Оросын кибер тусгай ажилтнууд АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй дэд ерөнхийлөгч Камала Харрисын эсрэг хуурамч бичлэг цахим орчинд цацаж, кампанит ажил руу нь халдаж байна гэж "Microsoft" компани Мягмар гаригт мэдэгдэв.
Тухайлбал, "X" платформ дээр "Камала Харрис 2011 онд зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан" болон "түүний дэмжигчид Дональд Трампийн дэмжигчид руу халдаж байна" зэрэг бичлэгийг цацжээ.
АНУ-ын Тагнуулын агентлаг мөн энэ талаар сэрэмжлүүлсэн бөгөөд ард иргэдийг аливаа мэдээлэлд хянамгай хандахыг уриалсан байна. "Microsoft" компанийн мэдээлснээр, Оросын төрийн дэмжлэгтэй кибер халдагчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, будилаан тараахын тулд ажиллаж байна гэжээ.
Өмнө нь 2020,2016 оны сонгуульд Орос оролцож, нэр дэвшигч нарыг гутаан доромжлох ажил явуулж байжээ. Энэ жил мөн адил арга замаар сонгуулийг маргаантай болгох гэж оролдож байна гэж Үндэсний тагнуулын газрын даргын албанаас мэдээллээ. "CNN" агентлаг уг мэдээллийн дагуу Харрис-Вальзийн кампанит ажил болон Вашингтон дахь Оросын Элчин сайдын яамнаас тайлбар хүссэн байна. Одоогийн байдлаар аль ч талаас мэдэгдэл, тайлбар өгөөгүй.
Өнгөрсөн долоо хоногт Оросын төрийн мэдлийн "RT" телевизийн үйл ажиллагааг АНУ-ын Төрийн департамент худал мэдээлэл тараасан хэргээр буруутгасан. Хууль зүйн яамнаас тус телевизийг яллах дүгнэлт гаргаж, хоёр ажилтныг нь шийтгэх тушаал гаргасан байна. Үүнийг Оросын тал эсэргүүцэж, нэр дэвшигчид руу халдах гэж оролдож байна гэж шинжээчид үзжээ.
Эх сурвалж: CNN
3,595.38















































