Гадаа цаг агаар хүйтэрч, улирал солигдох зааг дээр ханиад, томууны вирус дэгддэг. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас бага насны хүүхдүүдийн эмчилгээнд зориулж, өдрийн багцыг үнэгүй өгч байгаа юм. Уг багцыг өрхийн эмнэлгээр нь дамжуулан олгож буй агаад энэ талаарх сурвалжлагыг хүргэе.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Энхийн санаа” өрхийн эрүүл мэндийн төв хүн багатай сэлүүхэн байв. Гэхдээ өглөөгүүр нэлээд ачаалалтай байсан, үдийн хойно хүн, хөл хөдөлгөөн багасдаг болохыг тус эмнэлгийг сувилагч хэллээ.
ХАНИАД, ТОМУУГИЙН ЭМЭНД САРД НЭГ ХҮҮХДЭД 150-200 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ
Гартаа ягаан дэвтэр барьсан эмэгтэй хүүхдээ тэврэн эмчийн өрөөнөөс гарч ирэв. Түүнийг Б.Туяа гэдэг, гурван бага хүүхэдтэй ээж аж. Б.Туяагийн бага охин ханиад хүрээд долоо хонож байгаа ч төдийлөн сайн эдгэж өгөхгүй байгаа гэнэ. Өмнө нь ирж үзүүлээд 50 мянган төгрөгөөр эмчийн бичиж өгсөн ханиадны эмийг гэрийнхээ хажуугийн эмийн сангаас худалдан авчээ. Эмчийн заавраар дөрвөн хоног эмийн эмчилгээ хийсэн ч эдгэж өгөхгүй байгаа тул ахиад үзүүлэхээс өөр аргагүй болж. Эмч ахиад цөөнгүй төгрөгийн эм бичиж өгсөн байна. Гэхдээ эмнэлэгт хэвтэж, хүүхдийнхээ ханиадыг эртхэн дарж авахгүй бол уушгины хатгаа болж мэднэ гэж айж байгаагаа Б.Туяа ярив.
Өрхийн эмч нарын хувьд аль болох хөнгөн эм уулгаж ханиад, томууг дарах зөвлөгөө өгдөг, жор бичиж өгдөг байна. Гэвч ковидоос хойш ханиадны вирус эмэнд тэсвэртэй болсон, нөгөө талаар Монголд зарагдаж байгаа эмийн чанарт асуудал байгааг эмч нар ч шүүмжилж байна.
Цаг агаарын нөхцөл, нийслэлийн утаа, тоос тортогоос үүдэлтэй ханиад вируст өвөлжин дарлуулдаг, хоол хүнсэндээ гэхээсээ уух эмэнд тэтгэвэр нь тэр чигтээ зарцуулагддагийг ахмад настан Г.Балжир ярилаа.
Гурван хүүхдийн ээж Б.Туяа, гучаа дагуулаад эмнэлэгт ирсэн Г.Балжир нар "Эмчийн өгсөн эмд ханиад бараг дарагддаггүй. Хажуугаар нь шар тосоор цээжийг нь тослох, саримстай шөл уулгах зэргээр бор арга хэрэглээд ч нэмэргүй байгаа" талаар өөр хоорондоо ярилцана. Б.Туяагийн гурван хүүхэд зэрэг өвчилсөн үед өрхийн эдийн засагт ачаалал үүсдэг талаар нуугаагүй. Нөхөр нь ганцаараа ажил хийдэг, гурван хүүхдээ нааш цааш нь зөөдөг залуу гэр бүлүүдийн хувьд хүүхдээ эрүүл, аюулгүй орчин өсгөх мөрөөдөлтэй. Гэхдээ Монголоос гарч байж л ийм орчинд амьдарна гэдэгтэйгээ хэдийнэ эвлэрсэн гэнэ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас амьсгалын замын тогтолцооны өвчний үед 80 мянган төгрөг, халдварт бус суулгалтын үед 60 мянган төгрөгийн өдрийн эмчилгээний багцыг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зорилтод хүмүүст өгч эмчилгээ хийж байгаа гэж мэдээлсэн. Үүнийг иргэд өмнө нь сонсч байгаагүй, ямар учиртайг нь сайн мэдэхгүй байна гэв.
