Үсээр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна

FASHION

Үсээр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна

Үсээр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна

Дэлхийн афрогийн өдөр есдүгээр сарын 15-нд тохиодог бөгөөд найм дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байна. Байгалиасаа өтгөн, буржгар ургадаг, ихэвчлэн өнгөт арьстнуудад заяадаг үсийг афро гэнэ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн нэгэн адил афро үстнүүд ч бас ялгаварлан гадуурхалтад өртдөг аж. Тиймээс энэ жилийн афрогийн өдрийг угтан 100 гаруй идэвхтэн Их Британийн засгийн газарт хандан нээлттэй захидал бичиж, гарын үсгээ цуглуулцгаажээ.

Тэд Их Британийг үсээр ялгаварлан гадуурхахаас хамгаалсан хуультай барууны анхны улс болгохыг хүсч байна.

АНУ-ын 27 муж үүнтэй ижил төстэй хууль тогтоомжийг хэдийнэ баталсан. Тодруулбал, 2019 онд Калифорнид "Crown Act" нэртэйгээр анх батлагдсан аж. Тус хуульд үсээр ялгаварлан гадуурхахыг хориглож, буржгар, долгионтой төрөл бүрийн үсний талаар гоо сайхны сургуулиудын сургалтын хөтөлбөрт багтаах тухай тусгажээ.

Их Британийн засгийн газарт илгээсэн захидалдаа идэвхтнүүд 2010 оны Тэгш байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан, байгалийн буржгар эсвэл ороомог маягийн үсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалахыг уриалжээ. Одоо үйлчилж буй Тэгш байдлын тухай хууль нь хүмүүсийг арьс өнгө, хүйс, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхахаас хамгаалдаг.

Энэхүү захидлыг олны танил алдартнууд ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Английн дуучин, жүжигчин Беверли Найт, тулааны урлагийн мастер, хувийн дасгалжуулагч Патрик Хатчинсон, парламентын гишүүн Паулет Хэмилтон, "Spice girls" хамтлагийн дуучин Мел Б нар нэгджээ. Мел Б л гэхэд үснээсээ болж хэрхэн ялгаварлан гадуурхагдаж байсан тухайгаа болон Дэлхийн афрогийн өдрийн талаарх байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Өнгөт арьстнуудыг үсээр ялгаварлан гадуурхах нь боолын наймаанаас улбаатай. Өдгөө боолын наймаа үгүй ч Их Британид тоолж баршгүй олон өнгөт арьстнууд ажил, сургуулийн орчинд үсээр ялгаварлан гадуурхалттай тулгарсаар байна. Идэвхтнүүдийн захидалд дурдсанаар өнгөт арьст британичуудын 98 хувь нь ажлын талбарт бусадтай дасан зохицож, учраа олохын тулд үг яриа, гадаад төрх, үс засалтаа анхаарах, өөрчлөх шаардлагатай тулгардаг гэжээ.

АНУ-д дээрхтэй ижил төстэй хууль хэдийнэ хэрэгжээд эхэлснийг дээр дурдсан билээ. Нью-Йорк мужийн амбан захирагч шинэ хуулийн төсөлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарын үсэг зуржээ. Шинэ хуулийн дагуу гоо сайхны сургуулиуд тусгай зөвшөөрлөө авахын тулд бүх төрлийн бүтэцтэй үсэн дээр ажилладаг байх ёстой болсон. Ингэснээр афро үстэй хүмүүсийн хэрэгцээ үл тоомсорлогдохгүй ба шулуун үсэнд л голчлон анхаардаг буруу ойлголт арилна.

Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард "S6528" гэх хуулийн төсөл бүрэн хүчин төгөлдөр болсон. Хууль хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд гоо сайхны сургуулиуд шинэ шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө шинэчилжээ.

"Гоо сайхны салбарын өнөөгийн стандартууд нь янз бүрийн үсний бүтэцтэй ажиллахад мэргэжлийн хүмүүсийг хангалттай бэлтгэдэггүй. Энэ нь өөрсдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг олоход бэрхшээлтэй тулгардаг өнгөт арьст эмэгтэйчүүдэд нөлөөлдөг. Шинэ хууль нь гоо сайхны мэргэжилтнүүдэд бүх төрлийн үсний бүтэцтэй ажиллах боломжийг олгох замаар дээрх бэрхшээлийг арилгахад чиглэнэ" гэж Нью-Йорк мужийн сенатор Жамаал Т.Бэйли хэлжээ.

Хэдийгээр 20 муж улс хууль тогтоомжийг баталсан ч АНУ-д үсийг ялгаварлан гадуурхахыг холбооны түвшинд хориглодоггүй. Өнгөрсөн онд хийсэн судалгааг харвал сүүлийн хэдэн жилийн хугацаанд зарим ахиц дэвшил гарсан хэдий ч үсээр ялгаварлан гадуурхах нь өнгөт арьст эмэгтэйчүүдэд тулгардаг эмзэг сэдэв хэвээр байна. Судалгаанд 2990 эмэгтэй оролцжээ. Судалгааны дүнг танилцуулбал:

  • Өнгөт арьст эмэгтэйчүүдийн үсийг мэргэжлийн бус гэж үзэх магадлал хоёр дахин их байсан. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь ажлын ярилцлагад орохдоо шулуун үстэй очихыг илүүд үздэг гэжээ. Мөн гуравны хоёр нь ажлын ярилцлагад орохын тулд үсний засалтаа өөрчилсөн байна.
  • Судалгаанд хамрагдсан 25-34 насны өнгөт арьст эмэгтэйчүүдийн тавны нэг нь үснээсээ болж ажлаасаа гарсан.
  • Харин дөрөвний нэг нь үснээсээ болж шинэ ажилд орохоос татгалзсан.
  • Мөн өнгөт арьст эмэгтэйчүүдийн хувьд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад гадаад төрхөөсөө болж хатуу шүүмжлэлд өртөх магадлал нь 83 хувиар илүү байжээ.

Ялгаварлан гадуурхалтыг тэсч, давж гарахын тулд тэд үс засалтаа өөрчлөх, янз бүрийн бүтээгдэхүүн турших зэрэг арга хэрэглэнэ. Гэвч тэдний үсэндээ хэрэглэдэг зарим бүтээгдэхүүн нь хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг 2015 онд судалгаагаар тогтоожээ. Тэдний байнга хэрэглэдэг үс шулуутгагч бодис нь химийн хортой нэгдэлтэй болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: ESSENCE, BUSINESS OF FASHION, HARVARD BUSINESS REVIEW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-09-18 192.82.66.30

цус холилдон цагаач иргэдийг авч Англи улс холион бантан болж байгаа нөгөө их ихэмсэг язгууртан цагаан арьстан гэж ярьдаг гарууд ш тэй улс орнуудыг боолчилж байсан орон одоо бол үйлийн үрээ эдэлнээ ямар ч хүнийг ялгаварлан гадуурхаж болдоггүйн тод жишээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж