Бидэнд зайлшгүй хийх барууны популизм хэрэгтэй бөгөөд татвараар хэрхэн боолчилж буйг өнгөрсөн удаад хөндсөн. Дараагийн хундагаа тэрхүү дээрмийн зөвтгөл болсон хамтгайрсан халамжаас хагацахын төлөө туглгавал ямар вэ? Халамжийн хархнуудаас эсвэл хулгайчдаас гэнэ үү, өөрсдөө мэд. Ямартай ч тэднээс, тийм бодлого явуулж буй нөхдөөс, чаддаггүй юм гэхэд тийм бодлогоос хагацахгүйгээр бид оршихгүй. Эрх чөлөөний өлгий болсон тэр Америкт халамжийн бодлого хамгийн хүчтэй үйлчилж байна гэх бэлэн асуултаасаа өмнө төр бүхнийг зохицуулах утгагүй бодлогын балгаар татвараар хэрхэн дээрэмдүүлж, татварын дарамтаас зугтаж, өмчтэй болох гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөгсөд хэрхэн тус улсыг бий болгосныг эргэн санаарай. Халамж сөнөтүгэй, хуримтлал мандугай, төлөө…
ХАЛАМЖИЙН СИСТЕМИЙГ УСТГА
Татварын дарангуйлалтай тэмцэхээс гадна халамжийн системийг бид устгаж байж сайн сайхны төлөө сая бодох хэрэг гарна. Адаглаад халамжийг устгаж чадахгүй юм гэхэд огцом багасгаж гэмээн захын хорооллын архичид, Монголын ирээдүйг идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, эрдэм боловсролгүй болгож буй адгийн амьтад, тэднийг хүчирхийлэгчдээс хагацах болно. Ичихгүй буурлуудын тэтгэврээр тэжээлгээд хэвтэж байж цэцэрхэж суудаг шившигтэй залууст энэ таалагдахгүй. Хүүхдийн мөнгө, өрх толгойлсон эхчүүдийн халамжинд найдаад хар амиа хоохойлогч адгийн амьтад үүнийг дэмжихгүй. Энэ тэмцлийг эхлүүлмэгц эрх баригчдын хамгийн түрүүнд хэлэх зүйл нь “Өнчин өрөөсөн, аав ээж нь архичин хүүхдүүдийг яах вэ, хөгжлийн бэрхшээлтэй, ажил хийх боломжгүй хүмүүсийг зүгээр орхих хэрэг үү” гэхчилэн бурхны амнаас л гарч болох уран яруу үгсээрээ уралдах нь дамжиггүй. Гэхдээ биднээс хүчээр авсан татварын мөнгөний өчүүхэн хэсгийн тэдэнд зарцуулдаг гэдгийг санаарай. Нөгөө талд саяар тоологдох халамж хүртэгчид өөрсдийн төлөө таныг дээрэмдэх төрийг дэмжиж байдгийг мартаж болохгүй. Гудамжаар яваа хүмүүс, сошиал орчинд бичиж буй сэтгэгдэлийг сайтар анзаарвал бидний олонх нь амьдралын наад захын асуудлыг төрийг шийдэхийг шаардаж, улстөрчид ч уухайн тас шүүрч аваад нийтийн эрх ашиг ярьж, таны өмчийг хэрхэн нийгэмчлэх талаар ярих болно. Энэ ярианы хамгийн сүүлчийн маш их хэмжээний мөнгөн дүнтэй хувилбар нь “Шинэ хоршоо” хөтөлбөр, малчдын зээлийг тэглэх тухай зүүний популизм байсныг санаад тэрхүү мөнгийг төсвөөс гаргаж буйг бодоход л хангалттай. 20241 оны Монгол Улсын төсвийн 40 хувийг халамжид зарцуулсныг ярихад л хангалттай. Гэхдээ өнгөрсөнд халамжийн ачаар сайн яваа хувь хүн байж болох ч улсын хувьд уруудсан жишээ бишгүй. Халамжлах тухай ярьж байгаад наймхан жилийн өмнө 160 орчим мянга байсан төрийн албан хаагчдыг өнөөдөр 300 мянга давуулж, төрийн өмчийн хэмжээ ДНБ-ээс даруй 10 их наядаар давахдаа дийлэнх нь биднийг өрөнд оруулах байдлаар зээл тавьж, дарга нарыг тансаглуулсан статистик үзүүлэлт Монголбанкны тайлан мэдээнд зурайж байна. Монголд 72 төрлийн 551 халамж байна гэх. Харин https://ehalamj.mn/ -д байгаагаас харвал 730 халамжийн үйлчилгээ дурайж байнам. Энэ тэгээд ариун явдал уу?
ХАЛАМЖТАЙ ХУЛГАЙЧ…
Автобус руу орох гэж буй өндөр өсгийттэй бүсгүйг халамжлан түшиж байгаад халаасыг нь ухчихдаг… “Ах нь тусална” гээд айлын хүүхдийн цүнхийг ухаад утсыг нь авчихдаг аль эсвэл хөл нь маажигнасан хөгшидийн хүнсийг аваад зугтчихдаг бага гарын халаасны, ахуйн хулгайчдын тухай энд яриагүй. Бусдын хүйтэнд хөрж, халуун халж өсгөсөн малыг туугаад үгээгүй гуйранчдад өглөг болгон тарааж өгдөг сайн эрсээс эхлэлтэй өнөө цагийн төсвийн хулгайчдын тухай энд ярьж байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс үхсэн хүний нэр дээр мөнгө завшиж байсан сайд, дарга нарын хэрэг шалгагдаж байсныг бид мэднэ. Түүнтэй адилаар байхгүй болсон журмаар гадны сургуульд хүүхдээ явуулах гэж байгаад баригдсан нөхөр биднийг төлөө нэрийдлээр зөөврийн устай усан оргилуурыг 3 тэрбумаар барьсныг бид мэднэ. Залуусыг ирээдүйдээ итгэх итгэлтэй болгох сургалт гэгчээр хүн тус бүрт 500 мянган төгрөг олгох сургалтыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийсэн. Энэ засаг цар тахлын үед 8 саяын эмчилгээний зардал, эм, маск гээд халамжаар угжиж “алангаа” алдсан. Үр дүнд нь эдийн засаг -5 хувьд хүртлээ агшсан. Өнөөгийн бидний халамжийн, данхар төр үүсч, хүчирхэгжихэд Ю.Цэдэнбал, Х.Чойбалсангийн нөлөө огтоос байсангүй. Харин хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгө гэхчилэн халамжийн авторууд болох төр эдийн засгийг зохицуулах, халамж олгох шаардлагатай гэж үздэг социал демократуудтай холбоотой.
ХАЛАМЖГҮЙ ХАЛАМЖ…
Сургууль, цэцэрлэгийн багачуудын хоолыг төр дааж байна. Үнэндээ аав, ээжийнх нь халааснаас авсан мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг багачуудад өгдөг. Өнөөдөр тэдний өгч байгаа хоолны мөнгө шаардлагатай амин дэм, хүнс тэжээл болохгүй байгааг бүгд учирладаг ч “Төрөөс үнэгүй өгч байгаа юм” гэж өөрсдийгөө тайвшруулдаг. Ялгаа байхгүй ахмадад сар болгон олгодог хөнгөлөлттэй эмийн жагсаалт. Эм нийлүүлэгчид ахмадад хайртайдаа хөнгөлөлт үзүүлээд байгаа бус зөрүүг нь төрөөс авчихдаг болохоор энэ ажлыг дуртайяа хийнэ. Зөрүүг нь төр төлөөд байгаа биш, бидний даатгал, татвараас л өгөөд байгаа хэрэг. Төрөөс үнэгүй боловсрол олгож, төрийн эмнэлгүүдээр үнэгүй эмчилгээ үзүүлж байна гэх. Гэтэл өнөөдөр төсвөөс санхүүждэг төрийн сургууль нь хүрэлцээгүйн дээр хэзээ багшлах боловсон хүчингүй, сургалтын чанарын талаар яриад ч хэрэггүй бол эрүүл мэндийн салбар нь элгээрээ хэвтчихсэн. Шаардлагатай оношлогоо хийлгэхийн тулд байдгаа шавхаад хувийн эмнэлэгт хандах жишээтэй. Эрүүл мэндийн үйлчилгээ авна гээд даатгал төлөөд л байдаг эцсийн мөчид хувийн эмнэлэг л барааддаг хачин тогтолцоотой. Өнөөдрийн төрийн оролцооны үр дүнд бий болсон агаар, хөрсний бохирдлоос болоод бид хорт хавдараар дэлхийд тэргүүлж буй бөгөөд түүнийгээ эмчлүүлэхийн тулд биенээсээ хандив цуглуулдаг. Энэ байдал яван явсаар хандивын тоглолтууд зохион байгуулахад хүрэв. Хандивт оролцоогүй "од" ч олдохоо байв. Төрийн үзүүлж буй халамжгүй халамжаас хамаагүй дээр зүйл нь сайн дурын өглөг гэдгийг үүнээс бид хангалттай мэдэж байна. Халамжийн системийг үгүй хийчихээр халамж зайлшгүй шаардлагатай хүмүүсийг яах болж байна гэж уурладаг хүмүүст монголчуудын амьдрал бэлэглэсэн хэдэн зуугаар тоологдох хэцүү өвчнөөсөө салсан эдгэрэгсэд хариулт болно. Дээр нь хандивын залилан хийгээд буй хэргийн тоонд үзүүлэлт нэмэр болно. Бүх халамжийг зогсоох нь мэдээж өрөөсгөл. Харин тэдний нэрийг барьж биднээс 100 төгрөг татаад эмзэг бүлгийнхэнд 20 төгрөгийг нь өгөөд үлдсэнийг нь өөрсөддөө зарцуулаад буй халамжгүй халамжийг устгах тухай л энд ярьж байна. Халамжийг хараал идээсэй.
АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭРИЙН ӨВГӨН БУРУУТАЙ
Өвгөний торонд орсон алтан загас амьд үлдэхийн тулд хүссэн болгоныг нь биелүүлэхийг зөвшөөрнө. Өвгөнийг төр гэж үзвэл алтан загас татвар төлөгч болно. Харин эмгэнийг халамж хүсэгч гээд бодоход асуудал хялбархан ойлгогдоно. Үлгэрт л тийм зүйл байж болох ч бидний амьдралд яг ийм зүйл болоод байгаа учраас үүнийг ойлгоорой. Одоо тэгвэл өнгөрсөн хугацаанд Монголд хэрэгжсэн ноолуурын мөнгө, залуу гэр бүлийн мөнгө бидэнд хэрхэн балаг тарьсаныг эргээд харцгаая.
2008 онд “Монгол Улсын Хөгжлийн Сангаас хөрөнгө зарцуулах тухай” хуулийг батлан гаргаж, нэг килограмм ноолуур тутамд 5000 төгрөг, нийт 30.5 тэрбум төгрөгийг малчид болон мал бүхий иргэдэд олгожээ. 2001 онд төсвөөс нийгмийн халамжийн зардалд 13 тэрбум 665.4 сая төгрөг зарцуулж байсан бол 2004 оноос хойш төсвийн нийгмийн халамжийн зардал их хэмжээгээр өсч, 2009 онд 228 тэрбум 344.5 сая төгрөгт хүрсэн нь 2001 оны хэмжээнээс даруй 16.7 дахин их байна. Харин дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын жил болох 2009 онд тус сангийн зардал дөнгөж 7.3 хувиар өссөн бол 2010 онд 57.1 хувиар огцом буурчээ.
Зургаас харахад шинэ гэр бүлд бэлэн мөнгө тараах тогтоол гарсан 2006 онд шинээр бүртгүүлсэн гэр бүлийн тоо өмнөх оноос 3.3 дахин нэмэгдэж, 49 мянгад хүрсэн байна. Энэ тооны цаана хуурамч гэрлэлт олноор байсан гэдгийг 2006 оноос хойш эрс өссөн гэр бүл цуцлалтын тоо нотлон харуулж байгаа юм. Тодруулбал, 2004 онд 1.1 мянган хос гэр бүлээ цуцлуулж байсан бол гэр бүлийн мөнгөн тэтгэмж олгохоо больсон 2011 онд 3.2 мянган хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь 2004 онтой харьцуулахад бараг 3 дахин их тоо билээ.
ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАЛАМЖ МӨН, БИШ?
2009 онд хүүхдийн мөнгө, шинэ гэр бүл, шинэ төрсөн хүүхдийн мөнгө тарааж эхэлснээр оны эхний сард Улаанбаатар хотод инфляцийн түвшин 22.1 хувьд хүрч байжээ. Харин 2010 оны хоёрдугаар сараас эхлэн “Хүний хөгжлийн сан”-гаас иргэн бүрт 70 мянган төгрөг олгож эхэлснээр нэгдүгээр сард 5.7 хувь байсан инфляцийн түвшин 8.3 хувьд хүрсэн байх юм. Мөн 2011 оны нэгдүгээр сараас иргэн бүрт 21 мянган төгрөг олгож эхэлсэн нь оны эхний нэг сард инфляци гурван хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.8 хувиар өсөхөд нөлөөлжээ. Өнөөдөр ч хүүхдийн мөнгө халамж мөн биш гэж бид маргалдаж байна. Та хэн бэ гэдгээс хариулт нь тодорхой болох тул асуултыг нээлттэй үлдээе.
ХАЛАМЖИЙН МӨНГӨӨР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Өнгөрсөн оны төсөв, хулгай энэ тэрийг ярьвал нэг бол оролцогч эсвэл тролл, адаглаад худалдагдсан гэж хараалгахын дээр нарийн тоо баримт алга тул агуулга нь ижилхэн, ашиг сонирхол нь хуучирсан 2010 оны жишээг авъя. Монгол Улсын Засгийн Газрын тайлангаас үзэхэд 2010 онд улсын төсвийн хөрөнгөөр Ховд аймагт 520 суудалтай сургуулийн барилгыг 707.3 сая төгрөгөөр, Улаанбаатар хотод 100 ортой цэцэрлэгийн барилгыг 360 сая төгрөгөөр, Баян-Өлгий аймагт 20 ортой эмнэлгийн барилгыг 356.0 сая төгрөгөөр тус тус барьсан аж. эгвэл 2011 оны төсвөөс нийгмийн халамжийн зардалд зарцуулсан 128,354.4 сая төгрөгийг тооцоход хэрэв нэг эмнэлэг, сургууль, цэцэрлэгт ойролцоогоор 600.0 сая төгрөг зарцуулна гэж үзвэл Монгол Улсын хэмжээгээр 214 эмнэлэг, сургууль, эсвэл цэцэрлэг барьчих боломж байжээ. Тэгэхээр иргэдэд тараасан бэлэн мөнгийг бодит хөрөнгө оруулалтад зарцуулсан бол хойч үе маань сургууль, цэцэрлэгтэй, иргэд нь ажлын байртай болж, тэдний амьдралын сайн сайхан байдал илүүтэйгээр хангагдах байсан талаар бичигч бус МУИС-ийнхан судалсан аж.
ХҮНД АЧАА
Одоо өнөөгийн жишээг харцгаая.
"Халамжаас хөдөлмөрт" гэж хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ч Монголын төр халамж үзүүлдэг. Тиймээс өшөө илүүг нурших нь утгагүй. Нийт хүн амын 200 гаруй мянга нь хилийн чанадад хөдөлмөрлөж, сурч байгаа бол 300 мянга орчим төрийн албан хаагчид гэж тооцвол Монголд нэмүү өртөг бүтээдэг хөдөлмөр эрхэлж буй нэг хүнд 10-15 иргэнийг халамжлах даагдашгүй хүнд ачаа оногдож байна. Төрөөс та ямар нэгэн байдлаар халамж авч л байгаа бол бусдын хөдөлмөрийг шулагч гэж болно. Их багын тухай л ярина уу гэхээс адилхан хулгайч билээ. Хэрэвзээ халамж хүртэгч биш л бол бусдын төлөө зовох нь зөв гэж боддог тэнэг биш гэдэгт итгэнэм.
Ганаа 2024-09-18 66.181.185.141
ӨНӨӨДӨР ӨГЧ БАЙГАА НЬ САЙХАН ЮМ ШИГ ХЭРНЭЭ ИРЭЭДҮЙД УЛСАА ХҮЧГҮЙДҮҮЛЖ УНАГАХ БОДЛОГО, ЭНЭ СЭТГҮҮЛЧ МАШ ЗӨВ БИЧСЭН БАЙНА.
Иргэн 2024-09-18 103.99.103.99
Дээр бичсэнтэй санал нийлэх зүйлс их байнаа. Шийдвэр гаргагч гээд байгаа Төр Засгийнхан үүнийг уншиж, дорвитой буюу алсыг харсан зөв алхам хийгээсэй. Ичихгүй юмаа. Үнэхээр чадахгүй бол удахгүй ард түмэн босоход бэлэн болж байх шиг байна доо.
Монгол хүү 2024-09-18 64.119.29.63
МОНГОЛЫГ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГУЙЛГА ГУЙСАН ГУЙЛГАЧИН БОЛГООД УСТГАХ БОДЛОГО БОЛ ХАЛАМЖ НЭРТЭЙ АСАР ХӨНӨӨЛТЭЙ АЛСЫН БОДЛОГО МОНГОЛД ХЭРЭГЖЭЭД 30 ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БАЙХАД БИД Ч ЮУ БАЙХАВ УИХ-ын гишүүд л энэ ХАЛАМЖ ГЭСЭН НЭРИЙДЛЭЭР ЯДУУ СОНГОГЧ НАРТ ӨГӨӨМӨР ХҮН БОЛЖ ХАРАГДАХЫН ТУЛД БИДНЭЭС ТАТВАРЛАН АВСАН ХЭДЭН ТӨГРӨГИЙГ ГАРЫН САЛААГААР САНАААНЫХАА ЗОРГООР ЦАЦАЖ ХӨДӨЛМӨР ХИЙЖ ӨНДИЙХ ГЭЖ ЯДАЖ БАЙГААГАА ШУДАРГА МОНГОЛ ХҮНИЙГ ШУЛАН МӨЛЖИЖ МОНГОЛ ХҮНИЙ НЭР СҮРИЙГ ГУТААН ГУЙЛГА ГУЙСАН ГУЙЛГАЧИНГУУДАД ТАРААХ
Нэргүй 2024-09-18 103.212.116.208
тийм