The League: Багууд гадна, дотногүй шинэчлэл хийж байна

The League

The League: Багууд гадна, дотногүй шинэчлэл хийж байна

The League: Багууд гадна, дотногүй шинэчлэл хийж байна

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улирал ирэх аравдугаар сарын 12-ны өдөр эхэлнэ. Нээлтийн өдрийн хуваарь ч ил болж, сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна. Лиг эхлэх дөхсөн энэ үед багуудын шилжилт хөдөлгөөн өрнөж, гадна, дотногүй шинэчлэгдэж байгаа гэх.


IHC APES БОЛОН BCH ГАРЬД БАГУУД НЭРЭЭ СОЛИВ

Монголын сагсан бөмбөгт богино хугацаанд өөрийн гэсэн өнгө төрх, хөгжөөн дэмжигчдийн хүрээллийг бий болгосон "IHC Apes" баг ирэх улирлаас эхлэн "SG Apes" гэх нэртэй тоглоно. Учир нь тус багийг ирэх улирлаас эхлэн Шунхлай групп ивээн тэтгэхээр болж, хөрөнгө оруулсан аж. Тиймээс гол ивээн тэтгэгчийнхээ нэрийг багтаа шингээжээ.

Нөгөө талд Монголын сагсан бөмбөгт Гарьд гэх брэндийг бий болгож, удаан хугацаанд хадгалж явсан BCH Гарьд баг ирэх улирлаас "BCH Knights" гэх нэртэй талбайд гарна. Багийн удирдлагуудын энэ шийдвэр фэнүүдийнхээ урмыг хугалж, шүүмжлэл дагуулж буй.

АКУЛУУД ЧИМЭЭГҮЙ ЯВНА

Хасын Хүлэгүүд болон Эрдэнэтийн Уурхайчид гэх Монголын сагсан бөмбөгийн аварга загаснууд одоог хүртэл чимээгүй явна. Хүлэгүүдийн бүрэлдэхүүнд бараг өөрчлөлт ороогүй бөгөөд тэд өнгөрсөн улирал багийнхаа ирээдүй болсон залуучуудыг гаргаж ирсэн. Ирэх улирал ч тэд ачааны хүндээс үүрэлцэнэ. Гагцхүү багийн ахлагч А.Ананд гэрээгээ сунгаагүй яваа. Түүний талаарх мэдээлэл хомс байгаа бөгөөд ирэх улирал тоглох эсэх нь эргэлзээтэй байна.

Түүнийг ирэх улирлыг өнжинө гэсэн мэдээлэл гарсан бөгөөд энэ бүгд ирэх жил Монголд болох 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргатай холбоотой. Нутаг дээрээ гэдэг утгаараа Монголын шигшээ баг хүчтэй бүрэлдэхүүнтэй том амжилтад шунаж орохыг хүсч байгаа нь гарцаагүй. Тиймээс ч А.Анандаас гадна Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нарыг ирэх улирал "UG" аренад харахгүй байх талтай.

Тэгвэл Эрдэнэтийн Уурхайчид баг тун чимээгүй байна. Тус багийн амжилтын гол нууц Пендарвис Уиллиамсын хувьд багтайгаа гэрээ сунгалгүй, BCH Knights багтай гэрээ байгуулсан. Мөн багийн гол хүн Г.Ган-Эрдэнэ АНУ-д сурахаар болсон гэх мэдээлэл бий. Түүний дүү Г.Болор-Эрдэнэ Бишрэлт Металл багтай гэрээ байгуулсан билээ.

ТЭСРЭЛТ ХИЙХЭЭР ЗЭХЭЖ БУЙ БИТҮҮ МОРЬД

Сэлэнгийн Бодонгууд болон Дархан Юнайтед багууд энэ зун тун завгүй байж, бүрэлдэхүүнээ зузаатгаж чадлаа. Энэ ч утгаараа тэднийг ирэх улирал тэсрэлт хийж магадгүй гэх хүлээлт үүсээд байна. Дархан Юнайтедын хувьд дасгалжуулагчийн албандаа Ц.Азбаярыг нэгтгэснээс гадна сүүлийн жилүүдэд дээд лигт тогтвортой тоглож, өөрсдийгөө харуулсан залуусыг багтаа нэгтгэсэн. Түүнчлэн тус багийнхан ирэх улирлаас эхлэн зарим тоглолтуудаа талбай дээрээ буюу Дархан хотдоо хийнэ.

Харин Сэлэнгийн Бодонгууд бүрэлдэхүүндээ тун зоримог өөрчлөлтүүдийг хийж, чөлөөт агентаас сайн тоглогчдыг түүж чадсан. Үүнээс гадна тэдний дасгалжуулагчаар Предраг Стойанчев ажиллана. Тэрбээр өнгөрсөн улирал Бишрэлт Металлыг удирдаж, шигшээд хүрч байсан амжилттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

d 2024-09-18 139.5.217.146

IHC … what IHC ? hahahaha

Avatar

Hchh 2024-09-18 202.9.40.143

Манж х***а Адгийн муу зулбасгууд төрөөс хулгай хийснэ шальж бн гэж улихвий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж