Тойм: Үе тэнгийн хүүхдээ дээрэлхвэл цахимд бүртгэнэ

Тойм: Үе тэнгийн хүүхдээ дээрэлхвэл цахимд бүртгэнэ

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛ ҮЗҮҮЛСЭН ХҮҮХДИЙГ ЦАХИМ ХУВИЙН ХЭРЭГТ БҮРТГЭНЭ"

УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталснаар  2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй. Уг хуульд туссан онцлох заалтуудын талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв”-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.


-Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийг  хэрэгжүүлэх, сурталчлан таниулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нийгэм, юмс бүхэн хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед үүнийг дагаад Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсон. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл, цахим гэмт хэрэгт маш их өртөж байна. Эдгээр асуудлуудыг хуульчлах шаардлага үүссэн учир шинэ хуульд тусгаж өгсөн. 2020 онд тус хуулийг шинэчлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ингэснээр гурван жилийн хугацаанд бүх салбарын хүмүүсийг татан оролцуулж, олон талын судалгаа хийж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аас 2024 оны нэгдүгээр сарын 17-нд баталсан.  Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын дэргэдэх иргэний нийгмийн зөвлөлөөс Хүүхэд хамгааллын тухай хуулийг бүхий л салбаруудад сурталчлан таниулах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Хамгийн сүүлд Дорнод аймагт энэ чиглэлээр ажилласан.

-Эцэг эхчүүд хуулиа төдийлөн мэддэггүй. Эцэг эх, асран хамгаалагчид тус хуулийг таниулах тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Хүүхэд хамгааллын шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу өнгөрсөн хавар  бүсчлээд, орон нутгуудад сургалт зохион байгуулсан. Тодруулбал,  Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлан таниулах төрийн алба хаагчдад сургалт орсон.  Ерөнхийдөө төрийн байгууллагууд шинэ хуулийг сурталчлах ажлыг дор бүрнээ хийж эхэлсэн. Боловсролын болон гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн өөрчлөлтийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг багууд  суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагчид сурталчлах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байна.

Эцэг, эх, асран хамгаалагчид Хүүхэд хамгааллын шинэ хуулийг өөрсдөө бас сайн судалж үзэх хэрэгтэй.

Интернэт орчинд бүх мэдээлэл бий. Иргэн бүр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ээлтэй орчныг бүрдүүлэх тал дээр  анхаарал хандуулах шаардлагатай.

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.

"НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭХГҮЙ"

Нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадоржтой ярилцлаа.


-Нийгмийн даатгалын ерөнхий газраас Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна. Иргэдээс ямар гомдол, мэдээлэл түлхүү ирж байна вэ?

-Есдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна. Энэ хугацаанд ирсэн гомдол, мэдээллээс харвал хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, жирэмсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолт олголттой холбоотой гомдол саналууд ихээр ирсэн байна. Мөн эдгээрийн санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэд ихэвчлэн хандаж байна.

-Хэчнээн иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ? 

-Нийгмийн даатгалын байгууллагатай 60 мянга орчим ажил олгогч байгууллага харилцан ажиллаж байна. Үүн дотор 1,2 сая албан журмын даатгуулагч, 190 мянган сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 506 мянга орчим иргэн тэтгэвэр авч байна.

Мөн 200 мянга орчим даатгуулагч нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг.

-Сүүлийн үед иргэд тэр дундаа залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандах болсон. Энэ нь иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг ч эргээд ямар үйлчилгээ авах талаар мэдээлэл хомс байдгаас шалтгаалдаг байх.

-Нийгмийн даатгал гэдэг нь өөрөө тухайн даатгуулагчийн орлогын бууралтыг нөхөх, даатгуулагчдад учирч буй санхүүгийн эрсдэлийг хуваалцдаг систем гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл даатгуулагч залуу, орлоготой байх үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Харин өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох зэрэг эрсдэл гарах үед тухайн даатгуулагч болоод тухайн даатгуулагчийн ар гэрийн санхүүгийн бололцоо буурдаг. Энэ үед буурсан орлогыг нь нөхөж өгөх зорилготой юм. Залуучууд харьцангуй ажилтай, орлоготой, хөдөлмөрийн чадвартай байна. Нийгмийн даатгалын харилцаанд өнөөдөр төлөөд маргааш нь шууд авдаг тохиолдол ч байна. Эсвэл бүр 10,20 жилийн дараа авдаг тэтгэврийн харилцаа ч байна. Залуу хүмүүст ихэвчлэн түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж авах зэрэг асуудлууд тохиолддог. Тэтгэвэр авах насанд хүрээгүй учраас залуучуудад нийгмийн даатгалын үйлчилгээ хол юм шиг санагддаг.

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.

"ХХААХҮЯ-НЫ АЖИЛЧДЫН 80 ХУВЬ НЬ ОРОН НУТАГТ АЖИЛЛАХЫГ ДЭМЖСЭН"

Засгийн газрын шийдвэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлэх ажил хэзээнээс эхлэх вэ. Яам нүүлгэн шилжүүлэх ажилд хэр зардал төсөвлөсөн бол?

-Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ны хуралдаанаар Засгийн газрын 100 хоногтой холбоотой, ХХААХҮЯ-ыг нүүлгэх танилцуулгыг салбарын сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Үүнтэй холбоотой тэмдэглэл гарсан. Үүнд, ХХААХҮЯ болон түүний харьяа газруудыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэн байршуулах ажлыг төлөвлөж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг салбарын сайдад даалгасан. Шийдвэр гарсан даруйд маргааш нь бүгд нүүх боломжгүй. Үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэлтийг хийнэ. Эхний ээлжид яамны тодорхой хэсэг болон холбогдох харьяа байгууллагууд орон нутагт шилжин суурьших боломж нөхцөлийг ярилцаж байна.

Энэ дагуу саяхан бид орон нутагт ажиллаад ирлээ. Тэнд яам болон харьяа байгууллагууд шилжин байрших оффис барилгатай танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ жил ашиглалтад оруулсан шинэ барилга байгаа. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран шинэ барилгад байрлах талаар уулзаж, ярилцсан. Яамыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 2025 оны улсын төсөвт тусгасан.

-Нүүлгэн шилжүүлэх ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн юм бол?

-Дархан-Уул аймгийн шинэ барилгыг анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэргэжилтнүүд очиж, байрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэх ажлыг бүрэн шийдсэн. Шинэ барилгад яамны зүгээс тавилга, компьютерээ авч, очно. Нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан. Үүнд, хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан байгаа.

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.189.18

zub

Avatar

Нэргүй 2024-09-21 66.181.160.18

"дээрэлхэл үзүүлсэн" гэж биш, "дээрэлхсэн" гэж бичих ёстой!! Хэрэв ингэж нурших юм бол "дээрэлхэл үзүүлэлтийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авсан" г.м.-ээр солиорч болох нь байна шдээ??!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж