
-Танай суманд буудалцаан болсон гэсэн мэдээллийг тодруулах гэсэн юм. Яг хэзээ яагаад ийм үйл явдал болов?
-Их сүр дуулиантай юм болоогүй. Энэ сарын 2-ны өдрийн 07 цагийн үед “Пураам” алтны компанийн текник руу том оврын буугаар буудсан хэрэг гарсан юм.
-Компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн хүмүүс буу ашиглаж, халдсан гэж ойлгож болох уу?
-Ашиглалтын лицензээ аваад зургаан сар болж байгаа ч одоогоор үйл ажиллагаа явуулж эхлээгүй бэлтгэл ажилдаа ороод байж байсан юм. Би өнгөрсөн долдугаар сарын 20-нд тус компанийн үйл ажиллагааг шалгахад хэвийн байсан. Хэдэн хүн, ямар учраас буу хэрэглэн, ийм үйлдэл гаргасан нь тодорхойгүй байгаа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломж муу байна.
-Буудалцаан болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Цагдаагийнхан хэн буудсаныг тогтоож, хэрэгтнийг олж илрүүлэхээр ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бол?
-Хэрэг өчигдөр 07 цагийн үед гарсан. Харин Сэлэнгэ аймгийн төвөөс арав, манай сумын 30 гаруй цагдаа энэ өдрийн найман цагаас эхлэн эрэлд гарч, гэмт хэрэгтнийг хайж байна. Одоогоор олоогүй л байна.
-Сэжиглэж байгаа хүн бий юу?
-“Нинжа” нарыг болов уу гэж цагдаагийнхан таамаглаж байна. Учир нь тус алтны компанийн ойролцоох хөндийд “нинжа” нар алт ухдаг юм. Намайг долдугаар сард очиход 10-аад нинжа байсан.