Орон нутаг бие даахыг УИХ дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Орон нутаг бие даахыг УИХ дэмжинэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дорноговь аймагт болж байгаа “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөлгөөнд оролцогчдод илгээлт явуулж, Монгол Улсын Үндсэн хуулиар эрх зүйн хувьд баталгаажсан ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг болох нутгийн өөрөө удирдах ёс, түүний өнөөгийн нэн тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр үндэсний зөвлөлгөөнийг санаачлан зохион байгуулж буйд нь талархал дэвшүүлж, амжилт хүслээ.
       1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу  төрийн эрх барих гол шинжийг  агуулсан өмнөх тогтолцооны бүх шатны Хурлыг  өөрөө удирдах ёсны байгууллага болгон өөрчлөн шинэчилсэн билээ. Нэн ялангуяа Улсын Их Хурлаар баталж гаргасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиуд төрийн байгууллын шинэчлэлийг гүнзгийрүүлж, төрийн эрх барих төвлөрсөн зарчмыг халж, өөрийн төсвийн орлого, зарлагыг шийдэх, төв, орон нутгийн удирдлагыг хослох зэргээр нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн юм. Ингэснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эдүгээ тухайн нутаг дэвсгэрт оршин суугчдын дундаас сонгогдон байгуулагддаг байгууллага болон хөгжиж байна.
      Улсын Их Хурлаас бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн  хэд хэдэн эрх зүйн баримт бичиг баталж, Засгийн газраас  бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг Улсын Их Хурал 2008 онд хэлэлцэж баталсныг Та бид хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
      Өнгөрсөн хугацаанд хийсэн эрх зүйн өөрчлөлтүүд нь ийнхүү орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд бүхэлдээ чиглэж ирлээ. Цаашдаа боловсон хүчний босоо тогтолцоог улам бүр хязгаарлах, дээшээ төвлөрүүлдэг гол гол татварын нэлээдийг орон нутагт нь үлдээх, орон нутгийн өмчийн хүрээг өргөтгөх, төсвийн төлөвлөлт, зарцуулалтад ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өнөөгийн зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, орон нутаг өөрөө эдийн засаг, санхүүгийн хувьд бие даах санаачлагыг бүх талаар дэмжих, иргэдийн санал бодлыг бүх шатны ИТХ-ын шийдвэрт бүрэн тусгах, тайлагнах оновчтой механизмыг бий болгох зэрэг төвлөрлийг сааруулахад чиглэсэн асуудлуудад онцгой анхаарал хандуулж ажиллах болно гэдгийг УИХ-ын дарга илгээлтдээ онцлон дурдсан байна.
     Үндэсний зөвлөлгөөнд бүх аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, албаны бусад хүмүүс оролцож байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж