УЕФА Аваргуудын лигийн 2024-2025 оны шинэ улирал эхэллээ. Энэ улирлаас эхлэн шинэ форматтай болсон бөгөөд багуудыг хэсэгт хуваалгүй, лигийн системээр оноогоор жагсааж, өндөр оноотой багуудыг хасагдах шатанд шалгаруулах дүрэмтэй болсон. Хөгжөөн дэмжигчдэд шинэ формат ойлгомжгүй байгаа ч талбай дээрх өрсөлдөөн хэвээрээ, сонирхолтой үр дүнтэй тоглолтууд болж байна.
Испанийн Барселона клуб өчигдөр/2024.09.19/ Монакогийн талбайд зочлон тоглож, 1-2 гэсэн харьцаатай хожигдлоо. Тоглолтын эхэнд Барсагийн хамгаалагч Эрик Гарсиа улаан хуудас хүртсэн нь тоглолтын хэмнэлийг бүрэн утгаар нь эргүүлэв. Хаалгач Тер Штегений тааруу дамжуулалт эсрэг багийн олз болж, үүнийг нь Эрик Гарсиа цэвэрлэх үйлдэл гаргасан нь алдаа болж, хувирснаар тоглолтыг чөлөөлсөн юм. Ийнхүү хүн дутуу болсон Барселона удалгүй гоол алдав.
Тоглолтын 16 дахь минутад Манес Аклуче гоол оруулж, Монако талбай дээрээ тэргүүлж эхлэв. Хүн дутуу ч Барселона боломж гарвал довтолж, гоол эрэлхийлсээр байсан. Энэ нь ч 28 дахь минутад өгөөжөө өгч, Ламинь Ямал гоол оруулж, тоглолтын тооны харьцаа тэнцжээ.
Хоёрдугаар үеийн 71 дэх минут хүртэл тооны харьцаа тэнцүү явсаны эцэст нь Жорж Иленикена Барселонагийн хамгаалалтыг сэтэлж, гоол оруулсан аж. Ийнхүү тоглолт 2-1 гэсэн харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ.
Тоглолтын дараа Барселонагийн дасгалжуулагч Ханси Флик "Бид маш хичээл зүтгэлтэй хамгааллаа. Ямалын гоол биднийг эргүүлэн авчирсан. Бидэнд боломж байсан. Төгсгөлд бид сайн хамгаалж, тоглолтод тэсч гарахыг хүссэн ч Монако хурдтай тамирчдыг оруулж ирсэн. Тэднийг хамгаалахад амаргүй байлаа. Улаан хуудас л тоглолтыг өөрчиллөө. Сайн зүйл нь бид багаараа хамгаалж, багаараа довтоллоо. Бидэнд боломж гарсан. Гэхдээ тэд хожил байгуулах эрхтэй. Бид хожигдлоо хүлээн зөвшөөрөх нь зөв. Би санаа зовохгүй байна. Үүндээ анализ хийж, багийнхандаа ‘Толгойгоо өргө’ гэж хэлмээр байна. Тэд хувцас солих өрөөнд жаахан гонсгор байсан" гэжээ.
Барселонагийн дараагийн учраа нь Ян Бойз. Тэд Байерн Мюнхен, Боруссиа Дортмунд, Бенфика, Аталанта зэрэг багуудтай тоглох хуваарьтай.
УЕФА Аваргуудын лигийн эхний тойргийн дараах байдлаар Германы Байерн Мюнхен баг гурван оноотой, долоон гоолын зөрүүтэй 36 багийг тэргүүлж байна.
Холбоотой мэдээ