Нийгмийн даатгал, халамж, гэр бүл, хөдөлмөр хамгааллын мэргэжилтнүүд өнөөдөр /2024.09.19/-ний өдөр засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11:11 төвд ажиллалаа, энэ үеэр нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадоржоос тодрууллаа.
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна. Иргэдээс ямар гомдол, мэдээлэл түлхүү ирж байна вэ?
-Есдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна. Энэ хугацаанд ирсэн гомдол, мэдээллээс харвал хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, жирэмсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолт олголттой холбоотой гомдол саналууд ихээр ирсэн байна. Мөн эдгээрийн санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэд ихэвчлэн хандаж байна.
-Хэчнээн иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ?
-Нийгмийн даатгалын байгууллагатай 60 мянга орчим ажил олгогч байгууллага харилцан ажиллаж байна. Үүн дотор 1,2 сая албан журмын даатгуулагч, 190 мянган сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 506 мянга орчим иргэн тэтгэвэр авч байна.
Мөн 200 мянга орчим даатгуулагч нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг.
-Сүүлийн үед иргэд тэр дундаа залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандах болсон. Энэ нь иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг ч эргээд ямар үйлчилгээ авах талаар мэдээлэл хомс байдгаас шалтгаалдаг байх.
-Нийгмийн даатгал гэдэг нь өөрөө тухайн даатгуулагчийн орлогын бууралтыг нөхөх, даатгуулагчдад учирч буй санхүүгийн эрсдэлийг хуваалцдаг систем гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл даатгуулагч залуу, орлоготой байх үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Харин өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох зэрэг эрсдэл гарах үед тухайн даатгуулагч болоод тухайн даатгуулагчийн ар гэрийн санхүүгийн бололцоо буурдаг. Энэ үед буурсан орлогыг нь нөхөж өгөх зорилготой юм. Залуучууд харьцангуй ажилтай, орлоготой, хөдөлмөрийн чадвартай байна. Нийгмийн даатгалын харилцаанд өнөөдөр төлөөд маргааш нь шууд авдаг тохиолдол ч байна. Эсвэл бүр 10,20 жилийн дараа авдаг тэтгэврийн харилцаа ч байна. Залуу хүмүүст ихэвчлэн түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж авах зэрэг асуудлууд тохиолддог. Тэтгэвэр авах насанд хүрээгүй учраас залуучуудад нийгмийн даатгалын үйлчилгээ хол юм шиг санагддаг.
Гэхдээ өнөөдрийн байдлаар бид улсын хэмжээнд 506 мянга орчим иргэнд тэтгэвэр олгож байна.
Нийгмийн даатгалын сангаас хэн ч үйлчилгээ авдаггүй байсан бол өнөөдөр тэдгээр иргэдийн санхүүгийн эрсдэлийг нөхөх боломжгүй шүү дээ. 2024 онд Нийгмийн даатгалын ерөнхий газар 6.8 их наяд төгрөгийг тэтгэврийн сангийн санхүүжилтэд олгож байна. Улсын нийт төсвийн 20 орчим хувьтай тэнцэх хөрөнгийг зөвхөн тэтгэвэрт зарцуулж байгаа. Нийгмийн даатгалд даатгуулсан бол ямар төрлийн даатгалд, ямар хугацаагаар даатгуулсан гэдгээсээ хамаараад өөртөө тохиолдсон санхүүгийн буюу нийгмийн эрсдэлээ нийгмийн даатгалын сантай хуваалцах боломжтой юм.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломж бий юу?
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хуульчлагдсан байдаг. Албан журмын даатгуулагч буюу ажил хөдөлмөр эрхлээд авсан цалин хөлснөөсөө даатгуулж байгаа иргэдийн хувьд ажил олгогч 12.5 -14.5 хувийг хариуцан төлдөг. Харин даатгуулагч иргэд 11.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нийтдээ 24-26 хувиар цалин, хөлснөөсөө бодож төлөгддөг.
Мөн сайн дурын даатгуулагчийн хувьд өөрийнхөө нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан орлогоос 13.5 хувийн шимтгэл төлнө.
Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан. Гэхдээ тухайн жил бүрдүүлсэн нийгмийн даатгалын сангийн орлого, хэрэгцээт зардлыг тооцож он, оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар УИХ-аар хуульчлан батлагддаг. Улс орон болгон өөрийн нийгмийн онцлог, хөгжил, эдийн засагтай уялдуулж нийгмийн даатгалын хувь хэмжээгээ тогтоодог. 36 хувиас дээш шимтгэл төлдөг орнууд бий. Манай улсын хувьд дундаж тогтолцоонд хамаарна.
Ниймийн даатгалын ерөнхий газраас 2024 оны есдүгээр сарыг нээлттэй мэдээллийн сар болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор маргааш буюу есдүгээр сарын 20-ний Баасан гаригт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт нийгмийн даатгалын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Тиймээс иргэд, даатгуулагчид, ажил олгогч нар ирж нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар хүссэн мэдээллээ авах боломжтой.
Нэргүй 2024-09-19 202.131.225.197
арай л дэндүү өндөр шимтгэлтэй. тэтгэврийн зардлыг одоо ажил эрхэлж байгаа хүмүүст үүрүүлээд байхдаа яахав дээ