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор, өдрийн эмчилгээнд хэрэглэгдэх багцад тогтсон эм тариа, нэмэлт бүтээгдэхүүн гэж байхгүй. Харин тухайн хүүхдийн өвчлөл, шинж тэмдэг, хүнд хөнгөн байдлаас хамаарч харилцан адилгүй эмчилгээний бүтээгдэхүүн байх юм.
Уг тусламжийн өдрийн эмчилгээг ихэвчлэн 0-5 хүртэлх насны зорилтот бүлгийн хүүхдүүдэд бичиж өгч эмчилгээнд хамруулж байгаа.
Учир нь эмч эмчилгээ, эм бичээд өгөхөөр авч чадахгүй хүмүүс олон байдаг. Тэгснээр хүүхдийн өвчлөл хүндэрч эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг гаргасан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан ханиад томуугийн үед үзүүлэх эмчилгээнд 80 мянган төгрөг, халдварт бус суулгалтын үед 60 мянган төгрөгийн эмчилгээ үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлж байгааг хэллээ.
Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтний хэлснээр, зуны улиралд өвчлөл бага байдаг учир өдрийн эмчилгээнд өвчтөний түүх нээлгэж эмчилгээ хийлгэсэн хүүхэд байхгүй гэнэ. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш томуугийн шалтгаант 2-3 хүүхэд өдрийн эмчилгээнд хамрагдаад байгаа гэв. Одоогийн байдлаар тус өрхийн эрүүл мэндийн төвөөр өдөрт ханиад, томуугийн шинжтэй 10-аад хүүхэд үйлчлүүлж байгаа юм байна. Тэгвэл томуугийн оргил ачааллын үеэр өдөрт 20-оод хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг аж. Эдгээр үзүүлж буй хүүхдүүдээс ханиад нь хүндрээгүй гэрээр эмчлэх боломжтой, зорилтот бүлгийн буюу эм тариа авах боломжгүй гэр бүлийн хүүхдэд өвчтөний түүх нээж дээр хэлсэн багцад тохирох өдрийн эмчилгээг бичиж тохирсон үйлчилгээг үзүүлэх юм байна. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хэлж буйгаар "Энэ долоо хоногоос эхлэн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Ихэвчлэн ханиалгасан, халуурсан, амьсгалахад хүнд болсон зэрэг шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байна. Цаг агаар эрс хүйтэрч байгаа учраас цаашдаа ачаалал илүү нэмэгдэх хандлагатай байна гэлээ.
Эмч нарын зүгээс томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрч эхлэх үед даруй өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөлөө. Учир нь зарим эцэг эхчүүд дур мэдэн гэрээр эмчилж хүүхдийнхээ ханиадыг хүндрүүлдэг аж. Хүүхдүүд ганцхан эм хэрэглээд шинж тэмдэг нь дарагдахгүй, хавсарсан эм хэрэглэх шаардлагатай тохиолдол их бий. Тиймээс эмчийн зааврын дагуу эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах шаардлагатайг мэргэжлийн эмч нар сануулав.
Нэргүй 2024-09-19 202.131.225.197
darui hagas jil urgeljlene dee
Нэргүй 2024-09-19 202.131.234.123
амаараа ханиадтай утаагаа хаа сайгүй тарааж байдаг тамхичидийг барьж өвчилсөн хүүхдийн эмяилгээний зардалыг төлүүлж бай. гудамж орц хашаа дэлгүүрийн үүдэнд угж хөхөөд үхэх гэж байгаа тарган хөгшин хүүхдүүд дүүрэн.
Нэргүй 2024-09-19 66.181.191.157
haniadtai huuhdee bitgii zezerleg surguulid oglo do.busad huuhduudig ovchluuled bn
Зочин 2024-09-19 139.5.217.130
Хуухдээ ханиад донгож эхэлж байхад хэрхэн арчлах талаар монголын ба гадапдын эмч нарын зовлолгоог эгэ сайтууд тавьж баймаар байнаа Анхнаас нь эмээр нудуулээд байхлаар оор хонгон эмчилгээ нолоолохоо болиноо Сайтууд эцэг эхчуудэд зовлолгоо огдог байнгын булан ч ажилуулж болно ш дээ
Нэргүй 2024-09-19 66.181.160.77
Хэнэггүй монголчууд минь гадуур явахдаа маскаа зүүж бай л даа!! Өөрөө зүүдэггүй юм гэхэд хүүхдэдээ зүүлгэ л дээ!!! Дэлгүүрт ороход маск зүүсэн хүн ганц ч алга!!