчил их ялгарснаар амнаас эвгүй үнэр гарах нь бий. Гуравдахь асуудал юу вэ гэвэл өдрийн цагаар нойрмоглож, ажиллах чадваргүй болж бүтээмж буураад эрч хүчгүй болно. Мөн толгой ажиллахаа больж энерги дутагдаж стресс үүсэх сөрөг нөлөө бий.
-Тэгвэл ууж хэвшсэнээр гарах эерэг нөлөө нь юу вэ?
-Халдварын бус олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Хамгийн эхэнд л гэхэд чихрийн шижин. Сүүлийн үед энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байна. Учир нь гэвэл өглөөний цайгаа уугаагүйгээс болоод инсулин дааврын зохицуулга алдагдаж эхэлдэг. Ингэснээр цусан дахь сахрын хэлбэлзэл ихэснэ. Иймээс чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрээр өвчлөх нь өндөр байдаг. Өглөөний цайгаа уух нь ой тогтоолт, ажиллах чадвар, сурлагын чадварт сайнаар нөлөөлнө. Сэтгэл зүй ч тайван байна.
–Өглөөний цайндаа ямар хүнс хэрэглэх нь зохимжтой вэ?
-Өглөөний цай хүний биед шим тэжээллэг, хангалтай илчлэг байх ёстой. Мөн эслэгээр баялаг байх нь чухал. Эслэг гэдэг нь хальсархаг үр тариа, жимс ногоонд байдаг. Эслэгтэй хоол хүнс идэх нь бүхэл өдрийн энергийг өгдөг. Мөн өтгөнийг сайн ялгаруулдаг. Өглөөний хоолыг оройн хоолноос арай их хэмжээтэй идэх хэрэгтэй. Ерөнхийдөө бол өдрийн туршид шим тэжээлээ хангалттай аваад тэнцвэртэй хооллоё гэвэл 3-5 удаа хооллоорой гэж зөвлөдөг. Өглөөний цай, өдрийн хоол, оройны хоол. Харин завсарт нь хөнгөн хооллох хэрэгтэй.
-Хооллолтын хувьд өдөрт таван удаа хоол идэх хэрэгтэй гэлээ. Оройн цагаар хоол идэх нь ходоод гэдсийг ажилгаанд оруулах учраас хүмүүс оройн хоол идэхээс татгалздаг болоод байна. Тэгвэл оройн хоолыг хэзээ идэх хэрэгтэй вэ?
-Хүмүүс ихэнхдээ орой хоолоо идэхгүй байх нь зөв гэсэн ойлголттой байдаг. Гэвч тухайн хүн хэдэн цагт унтахаас шалтгаалж орой хэдэн цагт хоол идэхийг нь зөвлөнө.Хүн бүрийн амьдралын хэв маяг өөр учраас тогтсон цаг заах боломжгүй. Харин орой унтахаасаа гурван цагийн өмнө оройн хоолоо иднэ. Гэхдээ өглөөний цайнаас бага хэмжээтэйг идэх хэрэгтэй.
-Зарим хүмүүс орой хүнд хоол идэхгүйн тулд жимс идээд байдаг шүү дээ. Орой жимс идэх нь хэр зөв юм бол?
-Орой ч гэсэн уураг, өөх тос, нүүрс усаа авах хэрэгтэй. Гэтэл жимс ганцхан нүүрс ус буюу нэг төрлийн сахар агуулдаг. Орой зөвхөн жимс идээд байх нь цусан дахь сахрыг өсгөөд маш хурдан унагадаг. Тэгэхээр илүүдэл жинтэй, цусан дахь сахар нь ихэсдэг хүмүүс орой жимс идэх нь буруу. Илүүдэл нүүрс ус хүний биед орсны дараа хөдөлгөөн хийхгүй бол нүүрс ус нь өөх болчихдог. Тийм учраас оройн хоолонд жимс идэх нь тийм ч зөв сонголт биш.
-Эрүүл хооллолтод шингэн зүйл уух нь чухал байдаг. Гэвч хүмүүс ус гэхээсээ илүүтэй кофе, ундаа зэрэг зүйлсийг ууж харагддаг. Энэ нь шингэнийг нөхдөг үү?
-Шингэн гэдэг нь ерөнхийдөө усыг хэлж байгаа юм. Гэхдээ дотроо сахар, давс, кофейн зэрэг олон төрлийн бодис агуулсан бүтээгдэхүүн ууснаараа эсрэгээрээ шингэнийг багасгаж байдаг. Кофейн гэхэд улам их шингэн уух хүслийг нэмэгдүүлдэг. Их шингэн зүйл ууснаар шээс болоод буцаад гарчихдаг. Хүн хоногийн шингэнийг тооцохдоо биеийн жингийн килограмм тутамд тааруулах хэрэгтэй байдаг. Одоо байгаа биеийн жингийн нэг килограмм тутамд 30-35мл гэж тооцож гаргана. Түүнээс биш хүн бүр хоногт хоёр литр ус уух ёстой гэсэн үг биш юм. Үүнээс гадна өглөө босонгуутаа хоосон ходоодондоо нэг аяга бүлээн ус уух хэрэгтэй. Түүнээс хойш өөрийн уух ёстой усаа ойр ойрхон бага багаар шимж уух хэрэгтэй. Нэг дор уучихвал шингэнийг нөхөхгүй. Унтахаасаа хоёр цагийн өмнө сүүлийн шингэнийг уух ёстой. Хэт орой ус уух юм бол хавагнах, бөөрөнд ачаалал өгөх эрсдэлтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Хүслэн
Нэргүй 2024-09-22 103.57.95.153
Худлаа зөвлөмж, гадаадад зарим хүмүүс мөнгө олох зорилгоор санаанаасаа зохиосон зүйлийг үнэн юм шиг л их суртчилах юм даа.
Vfffd 2024-09-22 202.9.40.231
Оюуны хомсдолтй мнгө цаас олж амьдрах чадваргүй хог шаарууд бүлэглэж хүн хорлож хулгай хийж гар хөл болж амьдрах аргаа хийдгийн шд ниыгмиын хог шааруудад эзлэгдсн. Адгийн хулгайч бузруудийг хорьж тасладгиын. Адгийн бузрууд ялгүй үлдэх гэж хамаг чадлар зүтгэнэ. Тдрхй хүн гэж бдохгүй хатуу шийтгэ.
Толин 2024-09-22 72.95.88.210
Нөгөө л нэг зуршил болтлоо хэлдэг, ярьдаг зүйлүүд. Дандаа л гадны иш татлал, бараг дөжрөх шахам болсон хэдэн өгүүлбэрүүд. Монгол хүн Монголдоо яг яаж идэж, шим тэжээл, эрч хүчээ хоол хүнснээсээ авах вэ гэсэн ямар ч мэдээлэл байхгүй. Иймэрхүү төрлийн мэдээллийг сурвалжлага авч сүржигнэлгүй Google-дээд л олчихно. Харин энэний оронд сурвалжилж, эсвэл судалж байгаа л юм бол монгол хүн ямар хүнс хэрэглэвэл эрүүл мэндэд нь тустай юм бэ гэсэн хариултыг өгвөл зүгээр санагдах юм.